Д.Хишигмаа: Хүүхдэд цээжлүүлэх биш ойлгуулах нь л хамгийн чухал
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэгэн ярилцлагадаа “Боловсрол дагасан хөгжил гэж байхаас хөгжил дагасан боловсрол гэж үгүй” хэмээн хэлж байсан. Улс орны хөгжлийн үндэс суурь нь боловсрол юм бол энэ салбарын чанарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Тиймдээ ч БШУЯ “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр боловсруулж, түүнийгээ Засгийн газраар батлуулсан.

Энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь ирээдүйн иргэн бүр эрдэм боловсролтой, зөв хүн болж төлөвших явдал юм. Үүний тулд эхлээд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Одоо Монгол улсын нийт сургууль, багш нар нэг ангид сурч байгаа хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Харин энэ зорилго үнэхээр биелж байна уу, хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш нар хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг бид сурвалжлахаар Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8д ангиар зочилсон юм.

- Танай сурагчид өмнөхөөсөө илүү хичээлдээ дуртай болсон гэж ярьж байна. Та хүүхдүүдийнхээ идэвхийг яаж сайжруулав?

- Би физикийн багш. Улсад 26 жил багшилж байна. Хүүхдүүдийн анхаарлыг татаж, тэдэнд сонирхолтой байдлаар хичээлээ ойлгуулахын тулд эхлээд гарын доорх материал ашиглаж онолоор заасан зүйлээ хүүхдүүдээр туршилт хийлгэж эхэлсэн. Сурагчдаар өөрсдөөр нь багажийг нь бариулаад, туршуулаад, дараа нь дүгнэлт гаргуулаад сүүлд нь өөрөө ерөнхийд нь хийж үзүүлээд зөв, бурууг нь хэлж өгч, чиглүүлдэг. Тэгэхээр хүүхдүүд маань хичээлдээ их идэвхтэй болдог. Өөрсдөө хийгээд дараа нь багшаас онолын хувьд асуугаад, багш хийсэн дээр нь туслаад явахаар хүүхдүүд их дуртай байдаг юм билээ. Тэгээд энэ туршилтаа ангидаа хийхээс гадна гэртээ хийж ирэх боломжийг олгоод гэрийн даалгаварт нь өгчихдөг.

Гэхдээ гэрийн даалгавраа шалгах хатуу хугацаа өгдөггүй. Хүүхэд өөрсдөө сонирхсон зүйлээ хийж чадаж байгаа учраас шаардаагүй байхад л үзүүлдэг. Жишээ нь нэг улиралд цахилгаан гүйдэл гэдэг хичээл орлоо гэхэд багш эхлээд ерөнхий зүйлийг нь заагаад өгчихнө. Дараа нь хүүхдүүдээр өөрсдөөр нь цахилгаан гүйдлийн хэлхээ хийлгэдэг. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдөө эрэл хайгуул хийж, учрыг нь олоод өөрсдийн цуглуулсан зүйлсээ хэлхээд гэрэл асааж чадсныхаа дараа жигтэйхэн их баярладаг. Ингээд улам сонирхоод дараа дараагийн шинэ зүйлсээ үзэхийг хүсдэг.

- Хүүхдүүдээр өөрсдөөр нь хэрэглэгдэхүүн хийлгэдэг гэсэн үг үү? Сургуульд тань физикийн лаборатори байдаг биз дээ?

- Энэ жил яамнаас 200 сургуульд физик, химийн иж бүрэн лаборатори өгсөн. Түүний нэг нь манай сургууль. Энэ бол маш сайхан ажил болсон. Хими, физикийн лабораториуд маань “амь ороод” л явчихаж байгаа юм. Хүүхдүүдээр хийлгэхийн тухайд бол хэрэглэгдэхүүн байхгүйдээ биш илүү сайн ойлгуулахын тулд л хийж байгаа ажил. Харин бэлэн лабораторио ашиглаад хүүхдүүдэд маш хурдан үзүүлж, харуулж, бариулж, ойлгуулж байгаа юм. Тэндээс мэдсэнээрээ л өөрсдөө гарын доорх материал ашиглаад тухайн зүйлээ хийдэг гэсэн үг. Ингэж байж л хүүхдийн толгойд яг мэдлэг болж сууж өгнө. Хүүхдүүд маань шинэ лабораторидоо ажиллах үнэхээр дуртай. Учир нь өмнө нь самбар дээр зурж үзүүлдэг байсан үзэгдлүүд одоо нүдэн дээр нь, гарт нь мэдрэгдэж байгаа болохоор илүү сонирхолтой болсон.

- Хичээлээ өмнө нь ингэж заах боломжгүй байсан хэрэг үү?

- Надад хуучны оросын хэдэн хэрэглэгдэхүүн бий. Түүнийгээ ашиглаад заадаг байсан. Гэхдээ одоогийнх шиг хүүхэд бүрийг хөгжүүлэх гэсэн зорилго өмнө нь байгаагүй шүү дээ. Багш бол хичээлээ тасалдуулахгүй орж, хүүхдүүддээ өгөх мэдлэгээ өгчихөөд дараа нь шалгалт аваад сайн бол сайн муу бол муу гээд л явдаг байсан. Одоо бол бүх хүүхэд энэ хичээлийг ойлгосон байх ёстой. Хүүхэд муу сурч байсан бол дунд руу орох, дунд байсан бол онц, сайн руу дэвших ёстой. Хүүхэд бүрт заавал ахиц гарах ёстой гэдэгт л ухаанаа зардаг болсон. Тиймээс багш нар хуучин шигээ самбар шохой нийлүүлж нэг томъёо зааж, цээжлүүлчихээд түүнийгээ дараа нь асуудаг байхаа больчихсон. Одоо аль болох хүүхдүүдийнхээ сонирхлыг татахуйц байдлаар хичээлээ явуулж, тухайн хүүхэд ойлгож, заасан хичээл маань хүүхдийн толгойд мэдлэг болж үлдэх нь гол зорилго.

