Н.Баяртсайхан: Эдийн засагт гарсан нааштай үр дүнг улам батжуулж, тогтворжуулахыг дэмжинэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.9% байв.  Та энэхүү өсөлтөд үзүүлсэн гадаад эдийн засгийн нөлөөг хэрхэн дүгнэж, ирэх оны хандлага ямар байна гэж үзэж байна вэ?

Манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлтөд үзүүлэх гадаад орчны  нөлөө маш их байдаг. Монгол улсын хувьд дэлхийн зах зээл дээрх голлох экспортын түүхий эдийн үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал зэрэг нөлөөг үүнд дурдаж болно. Учир нь Монгол улсын нийт экспортын 90 орчим хувийг зөвхөн уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. 2018 он гадаад худалдааны хувьд онцлог жил болж өнгөрлөө. Монгол улс түүхэнд байгаагүй дээд буюу 7.0 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь 2017 оныхтой харьцуулахад 800 сая ам.доллараар, 2016 оныхоос даруй 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд үнийн болон биет хэмжээний өсөлт аль аль нь нөлөөллөө. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнэ 2017 онд дунджаар 6,166 ам.доллар байсан бол 2018 онд 6,530 ам.доллар, чулуун нүүрсний хилийн үнэ 2017 онд дунджаар нэг тонн нь 69 ам.доллар байсан бол 2018 онд дунджаар 78 ам.доллар байсан зэрэг голлох түүхий эдийн үнэ өнгөрсөн 2018 онд өндөр өсөлттэй байлаа.

2019 оны 1 дүгээр сарын байдлаар зэсийн үнийн хувьд бага зэргийн  бууралт ажиглагдаж байгаа хэдий ч, чулуун нүүрсний үнэ 80 ам.доллар буюу өмнөх жилийн өндөр өсөлтийг хадгалсан хэвээр байна. Тоо хэмжээний хувьд нүүрсний экспорт 36 сая тоннд хүрсэн нь хамгийн оргил хэмжээ болж, 16 хувийн өсөлттэй гарсан бөгөөд энэ онд ч мөн энэ дүн хадгалагдах төлөвтэй. Экспортын энэхүү өсөлт нь дотоодын эдийн засгийн идэвхжилийг бий болгоод зогсохгүй, бусад салбарт эерэг дам нөлөөг үзүүллээ. Мөн МАА-н салбарын бүтээгдэхүүний экспорт түүхэн дээд түвшинд буюу 477 сая ам.долларт хүрсэн нь энэ салбарын нөөц боломж их байгааг харуулж байна. Цаашид ч энэхүү салбарын өсөлтийг хадгалах, дэмжих болно.

Худалдааны сувгаас гадна манай улсад гадаад улсуудын шууд хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтийн орох урсгал нэмэгдэж байна. Үүний үр нөлөөг Та хэрхэн дүгнэж байна вэ?

2018 он санхүү, хөрөнгө оруулалтын орчны хувьд таатай жил боллоо. Тухайлбал, хамгийн сүүлийн байдлаар Стандард энд Пүүрс (S&P) агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлсэнд бид өнгөрсөн онд Чингис болон Дим Сам бондын үндсэн төлбөрүүдийг амжилттай төлж барагдуулсан, Монгол улсын ШХО-ын орох цэвэр урсгал 2018 онд 1.9 тэрбум ам.доллар байсан зэрэг нөлөөлөв. Үүнтэй уялдан хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж ОУВС төдийгүй, бусад оронтой эдийн засгийн хувьд нааштай хэлэлцээрүүдийг хийснээр энэ он болон ирэх онд ч Монголыг чиглэсэн хөрөнгийн урсгал өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Уг орох урсгал нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаад валютын захын тогтвортой байдлыг хадгалах, үйлдвэрлэл, худалдааг дэмжих гээд давхар давхар ач холбогдолтой тул бид хөрөнгө оруулалтын орчинг илүү таатай болгох, улс төрийн тогтвортой байдлаа хадгалах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай юм. Үүнээс гадна ШХО нэмэгдэхийн хэрээр нөгөө талдаа манай улсын гадаад өр төлбөр нэмэгдэнэ. Тиймээс ШХО-ын үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй. Уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд анхаарч, бусад салбараар дамжих хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Таны бодлоор эдийн засаг 2019 онд ямар байхаар төсөөлөгдөж байна вэ?

