Гал түймрийн гамшгийн аюул нь ҮАБЗ-ийн анхаарах асуудлын нэг болохыг онцоллоо
Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд эхэллээ.

 Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын 800 гаруй  төлөөлөл оролцож байна.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудад 2017 оны 12 дугаар сард үүрэг, чиглэл өгсөн. Өнгөрсөн онд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна.

Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг тэмдэглэн хэлье.

“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо“ сэдвийг хөндөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна.

Монгол Улсад өнгөрсөн арван таван жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан байна.

Дээрх тохиолдлын 90 гаруй хувийг гал түймэр (объектын гал түймэр 84%, ой хээрийн түймэр 3.2%), амь насаа алдсан иргэдийн 33 хувийг гал түймэрт өртөж амь насаа алдагдагсад (объектын галд 31.7%, ой хээрийн түймэрт 1.5%) эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болсон.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40-д, 100 мян.хүн тутамд нас барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.

Иймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс урган гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог хангахад анхаарлаа хандуулж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг энэ хэлэлцүүлгээс гаргаж, бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хөндүүр сэдвүүдээр миний бие хэлэлцүүлэг санаачлан хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Ингээд “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье!” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.