Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү

Эх орны зүүн өмнөд хилийн харуул, Их жанжнаар овоглосон  Сүхбаатар аймаг хариуцлагагүй уул уурхайн золиос болох зам руу бараг л   шуударчээ. Эх нутгаа гэсэн иргэдийнх нь тэмцэл тэнд харин бага ч гэсэн чөдөр болж, мал, малчин хоёрын хувь заяа дээсэн дөрөөн дээр байна.Нэг талд уул уурхайг хөгжил гэж боддог, овоолсон шороог мөнгө гэж хардаг хүмүүс зохион байгуулалттай ажиллаж, нөгөө талд нь  “Мал,хэл,хил гуравтайгаа байхад Монгол баян” гэж боддог хөдөөгийнхөн учраа ч олохгүй байна.  Эрх мэдэл, мэдлэг мэдээлэл, өнгө мөнгөөр хэмжигдсэн тэнцвэргүй ийм  тулаан  тэдний хооронд үүсчээ.

Энэ тэмцэлд хэн ялах бол гэдэгт хариулт нь бараг тодорхой юм. Хэн үүнийг хэлээд байна вэ гэвэл, сүүлийн хоёр жил дараалан “Сүхбаатар аймаг дахь уул уурхайн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнөх болсноос  мэдрэгдэх болсон. Тус аймгийн хязгаар нутгийн сумдад  байдал ямар  байгааг “Зууны мэдээ” сонин газар дээрээс нь эрэн сурвалжилж олон нийтэд мэдээлж ирсний хувьд баримт мэдээлэлд түшиглэн “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” зэрэг эрэн сурвалжилсан нийтлэл, сурвалжлагаар асуудлыг  хөндөж ирсэн билээ. Өнгөрсөн жилийн өдийд аймгийн ЗДТГ, 13 сумын удирдлага, АМГТГ, Уул уурхайн яам, ЗТХЯ болон холбогдох газрууд хамтран уул уурхайн  хэлэлцүүлэг  хийсэн. Энэ жилийн  уулзалт зөвлөгөөн  өнгөрсөн долоо хоногт болоход манай сэтгүүлч орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн юм.

Сүхбаатар аймагт болсон уул уурхайн зөвлөгөөнөөр олон асуудал яригдсан. Аймгийн удирдлагууд   нь уул уурхайн компаниудыг  байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд, тодруулбал  тээвэрлэлтийн замаа сайжруулахгүй бол  ирэх зургадугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагааг нь зогсооно  гэж мэдэгдэв. Хариуцлагагүй уул уурхайд хамгийн их дарлуулж буй  Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөл  санал гомдлоо хэлээд зогсохгүй  уурхайнуудыг хааж өгөхийг шаардлаа. Үүний хариуд  хотоос  ирсэн салбарын мэргэжилтэн, төлөөлөгч түшмэлүүд  “Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон” гэж  байсан нь асуулт дагуулж байна.

Эрхэм түшмэлүүд ийнхүү  энэ нутагт харин ч цөөхөн лиценз олгосонд  харамсч амаа барьж халагласан  өнгөөр л ярьж байна. Харин аргаа барсан сүхбаатарчууд тэднийг “Мөнгөөр нүдээ таглуулсан” гэж бухимдаж сууна. Үнэндээ төрийн эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагын талаар, баялгийг нь ухаад явчих биш байгаа газар  оронд  өгөөжтэй  байх тухай, байгаль орчныг хамгаалах талаар дорвитой асуудал хөндсөнгүй. Харин ч “Тавхан үгэндээ танигдаад” гэдэг шиг дор бүрдээ нэг, нэг компанийг өмөөрч хамгаалах үүрэгтэй хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцож байгаа нь  анзаарагдсан.

Тухайлбал, Эрдэнэцагаан сумын өмнөд хөрштэй залгаа хилийн хориотой зурваст газрын тос олборлох үйлдвэр барих хайгуул, ашиглалтын ажлыг эхлүүлээд байгаа Макс Ойл гэж компани бий. Тус компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт ирсэн ч  асуулт асуусан нутгийн иргэдийг үл тоож нэг ч хариулт өгөөгүй.  Түүний өмнөөс Уул уурхайн яамны Газрын тосны  хэлтсийн дарга   Ч.Хишигдалай  тайлбар өгөөд сууж байх жишээтэй. “Макс Ойл” компанийг төлөөлж ирсэн Ц.Соёл-Эрдэнээс хэвлэл, мэдээллийнхэн асуулт асуухад ч тэрээр хурлын заалнаас гараад зугтчихсан. Эрдэнэцагаан сумын Засаг даргатай уулзаж  энэ компанийн талаар тодруулахад “Биднийг дуудахад ч ирдэггүй. Бүхнийг Засгийн газар мэднэ” гээд пээдийчихдэг гэдгийг хэлж байсан. Тэгэхээр эндээс   уул уурхайн том компаниуд хязгаар нутагт лиценз авч ашигт малтмал олборлоод  суудаг  байдаг юм байна. Тийм эрх дархыг нь олгож, ашиг сонирхлыг нь хамгаалж байдаг  төлөөний хүн  төрийн яам, холбогдох газруудад  байдаг юм биш байгаа  гэсэн хардлага төрж байна.