2019 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийн өсөлттэй адил гэсэн таамаглал байна. Учир нь 2019 онд эдийн засгийн орчин харьцангуй эерэг дүр зурагтай байхаар ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2017-2018 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудын үр нөлөө 2019-2020 оны эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх байх. Аж ахуйн нэгжүүдийн том хөрөнгө оруулалтын зардал бага байж, өмнө нь хийгдээд байгаа үндсэн хөрөнгүүдээ ашиглаад явна. Түүнчлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтүүд нь банкны зээлээр дамжин тасралтгүй хийгдээд явах нөхцөл бүрдэж байгаа. Иргэдийн хэрэглээний зориулалттай байсан зээлүүд нь аж, ахуйн нэгжүүдийн бизнес рүү илүүтэй чиглэнэ. Банкны системээс эдийн засагт нийлүүлэх зээлийн өсөлт нь 2019 онд өмнөх онтой адилаар 20 орчим хувьтай байх болов уу. Тиймээс дотоод орчинд санхүүжилтийн эх үүсвэр эдийн засгийг тэтгэх боломжтой, гадаад орчны хувьд түрүүн хэлсэнчлэн гол түүхий эдийн үнэ боломжийн түвшинд хадгалагдана.

Монголбанк эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Монголбанк сүүлийн 2 жилд макро эдийн засгийг тогтворжуулж, тулгараад байсан хүндрэлүүдийг богино хугацаанд хохирол багатай даван туулахад гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Монголбанк инфляцийг дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшинд нийцтэй байхаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, бодит эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна. Аливаа бодлогын үр нөлөө шууд тусгалаа олдоггүй, тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь бодитоор харагддаг л даа. Монголбанкнаас 2016 оны эхэнд 15 хувь байсан бодлогын хүүг 2018 он гэхэд 10 хувь болтол үе шаттайгаар бууруулснаар нийт эдийн засаг дахь эрэлтийг нэмэгдүүлж, бодит үйлдвэрлэлийг өсгөх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Энэхүү бодлогын үр дүнд банкуудаас иргэд, компаниудад олгож буй зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оны 1 дүгээр сарын байдлаар жилийн 17.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад л 2.1 нэгж хувиар буурсан байна. Банкуудын зээл олголт 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн. Ялангуяа өрх гэрээс бусад секторт буюу аж ахуйн нэгж, байгууллагуудад олгосон зээл 46 хувиар өссөн байна. Эдгээр тоон үзүүлэлт нь төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, банкны салбарыг шинэчлэх реформын нөлөө, үр дүнг харуулж байна. Төв банкны зүгээс зах зээлд оролцогчдын итгэлийг алдахгүй, хүлээлтийг хамгаалахад гол анхаарлаа хандуулах нь хамгийн чухал байдаг. Энэ хүрээнд олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулж, хүлээлтийг удирдахад чиглэсэн арга хэмжээг авсаар байна.

Банкуудын олгож буй зээлийн үлдэгдэл өсөхийн хэрээр иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байгаа юу? Монголбанк 2018 онд макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргаж, 2019 оны эхнээс мөрдөж байгаа, уг бодлогын үр нөлөө ямар байдалтай байна вэ?

Мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгсэлтэй уялдуулан макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийн зорилго нь иргэдийн хэрэглээний зээлээс шалтгаалж буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлэх, цаашид тогтвортой өсөлтийн орчныг хадгалахад чиглэв. Тухайлбал, иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон зээлийн хугацаанд дээд хязгаар тогтоосон. Энэ нь иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ банкуудын зээл олголтын бүтцийг иргэдийн хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжихэд нөлөөлж, улмаар бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин, ажлын байр, үйлдвэрлэл нэмэгдэхэд чухал түлхэц болж байна.

Энэхүү бодлогын үр нөлөө ч эхнээсээ ажиглагдаж эхлээд байна. Банкны салбараас олгосон нийт зээл 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 17.1 их наяд төгрөг байна. Үүнээс ойролцоогоор 58 хувь нь аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн зээл, үлдсэн нь иргэдийн ипотек, цалин, тэтгэвэр гэх мэт хэрэглээний зээл байна.  Иргэдийн хэрэглээний хувьд 2018 оны 4 дүгээр улиралд маш өндөр буюу жилийн 50-иас дээш хувиар өсч байсан бол 2019 оны эхний 2 сарын турш иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт саарч байна. Харин бизнесийн зориулалттай олгосон зээлийн жилийн өсөлт 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 15 хувь байгаа нь өмнөх оны мөн үед гарч байсан үзүүлэлтээс нэмэгдсэн байна.

Ипотекийн зээлийн санхүүжилт дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

 

Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Дэлхийн банк, ОУВС-тай тохиролцсоны дагуу Монголбанк 2018 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөлийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын зөвхөн үндсэн төлбөрийн орлогоор сар бүр 16 тэрбум төгрөг, нийт 191.36 тэрбум төгрөгийг банкуудаар дамжуулан олгосон. Түүнчлэн Засгийн газартай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу улсын төсөвт тусгасан 120 тэрбум төгрөгийн Засгийн газрын эх үүсвэрийг банкуудад олгоод байна. Монголбанк болон Засгийн газрын 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 4700 орчим зээлдэгчийн санхүүжилтийг 2018 онд банкуудад олгосон.

