Г.Мөнх-Эрдэм: Ус бохирдуулсны нөхөн төлбөр байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Усны мониторинг зохицуулалтын хэлтсээс өчигдөр уул уурхай, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд усны хаягдлын сантай болох тухай мэдээлэл хийлээ. Усны хаягдлын сангийн тухай 2012 онд баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ус хэрэглэж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглэсэн усаа тодорхой хэмжээнд цэвэршүүлж байгальд нийлүүлэх эсвэл хаягдлын санд хуримтлуулж байгаад эргүүлж ашиглах гэсэн тодорхой үүрэг хүлээх болж байгаа юм. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүдээс ус бохирдуулсны нөхөн төлбөрийг авч эхлээгүй байгаа аж. Учир нь Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг тогтоож, ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал усны төлбөрийг тооцох журам, хөнгөлөх иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг гэж гарах ёстой.
 
Энэ ажил эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг судлах, монгол оронд хэчнээн ус бохирдуулагч байна вэ гэдэг судалгааг гаргах зэрэг асуудлаас болоод хүлээгдэж байгаа ажээ. Уг судалгааны ажил ирэх долоо хоногоос эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сард судалгааны үр дүнгээ танилцуулах ёстой юм байна. Байгууллагуудын ашигласан усны бүтээгдэхүүнд шингэсэн, ууршилтаар алдсан, нэгдсэн гэх мэт физик алдагдлыг хасаад үзвэл 60 орчим хувь нь хаягдал ус болдог. Цаашдаа тэр хаягдал усаа тодорхой хэмжээнд цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлэх юм бол нөхөн төлбөр төлдөг болно. Өөрөөр хэлбэл торгуультай болно гэсэн үг. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөр байх аж.
 
Ингээд БОНХЯ-ны Усны  мониторинг  зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх- Эрдэмээс дараахь зүйлийг тодрууллаа.
 
-Аж ахуйн нэгж, байгууллагуудад цэвэрлэх байгууламж байгуулах шаардлага тавьж байгаа гэлээ. Энэ цэвэрлэх байгууламж, хаягдлын санд ямар стандарт тавьж байгаа вэ?
 
-Байгальд нийлүүлэх хаягдал усны стандарт төвлөрсөн шугамд нийлүүлж байгаа хаягдал усны стандарт гэж бий. Өмнө нь стандарт биш, гурван яамны сайдын хамтарсан тушаалаар ажилладаг байсан. Одоо тэрийг стандарт болгон гаргаж байна. Зарим аж аж ахуйн нэгжүүд стандартыг амьдрал дээр мөрдөхөд хүнд, төвөгтэй байна гэсэн хариу өгч байна. Энэ бол үнэн. Яагаад гэхээр манайд цэвэрлэдэг технологийг оруулж ирж чадахгүй байгаа юм.
 
Бид өнгөрсөн онд Засгийн газарт гаалийн татвар, орлогийн албан татвараас чөлөөлөх ус цэвэршүүлэх, цэнхэршүүлэх, бохирдлыг бууруулдаг зарим бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгсөн. Тэгэхээр одоо эднийг гаднаас оруулж ирэхэд зардал харьцангуй багассан гэсэн үг. Дээр нь судалгаагаар аваад үзэхэд аливаа нэг бодисын зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. Аль ч аж ахуйн нэгж дээр очоод хаягдал усыг нь шинжлээд үзэхэд шууд байгальд нийлүүлэх юмуу төвлөрсөн шугамд нийлүүлэх стандартаас давдаг. Тэгэхээр энэ төвлөрсөн шугамд холбогдсон байгаа ус бохирдуулагчид нэлээд том асуудалд орж байгаа юм.
 
Эндээс гарч байгаа хаягдал ус шууд төв шугамаар дамжин төв цэвэрлэхэд очдог. Гэтэл төв цэвэрлэх байгууламжийн үндсэн зориулалт нь ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал усыг цэвэрлэх шүү дээ. Тэгэхээр үйлдвэрийн хаягдал яваад очихоор ачаалал нь ихэсч, хүчин чадал, эзлэхүүн нь дийлэхгүй болоод байгаа юм.
 
