Цэрэгт хүүгээ явуулах, цэцэрлэгт хүүхдээ өгөхөөс айдаг болов
Энхийн цагт хүүгээ эр цэргийн албанд мордуулах, эрүүл саруул орчинд өсөн торних бяцхан үрээ эрэмдэг зэрэмдэг болгохоос эцэг эхчүүд айдаг болов. Ямар нийгэмд яаж, аж төрж амьдраад байгаа юм бэ.

Сайхан эр хүн болоод ирнэ гээд хүүгээ цэргийн албанд мордуулсон хүүгийнхээ шарилыг хүлээж авна гэж хэн бодож төсөөлөх билээ. Ёстой зүүдлээ ч үгүй явсан байлгүй дээ. Энэ он гарсаар ойрхон зайнд хоёр цэрэг харамсалтайгаар амиа алдав. Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан хүүг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргаж, ар гэрийнхнийг нь цөхрүүлэв.

Эр цэргийн баярын өдөр энхрий хайртай хүүгийнхээ амийг нэхэж, Батлан хамгаалахын яамны гадаа ар гэрийнхэн нь суулт хийсэн ч амжилт олоогүй юм. Тэднийг тоосонгүй, бүр хүлээж ч аваагүй юм билээ. Жирийн ард иргэдэд хаалттай салбар гэж шүүмжилж байна.

Увс аймгийн Баруунтуруунд алба хааж байсан байлдагч ОХУ-ын Тувагийн хил гараад мөн харамсалтайгаар амиа алдав. Хүүгээ алдсан эцэг эх дээлэндээ хатаж, дэрсэнд бүдэрч явна.

Өнөөдрийг хүртэл шүүх шинжилгээний эцсийн дүн нь гарч ирээгүй тэд өнөө маргаашийг аргацааж, үнэн мөнийг олохын төлөө явж байна. ОХУ-ын хууль хяналтын газар болон манай тагнуулын байгууллага шалгаж байгаа хэрэг болохоор тэр бүр мэдээлэл байхгүй байгаад хөөрхий ээж нь халаглаж ярьсан байна билээ.

Энэ мэтчилэн энхийн цагт эр цэргийн албанд хүүгээ хүн шиг хүн болгохын төлөө, эр зоригтой эрэмгий дайчин хүн болгож төлөвшүүлэхийн төлөө мордуулсан хөвгүүд нь өнөөдөр алга. Гэрт зураг, зул хоёр үлдсэн байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Одоо эцэг, эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахаас айж эмээдэг болов. Үхлийн газар руу явуулахгүй гэдэг болж. Эрүүл саруул хүүг нь цэргийн дэгээр зодож дарамталж амийг нь хохироочихоод өвчний улмаас амиа алдсан. Өөрөө амиа хорлосон мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч төөрөгдүүлэхээ больчих хэрэгтэй дээ.

Тэрнээс гадна эцэг эхчүүд бага насны хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс ч айдаг болжээ. Хамгийн аюулгүй гэж боддог орчин нь аюултай болжээ.Ажилтай орлоготой байхын тулд эцэг эхчүүд цэцэрлэгт хүүхдээ өгдөг. Гэвч хүүхэд цэцэрлэгт явснаас үүдэн эрүүл мэндээрээ хохирч хоцорсон асуудал гарсаар байна.

Цэцэрлэгийн орчинд өчнөөн ёс бус үйлдэл гарч хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон явдал бий. Одоогоос хэдэн жилийн өмнө хувийн цэцэрлэгийн багш 3 настай хүүг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар зодож шийтгэсэн байдаг.
Түүний дараа мөн л улсын цэцэрлэгт хүүхдийг нь сахилгүйтлээ гэсэн шалтгаанаар зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан.

Мөн хувийн цэцэрлэгийн бага бүлэгт явдаг байсан хүүхдийг багш нь “өмдөндөө шээж баалаа” гэсэн шалтгаанаар халуун усанд суулгаж орхисноос болж бөгсөн биеийг нь бүхэлд нь түлж байсан хэрэг одоог хүртэл намжаагүй, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байна.

Тэгвэл саяхан болсон харамсалтай хэрэг байна. Хариуцлага өндөртэй улсын цэцэрлэгт өгсөн 4 настай хүүгийн хоншоорын яс нь цөмөрчээ. Тухайн үед багш нь эмчид хандалгүй зөвхөн цусыг нь угаагаад унтуулахыг оролдсон байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сарын 04-нд 4 настай хүүг улсын 129-р цэцэрлэгт хүргэж өгсөн өглөө дээрх тоогүй зүйл болжээ. Цэцэрлэгийн камер яг хүүгийн унаж байгаа , эсвэл сандал мөргөж байгаа эсвэл хэн нэгэн хүүхэдтэй тоглон бие биенээ түлхэн унагасан эсэхийг гэрчлэн харуулах боломжгүй байгаа юм.

Хүү эрүүний түүшин сэртэнгийн хугарал гэсэн оноштойгоор бэртжээ. Гэвч улсын 129-р цэцэрлэгийн зүгээс эмчид хандаагүй эмнэлэгийн үйлчилгээ үзүүлээгүйгээр барахгүй энэхүү ослын талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь тухайн өдрийн 14.00 цагт саяхан ийм зүйл боллоо хэмээн дуулгажээ. Тэр хүртэл хүүгийн хоншоор яс нь цөмөрчихөөд байхад зөвхөн цусыг нь угааж унтуулахыг завдаж байсан гэдгийг хүүгийн аав ярьжээ.

Тэрбээр “Цэцэрлэгээс хүүг эмээ өвөө нь очиж авсан. Харин би оройн 21.00 цагт ирэхэд хүүгийн шүд зуугдахгүй илтэд өөрчлөлттэй байсныг хараад л анзаарч тэр даруй гэмтлийн эмнэлэгт очсон. Маргааш нь хүүгээ хагалгаанд оруулсан. Энэ сард эмч нар дахин үзэж гэмтэл хүнд хэвээр гэмтсэн уутанцар нь даамжирсан хүүгийн бүх шүднүүдийг түүж авна гэсэн. Одоогоор ямар нэгэн хариу гараагүй байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүгийн гэмтлийг Хүндэвтэр гэж оношилсон. Хуулиндаа эрүү үүсгэх хангалттай нөхцөл байтал энэ хэрэг цагдаагийн байгууллага дээрээ хаагдсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Түүгээр ч зогсохгүй хариуцлага алдсан улсын 129-р цэцэрлэгээс нэг ч удаа уучлалт хүсэж , хариуцлага алдсанаа ухамсарлаагүй өдийг хүрсэн” гэв.

Аав ээжийн нялх үрийг асарч хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн ардын багш нар хариуцлагагүй үйлдэл гаргаж хараа хяналт алдагдсанаас өсөж өндийж яваа бяцхан үрс нэг насны өвчин зовиуртай болж үлдсээр байна.

Улсынх  ч байна уу, хувийнх ч байна уу хамаагүй, ямар ч байсан цэцэрлэгт бяцхан үрс минь эрүүл мэндээрээ хохирч үлдэх ёсгүй юм шүү.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • USER 2019-03-20 13:00:38
    NO WORDS
  • Ардка  2019-03-20 08:05:00
    Социализмын үед шөнийн ажилтай ээж аав нар хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгөөд амар тайван ажлаа хийгээд, ах нар 3 жилийн цэргийн албаа хааж болоод байсан даа