Б. Ууганцэцэг: Багш нар зөвхөн хандлагаа өөрчлөх л үлдлээ
Энэ жил боловсролын салбарт хийгдсэн нэгэн том алхам бол орон даяар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийг дүгнэх үнэлгээ, сурах бичиг гээд цогцоор нь шинэчилсэн энэ алхамыг багш нар хэрхэн хүлээн авч байгаа талаар нийслэл, орон нутгийн багш нараас асуусан юм. Энэ удаад Дундговь аймгийн Луус сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Ууганцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна.

- Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  өмнөхөөс  давуу болон онцлогтой тал нь  юу байна?

- Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 сургуульд туршиж сайжруулсан. Тэгээд үр дүнг нь хараад энэ жилээс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Хичээл эхлэхээс өмнө мөн бага ангийн багш нарт гурав хоногийн сургалт зохион байгуулж, цөм хөтөлбөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Энэ бол үнэхээр зөв алхам болсон. Ямар ч шинэчлэл, ямар ч бодлого гарсан бай багш л гүйцэлдүүлж, хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр юун түрүүнд багшдаа ойлгуулж, мэдүүлж байгаа нь маш зөв байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын менежерийн гүйцэтгэх үүрэг маш их юм байна. Тиймээс багш нарынхаа хандлага, арга зүйг шинэчлэх үйлсэд нь туслах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн ахиц, өөрчлөлтийг судлах гэх мэт надад хийх ажил их байна. Өөрийн эрхгүй өмнө нь яагаад ингэж хийж болоогүй юм бэ? л гэж бодогдож байна.

- Шинэ хөтөлбөрөөр хичээллээд ямар үр дүн гарах бол?

- Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол багшид зориулсан ном  гарын авлага, арга зүй, хөтөлбөрийг нэгд нэгэнгүй сайн боловсруулсан байна. Багшид одоо зөвхөн хичээл зүтгэл хандлагаа  л өөрчлөх  үлдсэн байна.Багш бүр арга зүйдээ шинэчлэл хийж чадсанаар өөрийгөө болон сурах арга барил эзэмшсэн сурагчдыг төлөвшүүлж чадна. Өөрөөр нь хийлгэж, өөрийнх нь санаа бодлыг сонсч, өөрийнх нь мэдэх хүслээр дамжуулан мэдлэг олгоод эхэлхээр хүүхэд бүр өөртөө итгэлтэй, сурах хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх сурах арга барилтай болж чадна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.