Хаягдлын сан тавигдах олон шаардлагатай. Нэгдүгээрт, хөрс рүүгээ нэвчихгүй байх ёстой. Хоёрдугаарт, хортой химийн элементүүдийг агаарт ууршуулдаг байж болохгүй гэх мэт. Хаягдлын сан тодорхой хэмжээгээр цэвэршүүлэх үйл ажиллагааг давхар хийнэ. Учир нь энд жинлэгдэх бодисууд тунаж үлддэг. Эндээс лаг үүснэ. Энэ лагийн хортой бодисыг саармагжуулж, хоргүй хаягдлыг хогийн цэгт аваачиж хаяна. Ийм үйл ажиллагааг бүх аж ахуйн нэгжүүдээс шаардаж байгаа юм. Аж ахуйн нэгж бүр яг энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт гаргах ёстой. Энэ нь нэгдүгээрт, байгаль экологид хоргүй, аюулгүй хаягдал гаргах ашигтай. Мөн эдийн засгийн хувьд хэмнэлт гарна.
 
Ус бохирдуулсны төлбөр төлөөд, стандарт хэмжээнд хүргэж чадахгүй нөхөн төлбөр төлөөд явахад хаягдлын сан, цэвэршүүлэх байгууламж байгуулснаас илүү зардал гарна. Тэрийг судалгаагаар гаргаад  байна.
 
-Хаягдлын сангаас гарч буй лагийг хэрхэн устгах вэ. Шууд байгальд гаргаж хаях юм уу?
 
-Хаягдлын лагийг заавал саармагжуулдаг. Тэр дотроос тодорхой хэмжээгээр дээж авч шинжилнэ. Шинжлээд  үзэхэд байгальд өөрийнхөө жамаар задрах, хоргүй, оргинк бодисууд, хүнд металууд, эсвэл аюултай бохирдуулах бодис бас байж болно. Үүнийг саармагжуулдаг бүх технологийг хэрэглэсний дараа хаягдлын цэг дээр хаяна. Мэдээж аж ахуйн нэгжийн хаягдлын сан дүүрээд ирэх юм бол цаашдаа тэр байгууллага үйл ажиллагаа явуулж чадахаа болино гэсэн үг. Учир нь хаягдлын сангийнхаа асуудлыг шийдэхгүй бол ус хэрэглэх, ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгохгүй. Ус хаях, зайлуулах зөвшөөрлийг монгол орны бүх сум, дүүргийн Засаг дарга нар олгохоор хуулинд заагдсан байгаа. Тэгэхээр Засаг дарга мэргэжлийн байгууллага /29 сав газрын захиргаа, устой холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд/-ын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгоно.
 
-Аж ахуйн нэгж, байгууллагууд хаягдлын сан байгуулах асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа бол?
 
-Арваад жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй өөр болсон. 2005 онд усны тухай хууль шинэчлэгдсэнээс хойш бүгд ус хэрэглэснийхээ төлөө тодорхой хэмжээгээр дүгнэлт, зөвшөөрөл авдаг болсон. Яг үүний дагуу бид хоногт 50-100 шоо метр, 100-гаас дээш шоо метр ус хэрэглэдэг бүх аж ахуйн нэгжүүдэд дүгнэлт гаргаж байгаа. Харин 50-иас доош шоо метр ус хэрэглэдэг жижиг цайны газрууд мэтийн дүгнэлтийг гаргахад төвөгтэй.
 
Учир нь монголдп өнөөдөр ус бохирдулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татвар төлсөн байдлаар нь тоолоод үзэхэд 60 гаруй мянга байна. Цаашдаа эднийг бохир усны тоолууртай болгох, хаягдал усаа тодорхой хэмжээгээр цэвэршүүлдэг болгох үйл ажиллагаа руу оруулна. Хоногт 100-гаас дээш шоо метр ус хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллага, хоногт 50 шоо метр хаягдал ус гаргадаг байгууллагууд мянга орчим байгаа. Эдгээр байгууллагуудад л хаягдлын сантай болчих, цэвэрлэх байгууламж байгуул гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.
 
