619 орон сууцыг паспортжуулснаас 354 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2019 онд  эрх зүйн орчинг бүрдүүлэх, сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 53 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Хуралдаанаар улсын барилга байгууламжийн паспоржуулалтын явц, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Энэхүү ажлын хүрээнд 2000 оноос хойш баригдсан нийт 1413 барилгаас 619 орон сууцыг паспортжуулаад байна. Эдгээр орон сууцны 182 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 93 нь хүчитгэх шаардлагатай, 354 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 234 нь ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Тиймээс цаашид  нийт 1497 барилгад мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах, бэхэлж, хүчитгэх шаардлагатай 100 барилгын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн танилцуулсан юм.

  Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах нийслэлийн иж бүрэн сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн  шилжих  болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа  иргэдийг хамруулан зохион байгуулахаас гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.
 

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.

   Идэвхжилт их ажиглагдсан бүсүүдэд Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүд багтаж байна.

 Хуралдааны төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин, зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Үүнд:

-Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэл дэх харьяа байгууллагуудад зохих заавар, зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллах,

-Монгол Улсын засгийн газрын 2018 оны 206 дугаар нууц тогтоолд тусгагдсан барилга байгууламжийн буулгаж шинээр барих ажлын явцыг салбар бүрээр гаргуулах, төлөвлөгдсөн хугацаанд хэрэгжүүлэх талаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн 2020 оны улсын төсөвт тусгах арга хэмжээг авах,

-Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулж, өндөр хэмжээнд зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.