Б.Нармандах: Надад ямар л хүч, авьяас байна түүнийгээ дайчилна
Ажил, амьдралынхаа гарааг Армийн театраас эхэлж, “Баян Монгол” чуулгын дуучнаар ажиллаж явсан жүжигчиний дуулсан“Амьдралын алтан хонх”, “Унаган хайр” дуу одоо ч тэр цаг үеийг санагдуулан эгшиглэсээр. Тэрбээр олон насны зөрүүтэй хайр дурлалынхаа золиосонд театрт орох эрхгүй болж, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан цалингаа хасуулж хайр сэтгэлийнхээ горыг амсч байсан гэдэг. Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандахыг урьж, ярилцлаа.

-Тантай уулзаж, ярил­цаж байгаадаа баяртай байна. Ажил, амьдрал тань сайн биз дээ?

-Өө, маш их баярлалаа. Урьдынхаараа ажлаа хий­гээд л явж байна.

-Энэ сарын 18-наас театрын хамт олон хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Та хоёр ч жүжигт нь дүр бүтээж байгаа байх аа?

-Тийм ээ. Жил бүр л манай Улсын драмын эрдмийн театрынхан хөдөө орон нутагт аялан тоглолтоо хийдэг. Энэ жил зүүн гур­ван аймгаар тоглолтоо толилуулна.

-Зүүн гурван аймаг гэхээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар. Орон нутгийн үзэгчдэдээ ямар бэлэгтэй очиж байгаа вэ?

-Бид бүх насныханд зориулсан дөрвөн жүжигтэй очно. “Бүүвэй”, “Нууц амраг чинь болъё”, “Эхнэрээ зээлээч”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” гээд. Дээрх жүжгүүдийг хотод ямар баг, бүрэлдэхүүнтэйгээр тоглож байсан яг тэр бүрэлдэхүүнээрээ очиж тоглоно. Энэ бол хөдөө, орон нутгийн үзэгчдэд маань алдаж болохгүй том боломж.

-Театрын жүжигчид, арын албаныхан гээд нийт 40 гаруй хүн хөдөөг зорино. Энэ олон хүний идэж уухаас эхлүүлээд хөрөнгө, мөнгөний асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Бүрэн бүрэлдэхүүнээрээ явахад мэдээж санхүүгийн хувьд хүндрэлтэй. Хүндрэлтэй гээд бид жил бүр хөдөө, орон нутгуудаар явж аялан тоглолтоо хийдэг түүчээг тасалсангүй. Тэгээд ч орон нутгийн үзэгчид маань тэр болгон хотод ирж жүжиг үзээд байдаггүй шүү дээ.

Нийгэм, зах зээл маань ямар байгаа билээ. Бид хөдөө орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг нэг нэгнээ дэмжээд л явдаг даа. Энэ жил ч гэсэн адилхан.

-Уран бүтээлчдийн хувьд орон нутгийн тайзан дээр тоглоход ямар нэгэн хүндрэл гардаг уу?

-Үгүй дээ. Монгол Улс маань хөгжиж байна шүү дээ. Орон нутгуудад театр ихээр баригдаж байна. Яах вэ, хотыг бодвол тайз нь жижиг том л байдаг. Тэглээ гээд жүжгийн даац, чанарт нөлөөлөхгүй л дээ. Жүжигчид ч орчноо мэдрээд л тоглочихдог.

-Тантай уулзсаных уран бүт­ээлээс гадна хув­ийн амьдралын тань тал­аар асуулгүй өнгөрч бо­­лохг­үй байх. Та битгий эмзэглээрэй?

-За.

-Таныг Монголын ард түмэн Ардын жүжигчин Л.Жамрсанжав агсантай амьдарч байсныг мэднэ. Тухайн үед таныг гэр бүл үймүүлсэн гээд л элдвээр бичиж, ярьж байсан шүү дээ?

-Тийм ээ. Гэхдээ одоо энэ талаар яримааргүй байна.

-Гэхдээ л...?

-Бүгдийг цаг хугацаа харуулсан.

-Ойлголоо. Тэгвэл Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан шиг мундаг жүжигчин дахин төрөх болов уу?

