Д.Өлзийбаатар: Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно

Дэлхийн 200 орчим орон бүр өөрийн онцлогтой. Германчууд цаг баримталдаг, японууд аливаа ажлыг чанартай гүйцэтгэдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Харин монголчуудыг ямар чанар тодотгох вэ. Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай энэ талаар болон монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж түүхэн цаг үед хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар ярилцлаа.


-Монголчууд дэлхийн талыг эзэлж, дэлхийн түүхийн гол рольд тоглож явсан. Хүчирхэг явсан тэр гайхам түүхийн мөн чанар нь яг юу байв. Ямар хүчин зүйл монголчуудыг нэг туган дор нэгтгэж, их гүрнийг байгуулсан юм бол. Мэдээж хууль, захиргаадалт зэрэг нь монголчуудыг нэгтгэхэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байж болох ч монгол хүний яг ямар мөн чанар, давуу тал үүнд нөлөөлсөн бэ?

-Монголчууд амьдран суугаа газартаа төрт улсаа цогцлоосон цаг үеэсээ л эхлээд өөрийн өвөрмөц оршихуйг бий болгож бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Өнөөгийн дэлхийн улс төрийн газрын зурагт тусгаар улс гэж тэмдэглэгдсэн 200 шахам улс орнууд дотор монголчууд шиг урт баялаг түүхтэй, тэр ч бүү хэл дэлхийн түүхэнд  бүхэлд нь доргио цалгиа үүсгэж ертөнцийн ард түмнийг бүхэлд нь нэгтгэн хоёр, гурван зуун жил захирч явсан ард түмэн байхгүй. Хүн нарын түүхийг ярихаа больё.

1206 онд Их Чингис хааны байгуулсан таван сая гаруй км.кв нутагтай нэг сая гаруй хүн амтай, 120 мянган цэрэгтэй Монгол хэмээх улс, түүний ард түмэн хэрхэн ийм үйл хийсэн нь түүхийн нууц хэвээр л байна. Дэлхий нийтээрээ монголчуудын энэ нууцыг тайлах гэж оролдож ирсэн, оролдсоор ч байна.

Олон зүйлийн гаргалгаа дүгнэлт хийсэн олон ч ном бүтээлүүдийг дэлхий дахины судлаач нар туурвисан. Тэдний санал бодлыг нэгтгэж үзвэл монголчуудын чанд хатуу сахилга бат, зохион байгуулах чадвар, бэлчээрийн морьд болон нум сумны өндөр технологи дээр суурилсан цэргийн стратеги, тактикийн өвөрмөц дээд түвшин, дээр нь монгол хүний байгальд дасан зохицох бие физиологийн гайхам өгөгдөл гэсэн дүгнэлтүүд зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, монголчууд тухайн үедээ хурд, технологийн дээд түвшинд байж. Монголчууд бэлчээрээр идээшилдэг, тэсвэртэй, холын зайг туулах чадвартай морьдоо дайны гол хэрэгсэл болгож чаджээ. Бидний өвөг дээдэс мал ахуйнхаа түүхий эдийг тухайн үедээ технологийн дээд түвшинд боловсруулж байж. Тэд хуурай сүү, борцолсон бүтээгдэхүүнийг бүтээсэн нь аян дайны стратегийн гол хүнс, хурд хүчний гол эх үүсвэр болсон бөгөөд малын арьс ширээр хүнд хөнгөн бат бөх, уян зөөлөн, чимээ шуугиангүй, үзэмжтэй сүрлэг хуяг өмсгөл, дуулга малгай хэрэглэдэг байсан нь амжилтынх нь нууцын нэг байв. Монголчуудын бүтээсэн цэрэг дайны технологийн гол зэвсэг нь эвэр нум бөгөөд тусгал нь одоогийнхоор 600 метр, бай сөнөөх чадвар нь 400 метр байжээ.

