Ө.Энхтүвшин: Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникийг сайжруулахад онцгой анхаарна
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт “Эко алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усанд шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байлаа. Ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Та бүхэнд баяр хүргэе. Манай аврагчид сайн ажиллаж байгаа. Хүнд нөхцөлд хамгийн түрүүнд та бүхэн явдаг. Гал, ус, өвчин зовлон, газар хөдлөлт, зуд турхан, ган гачиг, салхи шуурганаас эхлээд иргэд төөрөхөд ч та бүхэн явдаг.

Тиймээс та бүхний нэр хүнд өндөр байгаа. Эко Алтан Заамар” суманд 2019.02.28-нд осол болсон. Үндсэндээ есөн өдөр ажилласан. Би газар дээр нь очсон. Маш амаргүй нөхцөлд ажилласан. Мөсөн доогуур бас хана нурах эрсдэл өндөр байсан. Үүнээс айлгүйгээр цэргийн хүний хувьд өгсөн даалгаврыг ямар нэгэн тайлбаргүйгээр шуурхай гүйцэтгэсэн.

Эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байсан та бүхнийг шагнуулахаар Ерөнхийлөгчид хандсан. Та бүхэнд баяр хүргэснийг уламжилж байна. Ерөнхийлөгч тодорхойлоод оруулаад ирвэл шийдвэрээ гаргана гэдгээ илэрхийлсэн. Машин техникээс илүү ажиллах хүч, аврах техник дутагдалтай байна. Тиймээс нэмэгдүүлэх, сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн бэлэн байдлыг бүрэн хангахаар ажиллаж байна. Цаашид сайн сайхныг ерөөе" гэлээ.

Харин Онцгой байдлын алба хаагчид "Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хувцас хэрэглэл, багаж хэрэгсэл дутмаг байдаг учраас цаг алддаг. Шумбалт хийлээ гэхэд нэг хувцсанд дугаарлах хэрэг гардаг. Тиймээс хувцас хэрэглэлийг сайжруулж өгвөл үүрэг гүйцэтгэх байдал сайжирна.

Жишээ нь, Архангай аймгийн Өгий нуурт 20 албан хаагч гүний шумбалтын бэлтгэл хийхээр 4 усны хувцасны ком авч явсан. 20 албан хаагч 4 хувцсыг дундаа хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв энэ хооронд онцгой нөхцөл байдал үүсвэл хувцас хэрэгслийн дутагдал үүснэ” гэлээ.

Үүний хариуд Ө.Энхтүвшин сайд “Гүний усанд шумбахад хувцас хэрэглэл дутагдалтай байгааг би харсан. Эхний ээлжинд ямар төрлийн хувцас хэрэгтэй байгаа жагсаалтаа гаргаад өгвөл Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх болно” гэж хариулав.

ОБЕГ-ын дарга  Т.Бадрал “Онцгой байдлын газрын ажил аврагч, гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. “Эко алтан заамар”-ын ослын газарт ажилласан 36 алба хаагчийнхаа шагналын тодорхойлтыг Шадар сайдад гардуулж өгч байна” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.