-Аливаа зүйл үе үеэрээ л байдаг байх. Би ханийгаа төрмөл авьяастай хүн байсан л гэж хэлнэ. Олон ч кино, жүжигт тоглосон.
Тэр тусмаа драмын тай­зан дээр амьдарч чаддаг хүн байсан. Нарийн мэдрэмжтэй, их сайхан царай зүстэй, мэргэжлийн хувьд чадварлаг жүжигчин байсан даа.

Хань ижлийнх нь хувьд биш уран бүтээлч хүнийх нь үүднээс түүнийг би төрмөл авьяастай хүн байсан л гэж боддог.

-Хүү тань “Universe best songs” тэмцээнд оролцож шилдэг 25-д шалгарч байсан. Одоо хаана, юу хийж явна вэ?

-Одоо СУИС-д сурдаг. Бас л урлагийн хүн болох нь.

-Ингэхэд та эцэг, эхээсээ хэдүүлээ билээ?

-Гурвуулаа. Хоёр эмэгтэй дүүтэй.

-Аавыг тань үзэгчид “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр анддаггүй. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батсүх агсан ямар хүн байв. Зөвхөн уран бүтээлч гэлтгүй эцэг хүний хувьд?

-Аав маань дуурийн урлагт бүх насаараа зүтгэсэн. Хэд хэдэн кинонд чимхлүүр дүр бүтээсэн. Үнэнийг хэлэхэд уран бүтээлч хүн өөрийн тоглосон дүрээр ард түмнийхээ дунд мөнхлөгдөнө гэдэг тэр болгон уран бүтээлчдэд олдохгүй хувь заяа. Охиных нь хувьд ааваараа үргэлж бахархаж явдаг. Урлагт 50 гаруй жил зүтгэсэн. Их ч өндөр насалсан. Аавыгаа, тэр үеийн уран бүтээлчдийг бодохоор маш их хичээнгүй, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг байсан шиг санагддаг.

-Уучлаарай, одооны жүжигчид ямар гэж. Халтуурдаад л орхидог гэж үү?

-Яалаа гэж дээ. Би тийм утгаар нь хэлээгүй байна. Аавынхаа үеийн жүжиг­чидтэй өөрсдийнхөө үеийн жүжигчдийг харьцуулахаар л тэгэж санагддаг юм. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү.

-Та урлагийн гэр бүлд өссөн. Жүжигчин болоход аав тань илүү нөлөөлсөн байх?

-Тийм ээ. Яах аргагүй аав минь нөлөөлсөн. Харин ээжийг маань Ц.Намжил гэдэг. Кино үйлдвэрт нас­аараа монтажчин хийсэн хүн. Тэгэхээр би яах аргагүй урлагийн гэр бүлд хүмүүжсэн байгаа биз. Гэхдээ би өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар жүжигчин болсон юм шүү.

-Харин ээж тань ямар хүн байв?

-Маш их ажилсаг, зүгээр суудаггүй хүн байлаа. Аливаа зүйлийг их няхуур, чамбай хийдэг хүн. Би ээжээсээ бүх занг нь өвлөж авч чадаагүй л дээ. Гэхдээ л зарим зүйл дээр ээжтэйгээ адилхан зан гаргачихаад байдаг юм. /Инээв/

Харин би ааваасаа уран бүтээлч хүн ямар байдаг, ямар байх ёстойг сурсан. “Ажлаас хоцорч болохгүй. Ажлыг чин сэтгэлээсээ хийх ёстой” гэдгийг мах цусандаа шингэтлээ ойлгож өссөн. Надад ямар л хүч, авьяас байна тэр бүхнээ дайчилж уран бүтээл хийхийг хичээдэг.

-Хоёулаа ярилцлагаа намраар төгсгөе гэж бодлоо. Модод шарлаад л, сэтгэл тогтож өгөхөө байж. Нэг ёсондоо гадаа намар ирчихэж ээ. Харин Б.Нармандах гэдэг эмэгтэй намрын тухай ямар бодол тээж явдаг нь сонин байна?

-Жаахан байхдаа намрыг есдүгээр сарын 1-нээр л төсөөлдөг байлаа шүү дээ. /Инээв/ Харин одоо бол өөр. Манай театрын уран бүтээлчид нэг нэгээрээ амардаггүй. Уран бүтээл хамтын бүтээл байдаг болохоор зун нь бөөнөөрөө амарчихдаг. Намар нь ид ажилтай шинэ уран бүтээлтэй орж ирнэ. Тийм болоод ч тэрүү их ажлын үе эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг дөө.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.