Эвэр нум бол малын эврийг тусгай технологийн дагуу нааж, уян харимхайн хүчийг дээд зэргээр ашиглаж болохоор бүтээсэн бөгөөд нум, хөвч хоёрын үйлчилгээг нэг болгосон зэвсэг. Тэгэхэд өрнөдийн дайчдын нумны тусгал нь 200 метр байж.  Тэдний нум нь мод бөгөөд зөвхөн хөвчөө хүчлэн татаж харвадаг учраас тусгал нь хол биш байж. Энэ бол технологийн илт давуу байдал шүү дээ.

Үүн дээр монгол хүний мөн чанар нэмэгдэнэ. Энэ бол таны асуултын гол агуулга нь байх. Хамгийн гол зүйл бол Чингис хааны агуу их алсын хараа, хүнийх нь чанар, зохион байгуулах чадвар, билиг ухаан гэж би хэлнэ. Чингис хаанаас өмнө монгол угсаатнууд байж л байсан, тэр ч бүү хэл Хүн гүрний үед бас л Ази, Европыг доргиож дэлхийн түүхэнд нөлөөлж л явсан шүү дээ.

Харин Чингис хаан монголчуудын дунд их эвлэрэл, чанд хатуу сахилга бат, үзэл санаандаа, нөхөрлөлдөө үнэнч байх, нэр төрөө эрхэмлэх ёс суртахууны үнэт зарчмыг тогтоож түүнийхээ хүчинд монгол хүний эерэг төлөв, дотоод их чадавх, нөөц эрчмийг нээн гаргаж бодит хүч болгосон юм. Тийм учраас монголчууд дэлхийн түүхийн гол тоглогч болсон гэж боддог. Тэрээр Монголын ертөнцийг том дэвсгэр дээр харж  чадсан учраас шинэ Монголын хүчирхэг, ид хавтай шинэ хүнийг  бий болгосон.

Ер нь аль ч үндэстэн ард түмэн эерэг, сөрөг зан чанартай шүү дээ. Муу цаг үед сөрөг чанарууд нь товойж, сайн цаг үед эерэг зангууд нь давамгайлдаг. Ганц монгол гэлтгүй.

-Тэгвэл түүхэнд монгол хүний ямар зан чанар улсынхаа хүчийг сааруулсан байдаг вэ. Жишээ гэвэл?

-Дотоодын хагарал бидний хүчирхэг, нэгдмэл, өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж нэгдмэл том эрх ашигт суурилсан үзэл санаа, ёс суртахууны үнэт чанаруудыг  бүрхэгдүүлсэн. Явцуу эрх ашгаас үүдсэн амин хувиа хичээх, урвах, явган заль гаргах, ордны тансаглалд автах, хов үгээр улс төр хийх явдал Юан улсын сүүл үеэс эхлэн гарах болсон доо. Ер нь Их Монгол улсын үед биднийг гаднаас унаган дийлэх хүч байхгүй болсон юм шүү дээ. Харамсалтай нь, манай эрх баригчид дотоод их эрчмээ хоорондоо талцан мөчөөрхөх, газар нутаг булаалдах, нөлөөгөө тэлж өргөсгөх гэх мэт зүйлд зарцуулах болсон нь улс бутрах, жижигрэх гол нөхцөл болсон. Алтан орд улс, Ил Хаант улс хоорондоо дайтаж үүнээс үүдэн аль алиных нь хүч сулрах үүд нь нээгдсэн. Юан улсын хаан Тогоонтөмөр ордны хэт тансаглалд автан төрийн ажлаа хойш тавьснаас үүдэн улсаа мөхөөж, Их улсын нэгдмэл байдлыг алдагдуулсан.  Тэр ордны ховонд автсанаар өөртөө үнэнч итгэлтэй нөхөд, жанждаа алдаж, нэр хүндээ унаган түших нөхөдгүй болж, эцэстээ хятадын нэг зальжин босогчид хаан суудлаа ширвүүлж эх нутаг руугаа хөөгдсөн. Энэ мэт гунигт жишээ  олон.

