Ази-Номхон далайн бүс нутагт 400 сая хүн өдөрт 1.9 ам.доллараас бага орлогоор амьдарч байна
Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг мэдэгдэхүйц өссөөр байгаа ч тус бүс нутгийн хүн амын 10 хувь нь буюу 400 сая орчим хүн өдөрт 1.9 ам.доллароос бага орлоготой буюу үгээгүй ядуу амьдарч байгаа талаар НҮБ болон Азийн хөгжлийн банк мэдээлжээ. Эрүүл мэнд, боловсрол болон амьжиргааны түвшин зэрэг өргөн цар хүрээг хамарсан хүчин зүйлсийг шалгуур болгон 2010- 2018 онд судалгаа явуулахад тус бүс нутагт ядуусын тоо 931 сая байжээ. Өөрөөр хэлбэл, тус бүс нугагт амьдардаг дөрвөн хүн тутмын нэг нь ядуусын тоонд орж байсан байна. Мөн 2012 онд тус бүс нутагт 11.7 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж байсан нь дэлхийн бусад бүс нутгийнхтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт аж.

Үүнээс гадна бараг нэг тэрбум хүн ямар ч нийгмийн хамгаалалтгүй, маш бага цалин хөлстэйгөөр ажиллаж байжээ. Авлига, хүний эрхийн хамгаалал дутмаг болон тэгш бус байдал газар авч байгаа нь бүс нутагт нийтийг хамарсан хөгжин цэцэглэж буй ирээдүйг бий болгоход саад учруулж байна гэж дээрх тайланд онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад тулгамдаж буй томоохон сорилт болоод байна. 2015 онд л гэхэд тус бүс нутагт 155 удаа байгалийн гамшиг тохиосны улмаас 6700 хүний амь эрсдэж, 32.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ. Гэхдээ энэ зуунд Ази-Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулах хүчин чармайлтад ихээхэн ахиц дэвшил гарсан байна. 2000-2004 онд тус бүс нутгийн үгээгүй ядуу хүний тоо дээр дурдсанаас бараг гурав дахин олон байжээ.

НҮБ-ын Тогтвортай хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд илүү их зүйл хийх хэрэгтэй байгааг тайланд мөн онцолсон байна. 2015 онд гаргасан дэлхий нийтээрээ хүрэх 17 зорилт нь 2030 он
гэхэд дэлхийн нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. Ази-Номхон далайн хүн амын талаас илүү хувь нь 2022 он гэхэд хот суурин газруудад амьдрах төлөвтэй байгаа учраас НҮБ болон Азийн хөгжлийн банкны шинжээчид хотын ядуусын амьдралыг сайжруулах талаар зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид “Хотын хөгжлийн төлөвлөгөөнд нийгмийн бүх давхаргынхныг хамруулж, цагаач ажилчдын, ялангуяа эмэгтэйчүүдийн аж амьдралд дэмжлэг үзүүлж, байгалийн гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барихад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэжээ.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.