56.5 га талбайд ургуулсан таримал ойг төр худалдан аваад байна
Иргэдийн тарьсан ойг төр худалдан авдаг болсон билээ. Энэ талаар БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базараас тодрууллаа.
 
-Төр иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас таримал ойг худалдан авахаар болсон гэсэн. Энэ үнэн үү?
 
-Тийм ээ. Уг асуудал Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Сангийн сайдын хамтарсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион бай­гуулах, санхүүжүүлэх, тари­мал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх” өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А-96/71 тоот журам тоот хамтарсан журмаар зохицуулагдаж байгаа.
 
-Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн сонгосон газраа тарьж ургуулсан мод, таримал ойг худалдан авах юм уу?
 
-Иргэн болон бусад хуулийн этгээд ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртсөн талбайд мод тарьж ургуулбал төр худалдан авч, улсын ойн санд шилжүүлнэ. Түүнчлэн усны ундарга, гол мөрнийн эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ойг ч худалдаж авна. Мөн хээршилт, цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас, “Ногоон хэрэм”- ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ойгоо ч төрд худалдаж болно.
 
-Ойгоо тухайн иргэн, аж ахуйн нэгж хөрөнгөө гаргаж тарьсан байх шаардлагатай юу. Хэдэн га-д мод тарьж байж төрд худалдах вэ?
 
-Төрд худалдах ойгоо иргэн өөрийн хөрөнгөөр тарьсан байх шаардлагатай. Тухайн худалдах гэж буй таримал ойн талбайн хэмжээ доод тал нь 0.5 га-гаас багагүй байх хэрэгтэй. Иргэд ихэвчлэн хэдэн жил тарьж ургуулсан ойгоо худалдаж болох талаар асуудаг. Энэ тухайд үр болон тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж ургуулсан найм буюу түүнээс дээш настай ойг худалдаж болно.
 
-Ямар бүсэд тарьж байгаагаар нь ялгаварлах уу. Тухайлбал, говьд амьдардаг хүн мод тарьж ургуулах хэцүү шүү дээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300- гаас баггүй ширхэг мод тарьсан бол төрд худалдах боломж бүрдэх болно.
 
-Нэг га таримал ойг төр хэдэн төгрөгөөр үнэлж авах вэ. Үнэлгээний талаар иргэд ямар байр суурьтай байдаг бол?
 
-Нэг га таримал ойг нэг сая төгрөгөөр үнэлсэн. Өмнө нь нэг га таримал ойг 300 мянган төгрөгөөр үнэлж байсныг гурав дахин өсгөсөн. Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна.
 
-Модны төрөл бас үнийн хэлбэлзэлд нөлөөх юм уу?
 
-Модны төрөл, тоогоор ангилж итгэлцүүрийн үнэ гаргасан. Тухайлбал, жодоо, тоорой, жигд, сухай зэрэг үнэт үйлдвэрийн модны нэг га дахь таримлыг 1.5 сая төгрөгөөр төр худалдаж авна. Харин нэг га заган ойг 1.4, гацуур, хушин бол 1.3, нарс, шинэс бол 1.2, навчит модон ойг 1.1 сая төгрөгөөр үнэлэн төр худалдан авч, Ойн сандаа шилжүүлнэ.
 
Харин цөлжилт, элсний нүүдлээс хамгаалахзорилготой бут сөөгийн нэг га дахь таримал нь 900 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Харин мод тарьсан бүсийн хувьд 0.5 га талбай бүхий ойт хээрийн бүсэд 1300 ширхэг мод тарьсан үнэ, тал хээрийн бүсэд 1100, говь цөлийн бүсэд 900 ширхэг тарьсныхтай адил 1.2 сая төгрөг байна. Тарьсан модны тоо, аль бүсээс хамаарч өөр байна гэсэн үг. Ойт хээрийн бүсэд 1100, тал хээрийн бүсэд 900, говь цөлийн бүсэд 750 ширхэг мод тарьсан бол 0.5 га-г сая 150 мянган төгрөгөөр худалдаалж болно.
 
-Таримал ойгоо худалдах иргэд хаана хандах ёстой вэ?
 
-Иргэн, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойгоо төрд худалдахаар бол хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана. Засаг дарга болон Ойн анги жил бүрийн наймдугаар сард багтаан иргэний хүсэлтийг тодорхойлолт, захирамжийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь Засаг даргын захирамжаар
ажлын хэсэг гаргаж, таримал ойд тооллого явуулж, чанар, үр дүнг нь шалгаад худалдан авах, эсэх тухай акт үйлдэнэ. Үйлдсэн актаа есдүгээр сард багтаан БОНХЯ-д ирүүлнэ.
 
-БОНХЯ эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болох уу?
 
-Яам аймаг, нийслэлийн За­саг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, актыг үндэслэн худалдаж авах, Ойн санд шилжүүлэх асуудлыг жил бүрийн аравдугаар сарын 20- ны дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон газар дээр нь ажиллуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргуулдаг. Ер нь энэ бүхний эцэст таримал ой, модыг улсын Ойн санд хүлээн авсан тухай захирамжийг сум, дүүргийн Засаг дарга л гаргана.
 
-Ургуулсан ойгоо төрд худалдсан тохиолдол байгаа юу?
 
-Байна. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн 20 иргэн 39,5 га, Дархан-Уул аймагт ТББ 10 га, аж ахуйн нэгжүүдийн долоон га таримал ойг төр худалдан аваад байна.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.