-Монгол хүний мөн чанарыг та түүхэн цаг үеэр дүрслэхгүй юу. Их Монгол улсын өмнөх монгол хүн, Их Монгол улсын үеийн монгол хүн, бага хаадын үеийн монгол хүн, Манжийн эрхшээлд орох үеийнх, Үндэсний эрх чөлөөний үеийнх, социализм байгуулах үеийн монгол хүний давуу болон сул талыг хэлэхгүй юу. Тэндээс ямар чанар нь алдагдсанаас бид сул дорой болов, ямар чанар сэргэснээр бид тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэж тэмцэв. Жишээ дурдвал бүр сайн байна?

 -Энэ их урт яриа болноо. Товч хэлэхийг хичээе. Та миний лекцийг анзаарчээ дээ.

-Үнэнийг хэлэхэд таны лекцийг сонсч байгаагүй юм байна. Гэхдээ монголын түүхийг алганы хээ шигээ мэдэх хүн нь та болохоор энэ талаар танаар яриулах нь зөв гэж бодсон юм?

-Би сүүлийн үеийн лекцийн сэдвээ голдуу монгол хүний үнэлэмжийн талаар хийж байгаа. Тэхээр бид хэн байсан, одоо хэн болсон гэдэг асуудал их чухал санагддаг. Түүхийн сургамж дээр үндэслэсэн ухаарал ч гэх юм уу, дүгнэлт ч гэх юм уу, эсвэл эрэгцүүлэл ч гэх юм уу. Та ч гэсэн үүнийг анзаараад надад энэ асуултыг тавьж байгаа байх. Тухайн үндэстний зан чанар цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг нь үнэн. Цаг үе болгоны хүн ардын эерэг, сөрөг зан чанарыг тус тусад нь тодорхойлон ярихад дээр хэлснээр бид хоёрт цагийн зав, цаасны зай хэцүү. Ерөнхийд нь базаж хэлэхэд ард нийтийн бүрэн эрх ашигт нийцсэн нэг зорилго, нэг үзэл санаа, нэг удирдлага дор үндэстэн зангидагдаж тэр нь нийт үндэсний ёс суртахууны хэм хэмжээ болон тогтсон цагт мандан бадардаг нь ертөнцийн улсуудын жам аж. Үүнийг Чингис хааны Их Монгол улс харуулсан. Манай их хааны зорилго амбиц ч их том байж. Бүх ертөнцийг “эв баясалд нэгтгэх нь бидний зорилго” гэсэн Чингис болон түүний дараах их хаадын үзэл санаа нь нийт монголчуудын тэмүүлэл болон төлөвшсөн байна. Хамгийн гол нь энэ зорилгоо тэд биелүүлж чадсан. Монголчуудын бүтээсэн эринг Pax Mongolica гэдэг. Үүнийг сайн цаг гээд хэлчихэж болно. Ийм эриний эзэд нь ёс суртахууны өндөр зарчимтай, үлгэр жишээч, сахилга бат, зохион байгуулалттай, бусдыг бишрүүлэх, хүндэтгүүлэх сайн чанарыг агуулсан, аль ч талаараа бусдыг араасаа дагуулах чадвартай байж л зорилгодоо хүрнэ шүү дээ. Монголчууд тийм шалгуурыг хангаж чадсан ард түмэн байсан учраас бидний хөл хүрсэн газар орны ард түмнүүд  бишрэн дагасан. Тэр үеийн монголчуудын зан байдлын тухай олон сурвалж, тэмдэглэлүүд бий. Тоймлоод ганц жишээ хэлье л дээ. “Монголчууд дотор хэрүүл тэмцэл ба хүний амь хохироох явдал үгүй, харилцан эелдэг найрамдуу, хэрэг зарга ховор хулгай дээрэм байхгүй тул аливаа авдар сав нь онгорхой, хоорондоо эвтэй найртай, тэд хоол ундаа хуваан хэрэглэнэ, алдуул малыг олсон хүн хадгалж байгаад эзнийг нь олж өгнө” гэх мэтээр бичсэнийг Амар гуай номондоо бичсэн байдаг. Харамсалтай нь сайн цаг дуусахад бидний эерэг занг сөрөг зан давамгайлж эхэлсэн.  Бутрал самуун, харийн эзэрхийлэл чинь муу цаг үе шүү дээ. Муу цагт муу зан чанар товойж сайн зан чанар бүдгэрнэ. Хувиа хичээж, амиа хоохойлсон, алт мөнгө, алдар хүндэд дурласан, сэтгэлгээ өргөн холч биш, хялбар олзонд шунамтгай, хүчтэний өмнө хулчгар, доройгийн дэргэд дээрэнгүй, шударгаас зальхайг илүүд үзэх сөрөг зан чанар монголчуудын дунд энэ үеэс соёолон ургаж эхэлсэн дээ.  ХХ зууны эхэн үед манайд ирж судалгаа хийсэн И.Майский гэдэг хүн бидний энэ үеийн эерэг сөрөг занг тодорхойлон бичсэн нь бий. ХХ зуун бол энэ байдлаасаа гарах гэсэн тэмцлийн зуун.

