Б.Онон: Нано технологийг өндөр үнэтэй гэж хүмүүс буруу ойлгодог

Монголд нано технологи ашиглан гаргаж авсан анхны бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрч байна. Энэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй “Новелти” компанийн гүйцэтгэх захирал Б.Ононтой ярилцлаа.  

-Монголд нано технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн анхны компани танайх юм байна. Хэрэглээнд ямар бүтээгдэхүүн нэвтрүүлж буйгаа танилцуулаач?

-“Нанопротект” нэрийн хоёр төрлийн брэнд үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, Германы технологийг ашиглан “Нанопротект S”, Японы технологийг ашиглан “Нанопротект Т” гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд удаагүй байна. “Нанопротект S” нь ахуйн хэрэглээнд зориулсан бөгөөд цахиурын оксидод суурилсан юм. Бүх төрлийн бөс даавуу, торгон дээр 20 см-ийн зайнаас шүршинэ. Ингэснээр шингэн болон тосны толбо нэвтрэх, бусад бохирдлоос хамгаалдаг. Тэгсэн мөртлөө агаарыг 100 хувь чөлөөтэй нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, амьсгалдаг. Мөн хувцас, даавуун бүтээгдэхүүнийг нар, салхинд гандаж өнгөө алдахаас хамгаална. Хүмүүс нанотехнологийн бүтээгдэхүүн гэхээр нэг л халдашгүй, асар өндөр төвшний зүйл шиг сэтгээд, өдөр тутамдаа бараг хэрэглэдэггүй юм шиг ойлгодог. Гэтэл нэг сав буюу 200 мл бүтээгдэхүүнийг таван ширхэг эрэгтэй цамцанд хэрэглэнэ.

-Сүүлийн үед Монголд нано технологиор даавуу үйлдвэрлэдэг болно  гэж ярьж байгаа. Үнэхээр ийм боломж байгаа юу? 

-Даавууны үйлдвэрт дахиад нэг шат дамжлага нэмээд энэхүү бүтээгдэхүүнийг шүршиж, нано нимгэн бүрхүүл суулгаж байгаа юм. Түүнээс биш нано технологиор шууд даавуу нэхнэ гэж ойлгож болохгүй.

-Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ гадаадаас импортолдог болов уу?

-Түүхий эд нийлүүлдэг компани дэлхийд хоёр, гуравхан бий. “Новелти” компанийн хувьд Герман, Япон түнштэй. Герман технологи ашиглан “Нанопротект S” нэрийн жижиг савалгаатай ахуйн хэрэглээний зургаан цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байна. Харин Японтой хамтран “Нанопротект Т” буюу тусгай тоног төхөөрөмжөөр нимгэн бүрхүүл суулгана. Энэ нь титаны давхар исэлд суурилдаг. Япончууд үүнийг анх нээсэн тул ойрын хугацаанд Нобелийн шагнал хүртэнэ гэж үздэг. 2020 оны Токиогийн олимпод бэлтгэхдээ галт тэрэг, метроныхоо буудлыг бүхэлд нь титаны оксидын бүрхүүлтэй болгож байгаа. Мөн томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэрт ихээр ашиглаж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг цагаанаар хийхээр амархан бохирдоод цэвэрлэж болдоггүй. Хараар хийхээр байгалийн гэрэл тусдаггүй.

Харин одоо титаны оксидыг үйлдвэрлэлд оруулснаас хойш цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг дандаа цагаанаар хийдэг болчихсон. Ингэснээр гаднаас байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрдэг. Гэхдээ бороо орох бүрт өөрийгөө цэвэрлэдэг зэрэг олон давуу талтай. Бид энэ технологийг Монголд нэвтрүүлэх үедээ жүжигчин Г.Ундармаагийн ЭХЭМҮТ-д байгуулсан “Итгэлийн танхим”-д 6.5 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнээр нано нимгэн үеийн бүрхүүлийг суулгасан. Өвчтэй хүүхдүүд очдог газарт агаар орчин мөн л маш их вирус бактеритай байдаг. Тиймээс түүнийг ариутгах бүрхүүлийг хийсэн юм. Энэ технологи нь байгалийн болон нарны гэрэл тусч байгаа орчинд идэвхжээд ойр орчмынхоо агаар дахь бактери, хорт нэгдлийг устгадаг.

-Түүхий эдээ Монголд бэлтгэх боломжтой юу?

-Нимгэн бүрхүүл үеийн технологи үүсгэдэг шингэнд нано жижиг хэмжээстэй цахиурууд агуулагддаг. Шүршихээр шингэн нь ууршиж нөгөө гадаргуу дээр нь цахиур нимгэн үе болж үлдэж байгаа юм. Тэрхүү нано хэмжээстэй цахиураа манай компани гадаадаас импортолж байна. Оксид гэх мэт бусад нэмэгдлээ өөрсдөө боловсруулан гаргаж байгаа. Нано хэмжээстэй нунтаг хийдэг үйлдвэр тоотойхон байдаг гэдгийг дээр дурдсан. Тиймээс бусад улс ч гэсэн яг манайх шиг тэр цөөн хэдэн компаниас л авдаг.

-Шинэ үйлдвэр оруулж ирж суурилуулахад өртөг өндөртэй гэдэг. Гэтэл өндөр үнэтэй үйлдвэрээс ямар ашиг гарах юм бэ. Товчхондоо хэнд ашигтай гэж? 

-Нано технологи өндөр үнэтэй гэдэг буруу ойлголт хүмүүст байдаг. Гэтэл судалгаандаа л маш өндөр үнэ хөлс төлдөг. Яг бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхэд тодорхой хэмжээгээр зардал гарсан ч эдийн засгийн үр ашиг нь хамаагүй өндөр байдаг. Манай улсад энэ талын мэдээлэл хомс. Тиймээс монголчууд нано технологи ашиглана гэж юу байдаг юм бэ гэсэн утгатай зүйлийг хамгийн сүүлд Баабар гуай хүртэл бичсэн. Үнэндээ тийм биш. Судалгаандаа мөнгө хаяж чаддаггүй учраас нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, улс хөгжихгүй байгаа юм. Гэтэл бид зэсээ нано технологийн хэмжээсээр нунтаглаад гаргавал одоо экспортод гаргаж байгаа үнийг хэд дахин нугалж олох боломжтой.

Зууны мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.