Д.Сарангэрэл: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс санаачилж буй хуулийн төслийнх нь талаар тодрууллаа.

-Та намрын чуулганы эхэнд хоёр хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Энэ тухай тодруулна уу?

-Эмийн талаар төрөөс баримтлах бодлогоо батлуулах зорилготой ажиллаж байна. Миний бие ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Манайд эмийн зохицуулалтын бие даасан байгууллага нэн тэргүүнд шаардлагатайг өнгөрсөн зун үүссэн асуудлаас харж болно. Үүнээс хяналт шалгалтыг сайн явуулах хэрэгцээ, шаардлага байгаа гэдэг нь илт байгаа. Ялангуяа борлуулалтын явцад хийх хяналт чухал. Монгол Улсад зөвхөн үйлдвэрлэлийн явцад хяналт шалгалт, үнэлгээ хийж зөвшөөрлийг нь өгдөг. Гэтэл борлуулалтын явцад алдаа гарсаар байна.

Үүнтэй холбоотойгоор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг Флиппин улсад туршлага судлаад ирлээ. Тус улсад хяналтыг үйлдвэрлэлийн явцад хийхээс гадна яг худалдаанд гаргах үед тавих хяналтад хамгийн их анхаардаг юм байна. Мэдээж энэ зохицуулалтыг хийдэг байгууллага нь зохицуулалтын газар байх ёстой. Одоогоор эхний хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын намрын чуулган эхлэхээр хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, батлан гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад мөн ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүнтэй хамтарч ажилласан гэсэн. Ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?

-Сэтгүүл зүйн салбарын хүний хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарал тавьж ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн ажилтнууд олон нийтийн эрх ашигт нийцсэн хууль гаргана гэдэгт итгэлтэй байна. Хэд хэдэн зүйл дээр өөрчлөлт оруулсан. Юуны өмнө Хэвлэлийн зөвлөлтэй болох тухай тусгасан. Ингэснээр хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчтэй холбоотой асуудалд шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагуудын оролцоогүйгээр харилцан ойлголцох, уучлал гуйх, алдаагаа засч залруулах боломжийг нээж байгаа юм. Эрүүгийн хуулиас гүтгэхтэй холбоотой 111 дүгээр зүйлийг хасах саналыг Гэмт хэргийн тухай хуулиар Х.Тэмүүжин сайд оруулж ирсэн. Ингээд сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагааных нь төлөө, санамсаргүй алдаа гаргасных нь төлөө торгодог, баривчилдаг, хорьдог заалтыг засч залруулж байна.

Тиймээс хэвлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин нь боломжийн болно гэж бодож байна. Баривчилдаг, торгодог шийтгэл засагдана гэсэн үг. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийнхөө бэлтгээгүй нийтлэл, нэвтрүүлгийн төлөө ямар нэгэн хариуц­лага хүлээхгүй. Бэлт­гэсэн, захиалсан хүмүүс хариуцлага хүлээхээр энэ хуулийн төсөлд орсон байгаа. Тиймээс дэвшилттэй хуулийн төсөл болж байгаа гэдгийг хэлмээр байна.

Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.