Тийм ч учраас энэ зууны эхэн ба дунд үетэй одоогийн цаг үеэ байнга харьцуульж харж байх учиртай юм. Өвгөдөөс улбаалсан цаад язгуур их сайн чанарууд бидний генд байж л байгаа. Цагаа түвшитгэж байж л сайн зан чанараа гаргаж ирнэ, цаг нь муу байвал хүний муу зан чанар улам л тодорно.

-Герман хүнийг цаг яс баримталдаг, япон хүнийг аливаа ажлыг чанартай гүйцэтгэдэг гэдэг. Харин монгол хүний мөн чанар юу вэ. Одоо монгол хүний үнэ цэн, үнэлэмж ямар байгаа гэж та боддог вэ?

-Уг нь одоо бидний амьдарч буй цаг үе Үндсэн Хуульд зааснаараа бол “хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний ардчилсан” нийгэм. Энэ нийгэм зөв босож байгуулагдсан бол хүний хөгжил төвд нь тавигдсан, хүний хамаг сайн сайхан чанар илрэн гарсан, Монгол хүний үнэлэмж маш өндөр түвшинд очсон байх учиртай. Энэ байдал харагдахгүй л байна даа. Эргэн тойрноо хар даа. Дүүрэн ядуус, бухимдал, хэрүүл маргаан, шударга бус явдал, баян ядуугийн хэт их ялгарал, баялгийн оновчтой бус хувиарлалт гээд л өглөө оройгүй хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр ярьцгааж байгаа биз дээ. Монгол хүн гадаадад хөдөлмөр эрхлэхээр олноороо явж байна. Энд үлдсэнийх нь хөдөлмөрийн үнэлгээ тун бага. Нийгмийн аливаа үйлд оролцох хүний оролцоо тэгш бус, хөрөнгөжих эх үүсвэр шударга өрсөлдөөнөөр биш, төрийн албаны чадавх сул, олон түмний дунд нэр муу, шударга ёсны хэмжүүр алдагдсан гээд л жагсаагаад байвал цааш их явна. Тэгэхээр цаг сайжраагүй байна.  Эрхэм дээд монгол хүн бүтээх үзэл санаа, зорилгодоо бид хүрээгүй байна. Монгол хүний үнэлэмж, үнэ цэн муу байна, яг одоо монгол хүний сөрөг зан чанар эерэг зан чанараа давамгайлж байна.

МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХУЛГАЙЧ ЗАН ОЛДМОЛ

-Сайн болон сул тал нэгдээд монгол хүн хэмээх ойлголтыг бүрэлдүүлж байгаа. Монголчуудад олон сул тал байх шиг. Тухайлбал, урт гартай, аливаа асуудалд хариуцлагагүй ханддаг. Үүнээс болоод дэлхийн зарим үйлчилгээний газрууд монгол хүнд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Дээр үед монгол айлууд гэрийн хаалгаа түгждэггүй, авдар нь цоожгүй, хулгайн хэрэг гардаггүй байсан гэж та баримт дурдлаа. Гэтэл одоо урт гартайгаараа дэлхийд “алдартай” боллоо. Энэ зан чанар олдмол  юм уу. Дээр үед хууль нь чанга байсан болоод л хулгай хийдэггүй байсан юм болов уу?