Уг нь  Сүхбаатар аймагт одоогоос 15 жилийн өмнө уул уурхай  сураггүй байв. Байгалиа шүтэж, таван хошуу малаа маллан амьдарч ирсэн  иргэд худаг гаргахдаа хүртэл  ахмад буурлуудаас  асуудаг. Газар шороог хөндөхдөө өдөр судар харж товлодог уламжлалтай байлаа. 1998 оны сүүлчээс “Цайрт минераль” компани зөвшөөрөл авч, 2005 оноос  цайрын баяжмал олборлож эхэлсэн байдаг. Эндээс эхлэн жанжны нутагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензээр бараг л “бороо” орж эхэлсэн гэж болно. Энэ нутгийн сайхан  нь зөвхөн дурсамж яриа  болж үлдэхэд хүрээд байна.

Өнөөдөр  тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын  106 лиценз олгогджээ. Лицензгүй сум, өрөм тавиагүй газар үгүй болж байгаль орчин нүдэн дээр доройтсоор байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон уул уурхайн өнөөгийн байдлын талаарх зөвлөгөөн хэлэлцүүлэгт 10 сумын нутгийг хамарсан 37 компанийн төлөөлөл ирж оролцсон. Зарим нь зөвлөгөөнд ач холбогдол өгөөгүй, эсвэл үл тоосон байдлаар  хандаж эрх мэдэл бүхий албан тушаалтнаа бус  орчуулагчаа явуулсан байв. Тус нутагт үүсээд байгаа хамгийн гол асуудал нь уул уурхайн тээвэрлэлтийн замын тухай юм. Замын маршрут батлагдаагүй, батлагдсан ч жолооч нар дуртай газраараа давхидаг, уул уурхайн компаниуд хатуу хучилттай зам тавих үүрэг хүлээсэн ч хэрэгжүүлдэггүй. Энэ нутагт уул уурхайн анхны шанг татсан “Цайрт минераль” компани л гэхэд  15 жилийн  турш цайрын баяжмалыг нь ухаж  урд хөрш рүү зөөж буй атал  замынхаа асуудлыг шийдээгүй байх жишээтэй.

Эрдэнэцагаан сум нүүрс, жоншны олон уурхайтай, дээр нь тус сумын нутгаар Петро Дачин Тамсагийн газрын тосны цуваанаас эхлээд  уул уурхайн тээвэрлэлт урд хөршийг зорин  Бичигтийн боомтоор гардаг.  Боомт чиглэсэн хэчнээн зуун зам үүссэнээр тоосжилтод хүн, мал байтугай ан амьтад байх аргагүй болжээ. Байнга тоосонд даруулж байдгаас өвс ургамлын гарц муудаж, булаг шанд ширгэж, мал нь  тарга тэвээрэг авч чадалгүй хорогдох болжээ. Малчид ааруул, цагаан идээ тавих ямар ч боломжгүй. Ямааны ноолуур тоосжилтын нөлөөгөөр чанар муутай гардаг учраас үнэ хүрдэггүй. Хилийн боомтын зам дагуу цагаан зээр, хар сүүлт, талын бугын идээшсэн нутаг байсан бол ан амьтад дайжих болжээ. Боомттой гээд тус сумын иргэд малчдын амьдрал, сум орон нутгийн эдийн засаг дээшилсэнгүй өдрөөс өдөрт  доройтож буй байгаль орчин шигээ амьдрал нь  улам хүндэрсээр байна. Энэ байдлыг Баруун-Урт сумын иргэн Т.Дашням “Манай дарга нарын уудаг архи сайжирч, унадаг машин томроод байгаагаас ард түмний амьдралд наалдсан юм юу ч алга” хэмээн зөвлөгөөний танхимд шүүмжилж байлаа. Түүний хэлсэн үнэн юм.  Сүхбаатар аймагт уул уурхайн тоо 100 давсан ч  хүн зоных нь амьдрал дээшилсэнгүй, аймаг нь хөгжсөнгүй.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-02 07:11:14
    яая яая яаяя аа: тэхээр хувьсгал хийж өөрчлөлт хийх хэрэгтэй гээд байна даа. одооны энэ дарганцаруулыг толгой дараалан заазлан далд оруул
  • çî÷èí 2019-04-02 03:17:33
    " Цайрт минериал" компани нь 15 үйл ажиллагаа явуулахдаа нэгч эмнэлэг сургууль, цэцэрлэг бариагүй. Цайрт минерилын бүх дэд бүтцийн асуудлыг Сүхбаатар аймаг ши...