Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 16-35 насны хүүхэд, залуучууд үйлдэж байна
Цагдаагийн байгууллага тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оролцоо дэмжлэгийг авах зорилгоор 2018 онд “Хуулийн хэрэгжилт”, “Хүүхэд хамгаалал”, “”Хуулиа мөрдье”, “Бяцхан зорчигч”, “Unfrend”, “Цахим орчинг зөв болгоё” зэрэг нэгдсэн болон тусгай арга  хэмжээ, аяныг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой өрнүүлж, амжилттай зохион явуулсан.
 
Сүүлийн 5 жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 30 хувийг жил бүр тогтвортой эзэлж, энэ гэмт хэргийг ихэвчлэн 16-35 насны хүүхэд, залуучууд үйлдэж байна.
 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг ихэвчлэн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан, зодолдох, уур бухимдлыг хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, гэмт хэрэг зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах шийтгэлийн талаарх иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэж байгаа болно.
 
Цагдаагийн ерөнхий газар “JCI” төрийн бус байгууллагатай хамтран хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сард “Нэг хором” аяныг зохион байгуулан явуулж байна.
 
Энэ арга хэмжээний нээлт 03 дугаар сарын 05-ны өдөр “UB” паласийн их танхимд 4000 оюутан, залуусыг хамруулан олны танил, нэр хүнд бүхий улс төр, нийгэм, бизнес, урлаг, төрийн байгууллагын нэр бүхий эрхэмүүдийг урьж илтгэл, мэдээлэл, зөвлөгөөг өгсөн.
 
Аяныг үргэлжлүүлэн хүн ихээр төвлөрдөг “Нарантуул” Олон Улсын худалдааны төв, “Хар хорин” худалдааны төвд аяны зорилго, сэрэмжлүүлэг, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах юм.
 
 
Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны  өдөр 14.00 цагаас эхлэн “Хар хорин” худалдааны төвд “Нэг хором” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
 
Арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, “Хар хорин” захын удирдлага, Баянгол дүүрэгдүүрэг цэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд урилгаар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөллүүд ирэх бөгөөд Соёл урлагын дээд сургуулийн оюутнууд урлагын тоглолт үзүүлнэ.
 
Мөн иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж өгнө.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.