-Монголчуудын хувьд бол хулгайч зан олдмол. Ер нь хулгайч, эсвэл огт хулгай хийдгүй ард түмэн гэж байдаггүй байхаа. Урт гартууд аль ч оронд аль ч цаг үед байж л байсан байх. Амьжиргааны хүрэлцээгүй байдал, улс орных нь хөгжлийн түвшин, нийгэмд нь ноёлж буй уур амьсгал хүмүүсийн ухамсрын түвшинд эс өгснийг авах сэтгэлгээ суулгачихдаг болов уу даа. ХХ зууны эхэн үед дээр хэлсэн Майскийгаас гадна манайд байсан олон гадны хүмүүс монголчуудын зан байдлын тухай бичиж үлдээсэн.

Тэд Монголд хулгай байдаггүй тухай, монголчуудын найрсаг, зочломтгой, ахас ихэс, хүүхэд багачуудад их хайртай, гэнэн цайлган, тусархуу цагаан, хошин шогийн мэдрэмжтэй, алиа хошин, авхаалжтай, хурдан сэтгэдэг, хүлээцтэй, аливаад  дасан зохицох байгалийн чадвартай, зоригтой, тэсвэр тэвчээртэй зангийн тухай олонтой бичиж үлдээсэн байдаг.

Зуухан жилийн өмнө шүү дээ. Энэ бол бидний язгуур чанар юм. Таны хэлдгээр олон хүн сайнтай, муутай байдаг шиг хувь хүнд ч сайн, муу чанар холилдон байдаг. Гагцхүү миний дахин дахин хэлээд байгаа цаг үе нь зөв болчихвол сөрөг чанарууд нь гээгдэн орхигдож эерэг зөв зан чанар нь цаанаасаа урган гараад ирнээ.

ШИНЭ ЦАГИЙН УРТ ДУРЫНХНЫ САНАА ИХ Ч ЖОЛОО НЬ БОГИНО ЮМУУ ДАА

-Өнөө цагийн монгол хүнийг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?

-Өнөөгийн цаг үеийн монгол хүнийг, эрх чөлөө, дураар авирлах хоёрыг нэг гэж ойлгосон, морь машин хоёрыг ижил гэж сэтгэдэг, эрх мэдэл хариуцлага хоёрын зааг ялгааг умартсан  шинэ цагийн урт дурын хүмүүс гэмээр байна. Сайн цаг ирэхээр бүгдийг сууриар нь зөв таньсан зөв монгол хүн болж өөрчлөгдөх байх. Гэхдээ их удахгүй бизээ, монгол хүний аливаад дасан зохицож түүнийг өөриймшүүлэх чадвар маш сайн.

 -Урт дурын хүмүүс гэж хэнийг хэлж байна вэ. Энэ цаг үед Монгол Улсыг сэргээх, хүчирхэгжүүлэх тийм монгол хүнийг дүрсэл гэвэл та хэрхэн дүрслэх вэ?

-Язгуур эрхээ алдсан сул чөлөөтэй, дураар сэлгүүцэх, хэнд ч харьяалалгүй язгууртан хүмүүсийг манай дунд үеийн түүхэнд ийн нэрлэдэг байсан юм.  Шинэ цагийн урт дурынхны санаа их ч жолоо нь богино юмуу даа. Түүхээ түшиж, түмнээ бодсон, нэгэн биеийн ашгийг огоорч нийтийн төлөө өөрийгөө зольсон тийм л хүн цагийн сайхныг авчирна гэж бодож байна.

МОНГОЛЧУУД СЭРГЭЛТИЙН ЦАГ ХУГАЦААГАА ТУУЛЖ БАЙНА, УДАХГҮЙ БОСООД ГҮЙНЭ

-Монголчуудын сэргэн мандалт болон бууран доройтолт тодорхой давтамжтай байдаг гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Монголчуудын сэргэн мандалт ойрын хугацаанд харагдаж байна уу?

