Хямдхан байвал сайнсан
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнийг кв тутамд нь таван төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хэрэглэгчид нэмэгдсэн өртгөөр энэ сард цахилгааныхаа мөнгийг тушаасан байх учиртай. Наймдугаар сард үнэ нь албан ёсоор нэмэгдсэн гэж тооцвол шүү дээ. Гэтэл ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн гурван ч заалтыг зөрчсөн хэмээн үзэж, хэд хэдэн байгууллагыг орлогын 0.5 хувиар торгосон. Мөн нэр бүхий албан тушаалтнуудыг цалингийн хувиар торгоод байгаа. Тэгвэл ШӨХТГ-ын энэ шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос буруутгаж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийлээ хэмээн буруутгав.

Тэдний хэлж байгаагаар бол цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тогтоох эрх ЭХЗХ-нд л байдаг аж. Тийм болохоор хэнээс ч хараат бусаар үнээ нэмэх эрхтэй юм байна. Энэ эрхийнхээ хүрээнд цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмсэн гэнэ. Тэгээд ч эрчим хүчний компаниуд нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанаас 2012 онд 66.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн Дулааны цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нүүрс нийлүүлж буй томоохон уурхайнууд болох “Багануур”, “Шивээ- Овоо” ХК өнгөрсөн онд нийт 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа аж.

Түүнээс гадна одоогийн байдлаар төвийн бүсийн хэмжээнд нэг кВт. цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 145 төгрөгт байгаа. Гэсэн ч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 105 төгрөг буюу бодит өртгөөс 40 төгрөгөор доогуур, дулааны эрчим хүчийг өөрийн өртгөөс нь 2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд борлуулж байгаа гэдгийг мэдэгдээд байгаа юм. Ер нь манай олон байгууллага, тэр дундаа цахилгаан станцууд байнга алдагдалтай ажиллаж байгаагаа гайхдаг. Өр нь ч талийгаад өгсөн. Ингээд бодохоор цахилгаан, эрчим хүчний үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээс өор арга байхгүй. Ерөнхийдөө зах зээлийн хуулийнхаа дагуу л явна гэсэн үг л дээ. Гэхдээ одоохондоо сул тавьчих боломж манай улсад алга. Эхнээсээ л барих маягтай явсан үнийг гэнэт суллачихвал иргэдийн нуруун дээр ирэх ачаа асар хүндэрч таарна шүү дээ. Ер нь бол хямдхан байвал сайн л байна.

 Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлснээр сард 150-200 кВтц хэрэглээтэй айл өрхийн сарын төлбөр 750-1000 төрөгөөр нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Магадгүй хамгийн багаар нь хэлж байгаа байх. Өнөөдөр цахилгааны төлбөрийг яаж бичээд байгаа нь ойлгогддоггүй. Зарим нь бараг таамгаар бичдэг. Заримдаа цахилгааныхаа үнийг тогтмол төлдөг иргэдийн төлбөр дээр өч төчнөөн төгрөг нэмээд байх шиг л байдаг юм. Тийм болохоор бага ч болов нэмэгдэхэд л тэртээ тэргүй сөхрөх гээд байгаа иргэд мөлхөх дээрээ тулах нь. Одоогоор өрнөөд байгаа хоёр байгууллагын хоорондын асуудлыг аль алийг нь буруутгах арга алга. ШӨХТГ-ын үйлдэл нэг талаараа зөв. Хууль журам гэж байгаа. Иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг тооцох ёстой. Нөгөө таааас байнга алдагдалтай ажиллаад байгаа нь үнэн бол цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудаа ч бодох цаг болсон. Тэгэхгүй бол бас л элгээрээ мөлхөх гээд байдаг. Асуудал ийм л ээдрээтэй болчихоод байна. Гэхдээ эцсийн эцэст хямдхан байсан нь ард түмэнд  дээр шүү дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.