Ус бохирдуулагч улирал тутамд нэг удаа төлбөр төлнө гэж хуулинд заасан байгаа. Тэгэхээр гурван сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаад, тэр хэрэглэсэн хаягдал ус нь багтах хэмжээний хаягдлын сантай байх ёстой. Хоногт 50 шоо метр ус хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллага бол 1000 м.куб-ын багтаамжтай хаягдлын сантай байх нь.
 
-Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр барих ажил хийж болдоггүй юм уу?
 
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гарсны дараа энэ орлогоор энэ зүйлийг хийх боломжтой болно. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэх, чанарыг сайжруулах ажил энэ тэргүүнд хийгдэх ёстой. Ингэх юм бол ус бохирдуулагчид тодорхой хэмжээний ухамсар бий болно. Хаягдлын хэмжээ ч багасна.

-Байгальд шууд очиж байгаа бохирдол ус байгаа. Үүнд ямар хяналт тавьдаг вэ?
 
-Усны тухай хууль 2012 онд шинэчлэгдсэний дараа нэлээд том том шинэчлэлтүүд хийгдсэн. Үүний нэг нь энэ ус ашиглалтын хяналт гэдэг асуудал. Ус ашиглагч өөрөө дотоод хяналтын нэгжтэй байна. Дээр нь 29 сав газрын захиргаа энд хяналт тавина. Мөн аймаг, нийслэлийн байгаль орны газар, сум, дүүргийн байгаль орны байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавина.
 
Шаардлага тавиад удаа дараа биелүүлэхгүй бол манай эрх мэдлийн хүрээнд дараагийн жилээс нь ус ашиглах зөвшөөрөл өгөхгүй. Ийм шат дараатай арга хэмжээ авна. Энэ нь цаашлаад ихээхэн хэмжээний хохирол учруулахаар бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хуулиар зохицуулна.
 
-Ус бохирдуулсны нөхөн төлбөрөөс олсон орлого өөр юунд зарцуулагдах юм бэ?
 
-Эндээс орж ирж байгаа төлбөр хуулинд зааснаар байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Усны эх үүсвэрийн бохирдлыг бууруулах, техник төхөөрөмжийг сайжруулж шинэчлэх, нөхөн сэргээхэд зарцуулах юм. Ус, усан орчны бохирдол нь маш богино хугацаанд маш их талбайг хамардаг. Тэгэхээр үүнийг нөхөн сэргээхэд их хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг.
 
Бид нэн дуруй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаягдлын сантай бол, тэндээс усаа эргүүлж ашигла гэсэн шаардлагыг тавьж байгаа нь үүнтэй холбоотой юм. Хаягдал усыг стандарт хэмжээнд хүртэл цэвэрлээд байгальд гарга гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Нэгэнт ашиглах үйл ажиллагаа нь байгаа л бол эргээд ашиглалтаас гарах хаягдлыг цэвэрлэх ажиллагааг хамт тусгаж явах ёстой.
 
-Аж ахуйн нэгжүүд цэвэрлэх байгууламж, хаягдлын сантай болж эхэлсэн үү?

-Ихэнх нь болж эхэлж байна. Усаа нэг удаа хэрэглэж бохирдуулаад байгальд нийлүүлэх хэмжээнд хүртэл цэвэршүүлээд явах юм бол хаягдлын сан байгуулах шаардлагагүй. Ялангуяа уул уурхайн компаниудад усыг 60-аас доошгүй хувиар эрүүлж ашиглах шаардлагыг тавиад  байгаа. Эргүүлж ашиглах үндсэн техникийн нөхцөл нь энэ хаягдлын сан шүү дээ. Жишээ нь, “Бороо гоулд” ХХК-ийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүн олборлох явцдаа аюултай бодис хэрэглэдэг. Тэгэхээр энээ байгууллага хаягдлын санд байгаа усыг байгальд алдахгүй байх хариуцлага хүлээж байгаа юм. Эргүүлээд үүнийгээ 97 хувиар ашигладаг. Нөхөн сэлбэлтээр гуравхан хувь ус авдаг юм байна лээ. Энэ нь их дэвшилттэй.
 
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.