-Ер аливаа зүйл цаг хугацаатай, цаг нь болохоор тэр үйл эргэлт буцалтгүй явдаг гэж мэргэдүүд хэлсэн байдаг. Улс гүрнүүдийн сэргэн мандалт, уналт, доройтол ч тэрхүү цаг хугацааны орчил дотор явагддаг. Монголын түүхийн байдал төлөвийг ажихад монголчуудын сэргэлт хурдан, уналт их удаан явагдаж байсан шиг харагддаг. Манай уналтын цаг зуун жилийн өмнө дууссан, тодруулбал 1911 оны үеэс. Тэгэхдээ өгүүлшгүй их гарз хохирол амссан л даа. Бид одоо сэргэлтийн цаг хугацаагаа туулж байгаа юм. Өнөөгийн 1.5 сая км.кв нутагт амьдарч буй  гурван сая Монгол угсаатны хувьд  шүү дээ.  Бид сэргэн мандах замаараа унахдаа унаж, мөлхөхдөө мөлхөж явна. Заримдаа цус нөжөө садартал чанга ч унаж байна. Тун удахгүй босоод гүйх биз. Босохдоо бүдэрч унасан мөрөө л эргэж сайн харах хэрэгтэй байх даа. Бидэнд хөгжлийн асар их нөөц боломж байдаг.

-Тэгвэл сэргэн мандалтыг наашлуулж, эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн “сайн монгол хүн” болгон хүмүүжүүлэх вэ?

-Бага ангийн сургалтыг л сайжруулахаас их зүйл шалтгаална гэж боддог. Бага ангийн багш нарын цалинг 5-6 сая төгрөг болгож нэг багшид ногдох хүүхдийн тоог багасгавал “сайн монгол хүн” хүмүүжин төрөх байх. Багш нарын шалгуур ч өндөрсөнө, тэр хэрээр “жинхэнэ хүн” бэлддэг багш бага боловсролын тогтолцоонд орж ирнэ. Тэд хулгайч бэлдэхгүй. Муу монгол цөөрөхөөр цагдаа, шорон, шүүгч, прокурор цөөрнө. Тийм биз дээ.
 

Р.Ренчиндулам
News.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • А 2019-04-10 12:01:09
    Энэ сэтгэгдэл бичиж буй хүмүүс ямар дорой, гутранги юм бэ дээ.
    202.126.89.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-10 08:25:47
    90 оноос хойш 30 жил боллоо.Яасан сэргэж шилжиж дуусдаггүй шилжилтийн үе вэ.Ард иргэд залхаж байна
    66.181.191.191
    Мэдэгдсэн Хариулах
    • Werty 2019-04-10 11:09:18
      Dahiad 30-50jil unah bhoo, tegeed sergelt irj magadgui.
      103.212.116.102
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-10 08:23:24
    Тэр сайхан цагийг үзэхгүй нь тодорхой. Үр хүүхэд минь үзвэл их юм даа.
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-10 04:05:52
    1990 оны ардчиллын дараагаар тухайн үед төр засгийн тэргүүнд байсан хүмүүсийн алдаатай бодлогын уршгаар өмч хувьчлал буруу явагдсанаас одоогийн энэ баян ядууги...
    66.181.177.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2019-04-09 18:07:21
    Монголын Монголчуудын өнөагийн энэ их уруудал доройтлын шалтгаан бол 40 гариу сая хүнийг хядаж улс орныг нь галдан шатаасан Чингисийнхний хар нүгэл.
    73.95.135.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Buya 2019-04-09 21:51:02
      Soliotoi huur vee chi ch odoo
      72.143.239.222
      Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2019-04-09 17:38:39
    Монголчууд одоо бол маш бага үнэлмжтэй болсон бна хаа сайгүй хүн гэдгийнхээ хувьд гадаадад бол хулгай танхай хэргийг хамгийн их үйлдэж бна аль ч улсад шүү
    219.248.163.3
    Мэдэгдсэн Хариулах
    • Ж 2019-04-09 17:39:25
      Гэтэл бид чинь 3хан саяуулаа шүү дэ
      219.248.163.3
      Мэдэгдсэн Хариулах