Он гарснаас хойш Монголбанк  ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд  2 дугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхнээс өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгоод байна.

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дагавар нь өнгөрсөн онуудтай харьцуулахад ажилгүйдлийн түвшний бууралт, дундаж цалин, айл өрхийн орлогын өсөлт, хэрэглээний зардлууд болох хэрэглээний импорт, манай улсаас гадаад руу аялж буй жуулчдын тоо болон аяллын импортын өсөлт зэргээс харагдаж байна.

Тухайлбал, өрхийн дундаж орлого 2018 оны эцсийн байдлаар 2017 оноос 16.9 хувиар нэмэгдэн 1.1 сая төгрөгт хүрсэн байна. Харин ажилгүй иргэдийн тоо 2017 оноос 11.4%-иар буурч 89.9 мянгад хүрч, ажилгүйдлийн түвшин 0.7 нэгж хувиар буурч 6.6%-д хүрчээ.  Гадаадад аялагчдын тоо 282 мянгад хүрч өмнөх 7 жилийн дунджаас 34%-иар өсч, хэрэглээний бүтээгдэхүүний импортын жилийн өсөлт 28% -д хүрч, 2017 оноос 17 нэгж хувиар нэмэгдсэн байна. Автомашин, сэлбэг хэрэгслийн импорт 2017 оноос 52% өсчээ. Эдгээр статистик мэдээллээс харахад эдийн засаг сэргэж, эдийн засагт оролцогчдод шууд болон дам байдлаар тодорхой хэмжээний эерэг нөлөөллийг өгч байгаа гэж үзэж байна. Гэхдээ дээрх статистик мэдээллийг задалж авч үзэх юм бол эдийн засгийн өсөлт цөөн хэдэн салбарын, тодруулбал,  уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн өндөр өсөлтөөс шалтгаалжээ. Үр өгөөж ч гэсэн бүтээж буй салбаруудаасаа болж  харилцан адилгүй хуваарилагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, миний түрүүн дурдсан ажил эрхлэлт, цалин, өрхийн орлого ч тодорхой цөөн салбарын хувьд өндөр өсөлттэй гарч байна.

Эдийн засгийг солонгоруулж, төрөлжүүлэх, эдийн засаг сэргэж буй байдлыг аль болох тогтвортой удаан хугацаанд хадгалах, эдийн засгийн өсөлтийг бүтээж буй болон бүтээх иргэдийн боловсрол, мэдлэг, чадварыг сайжруулах асуудал чухал болж байна.

Та 2019 оныг сорилтод бэлтгэх жил болгоно гэж ярьсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч.

Түрүүн дурдсанаар 2018 он макро эдийн засгийн хувьд сэргэлттэй сайн жил болж өнгөрсөн, 2019 оны хувьд ч гэсэн  экспортын орлого, ГШХО, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтууд зэргээс хамааран эдийн засгийн өсөлт үргэлжилнэ гэсэн төсөөлөлтэй байгаагийн зэрэгцээ томоохон өр төлбөр хийх хуваарь байхгүй. Гэхдээ Монгол Улсын нийт гадаад өр 2018 оны эцэст  28.7 тэрбум ам.доллар  байгаа нь ДНБ-ий 217 хувьтай тэнцэх хэмжээнд байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг сануулсаар байна. Мөн дэлхийн эдийн засгийн удаашрал, 2020 оноос эхлэн төлөгдөх томоохон өр төлбөрүүд зэргээс хамаарч цаашид давж гарах олон томоохон сорилт тулгарч болзошгуй тул 2019 он сорилтод бэлтгэх жил болно. Мэдээж эдийн засагт гарсан нааштай үр дүнг улам батжуулах, тогтворжуулахад тал бүрээсээ анхаарч ажиллаж байна.

Банкны салбарын хувьд Монголбанкнаас реформ, шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлэх, тухайлбал, одоо хийгдэж буй эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулах, макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр санхүүгийн тогтворгүй байдал бий болохоос сэргийлж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, 2019 он Монголын банкны салбарыг эрүүл чийрэг болгохоор ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд банкны салбарт бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг ч авах болно.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Равдан  2019-03-30 12:26:32
    Эдийн засагт гэрэл гэгээ гарч эхэлж байгааг л хэлсэн байна
    64.119.16.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-20 06:53:43
    Энэ мэргэжлийн залилагчийг зайлуулаачээ..
    150.129.141.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-20 06:17:23
    Энэ тэнэг өвгөн зайлаагүй байгаа юм уу. Ямар ч ахиц гарахгүй ийм тэнэг юмыг хурдан заылуулаачээ топороо
    192.82.65.63
    Мэдэгдсэн Хариулах