- Тэгээд ангийн тань хүүхдүүдийн сурлагад хэр ахиц гарав?

- Бид ахицын дэвтэр гэж хөтөлдөг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хүүхдүүд маань 60-90 хувийн ахицтай хичээллэж байна. Өмнө нь “F” үнэлгээ авдаг байсан хүүхэд одоо “С” үнэлгээтэй сурч байна. Заавал бүгд шууд онц болно гэж байхгүй. Үнэлгээний хувь хэдэн порцентоор өсч байна гэдэг л маш том ахиц шүү дээ. Тийм болохоор манай ангийн хүүхдүүд үнэхээр сайн ахиж байгаа.

- Бусад хичээлүүд дээр ямар байгаа бол?

- Мөн л ялгаагүй. Багш бүр өөрсдийн заах хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар ордог болж байна. Хүүхдэд цээжлүүлэх биш ойлгуулах нь гол юм болохоор яаж амар, энгийн аргаар ойлгуулах вэ гэдэгт багш нар ухаанаа уралдуулж байгаа. Бас өмнө нь тайлан конспект бичнэ гэж их ажил байлаа. Түүнтэйгээ зууралдсаар л нэг хичээлийн жил дуусдаг байсан. Хичээлээ хэрхэн заах вэ гэдэгт ингэж их ач холбогдол өгдөггүй. Одоо бол конспект огт бичихгүй байгаа. Гэхдээ бичиг цаасны ажил бас байна. Хүүхэд нэг бүрчлэн ахицыг нь үнэлж тогтооно гэдэг амаргүй.

Гэхдээ бичиг цаасны ажил ч гэлээ конспектийг бодвол илүү үр дүнтэй ажил. Энэ хичээлийн жилээс эхлээд багшийн ажлыг тайлангаар нь биш хүүхдийнх нь ахицаар үнэлдэг шинэ журамтай болсон. Энэ бол маш зөв. Сайн ярьдаг, тайлагнадаг нь биш сайн үр дүнтэй ажиллаж, хүүхдүүдээ хөгжүүлж чадсан багш л сайн үнэлүүлнэ гэдэг бол их шударга санагдаж байгаа. Яамнаас баталсан Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журамд багш нар их ам сайтай байгаа.

- Тэгэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үнэхээр боломжтой юу?

- Боломжтой. Хөгжүүлэхийн төлөө ч зүтгэж байна.

- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд дээрх шиг сонирхолтойгоор хичээллэх нь зүйтэй юм байна. Гэхдээ хамгийн түрүүнд хүүхэд бүрийнхээ юу чаддаг эсэхийг мэдэх хэрэгтэй биз дээ?

- Тэгэлгүй яахав. Хамгийн түрүүнд хүүхдийнхээ чадварыг тогтоох хэрэгтэй. Бид оношлох гэж ярьдаг. Түүнийхээ дараа ахиулах шаардлагатай хүүхдүүд гараад ирнэ. Тэдгээр хүүхдүүд юунд илүү сонирхолтой вэ гэдгийг нь тодорхойлно. Түүнийхээ дараа сургалтаа явуулна.



8д ангийн сурагч Б.Бат-Алтай: Би хичээлдээ маш их дуртай болсон

- Чи ямар хичээлдээ дуртай вэ?

- Математик, физик

- Яагаад энэ хичээлүүдэд дуртай гэж?

- Би юмыг бодож, учрыг нь олох дуртай болохоор тоонд дуртай. Физикийн хичээлдээ өөрөө туршилт хийдэг болохоор дуртай болсон.

- Өмнө нь физикийн хичээл дээр туршилт хийдэггүй байсан юм уу?

- Үгүй. Дандаа томъёо үздэг байсан....нэг их сонирхолтой биш байсан.

- Тэгээд хэзээнээс та нараар туршилт хийлгэдэг болсон юм бэ?

- Энэ намраас эхэлж. Багшийн заасныг бид өөрсдөө туршиж үздэг. Жишээлбэл цахилгааны хэлхээний тухай үзээд дараа нь бид нар өөрсдөө хэлхээ бүтээдэг болсон. Тэгэхээр үнэхээр сонирхолтой. Амархан ч ойлгодог. Бас дахиад шинэ зүйл мэдээд түүнийгээ туршиж үзэхийг хүсдэг болсон.

- Өмнө чи тэгвэл физикийн хичээлдээ муу байжээ?

- Тийм... Гэхдээ одоо бол би дандаа сайн үнэлгээ авдаг болсон. Цаашид улам сайжирна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Энэ ангийн багш Д. Хишигмаагийн хэлж байгаагаар хүүхдүүдийнх нь сурлага нэг жилийн дотор эрс сайжирсан. Одоо 8д ангийн 35 хүүхэд дунд сурлагын хувьд бусдаасаа хоцорсон хүүхэд байхгүй аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.