А.Алтанчимэг: Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд гаргахад цэгцтэй бодлого хэрэгтэй
 Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор А.Алтанчимэгтэй ярилцлаа.


 
 -Уур амьсгалын өөрчлөлт мал амьтанд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Уур амьсгалын өөрчлөлт нь манай орны мал амьтны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
 
-Тухайлбал..
 
-Жишээ нь ургамлын хордлого. Сүүлийн жилүүдэд баруун аймгуудад ургамлын хордлого, ялангуяа хорон ортуузаар мал хордох нь маш ихсэх болсон. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зудын давтагдал ихсэх, хуурайшилт, цөлжилтөөс үүдэн ургамлын зүйлийн бүрдэл цөөрөх, тэжээлийн идэмжит ургамал цөөрөх, үүнтэй холбоотой хуурайшилтад тэсвэртэй хортой ургамлын ургалт ихэссэнтэй холбоотой юм.
 
-Ургамлын хордлого авсан малд ямар шинж тэмдэг илэрдэг?
                                                                           
-Бидний судалгааны ажлын хүрээнд хорт ургамлаар хордсон малын  толгой салганаж чичрэх, хойт мөчид саажих, хөдөлгөөний эвсэл алдагддаг байна. Хөдөлгөөний тэнцвэр алдагдах, хойд мөч саажих, бөгсөн бие нь гуйвах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгээр өвчилсөн ямаанд задлан шинжилгээ хийж гистологи, иммуногистохимийн шинжилгээ хийхэд бага тархинд бичил бүтцийн өөрчлөлт ажиглагдаж, Пуркинейгийн эсүүд цөөрсөн, миелин ширхэг аксонууд сөнөрөлд автсан зэрэг өөрчлөлтүүд ажиглагдсан.
Мөн монгол орны шар шороон шуурга бүхий зарим бүс нутгийн хонь, ямааны амьсгалын замын эрхтний өөрчлөлтийг гистопаталоги болон иммуногистохимийн аргаар тодорхой бүс нутагт Кобаяши Ё, Шимада А, Алтанчимэг А (2014) нар судалсан байна. Уг судалгааны дүнд монгол орны бог малын уушгинд фиброз (холбогч эдийн түрэн ургалт), мөхлөгт зангилаанцарт өөрчлөлтүүдийг илрүүлсэн байна.
 
-Малын халдварт, болон халдваргүй өвчний тархалт ч бас анхаарал татаж байна вэ?
 
-Цаг уурын дулаарлын нөлөөгөөр дэлхий дахинаа төдийгүй манай орны хувьд шавж, үе хөлтнөөр дамжин халдварлах вирусын болон нянгийн гаралтай буюу халдварт өвчний тархалтын хүрээгээ тэлж байна.
Мөн манай халдваргүй эндемик өвчний гаралт, тархалт хүрээгээ тэлэх болон хэд хэдэн өвчин хавсарч гарах нь элбэг болсныг мал эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээлсээр байна.
Монгол орны геохимийн олон онцлог мужуудын хөрс, ус, ургамлын химийн найрлагатай холбоотойгоор тухайн нутагт гарах өвчнүүдийг орогнол өвчин гэж нэрлэдэг. Орогнол өвчнүүдийн тархалт улам бүр тэлсээр байна. Тухайлбал булчин цайх өвчин Архангай аймгийн дөрвөн суманд тохиолддог байсан нь одоо бүх сумдаар тархжээ. Түүнчлэн зүүн аймгуудад яс сөнөрөх өвчний гаралт, тархалт нэмэгдсээр байгаа тухай мэдээлсээр байна. Олон төрлийн химийн элементийн илүүдэл, дутал, эсвэл тэнцвэрт байдал алдагдсанаас үүсэх орогнол өвчнүүдийн эмнэл зүйн илрэл олон янз, оношлох, шалтгааныг тогтоох амаргүй бөгөөд орогнол өвчинд нийт сүргийн 5-20 хувь нь дасан зохицож чаддаггүй. Мөн олон өвчин хам хэлбэрээр тохиолдох нь элбэгшиж байна. Сүүлийн үед хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсэх өвчнүүд мэдээлэгдэж байна. Үүнд: цахиуртах өвчин, хар тугалганы хордлого зэрэг болно.
 
-Уух амьсгал өөрчлөгдөж байгаа нөхцөлд МАА салбарт ямар бодлого явуулах хэрэгтэй вэ?
 
-Өвчний шинж тэмдэг үзүүлэхгүй ч дасан зохицлын явцад ашиг шим буурч байгаад ач холбогдол өгөхгүй байсаар байна. Орогнол өвчин гардаг нутагт эмчилгээ, сэргийлэлтийн байнгын арга хэмжээ шаардагддагийг цохон тэмдэглэх нь зүйтэй. 
 
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчдад учирч байгаа эрсдлийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

 
-Мал, амьтны эрүүл мэндэд нөлөөлөх тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд байгаль-цаг уурын эрсдэлт нөхцөлд малын өвчин эмгэгийн шалтгааныг байгаль, цаг уурын хүчин зүйлүүдтэй уялдуулан судлаж, сэргийлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нь зүйтэй байна.  Мал, амьтны эрүүл мэндийг сайжруулахад:
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэн хөтлөх, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан гарч буй малын өвчнүүдийг судлан тогтоох, гарах эрсдлийг даван туулах бэлэн байдал, урьчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах; 
  • Мал эмнэлгийн байгууллагад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад төр засгийн цэгцтэй, урт хугацааны бодлого баримтлах;
  • Малын халдваргүй өвчний эпидемиологийн судалгааны чиглэлээр холбогдох байгууллагууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, уул уурхайд ашиглаж буй химийн бодсын ашиглалтын судалгааг гарган хорт нөлөөг судлах ашиглалтанд хязгаарлалт тавих;
  • Бэлчээрийн даац, багтаамжид тохирсон чанартай мал үржүүлэх үйл ажиллагаанд мал эмнэлгийн оролцоог нэмэгдүүлэх. Мал сүргийн бүтцийг уламжлалт зохистой харьцаанд хүргэх замаар хүлэмжийн хий үйлдвэрлэлийг бууруулах; 
  • Малчдыг соён гэгээрүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх: Эрүүл мал - эрүүл хүнс – элбэг амьдрал зэрэг дэд хөтөлбөрүүдтэй ба үүнд мал эмнэлгийн оролцоог байнга хамт авч явах;
  • Малын ердийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх арга, технологийг нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гарч буй эрсдэлт өвчнүүдийг даван туулах чадавхийг бий болгох;
  • Малын тэжээлийн асуудалд мал эмнэлгийн үндэстэй хандах;
  • Малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх: үүнд уламжлалт мал эмнэлгийг бүрэн хөгжүүлэх, уламжлалт эмийн үйлдлийн механизмуудыг тайлбарлах судалгааг хөгжүүлэх зэрэг болно.
-Ярилцсан танд баярлалаа.
 
П.АНИР
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-25 03:37:24
    Бид мал эмнэлгийн улсын системтэй байсан үүнийгээ үгүй хийсэн одоо малын хөлийн татвар аваад санхүүжүүлээд үүнийгээ сэргээгээч өөр гарцгүй
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах