Хайрын урь ирлээ

Улаан даашинзтай үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн зураг бүхий “Хайрын урь” тоглолтын сурталчилгаа гарсан цагаас үзэхсэн хэмээн хүсэн хүлээж байсан хүмүүсийн нэгний хувиар танд энэхүү гайхалтай мэдрэмж өгсөн тоглолтын талаар товчхон хуваалцъя.

Мэргэжлийн дуучны чадал чансааг бие даасан тоглолт гарцаагүй илэрхийлдэг хэмээн мэргэжлийнхэн дүгнэдэг. Гуравдугаар сарын 30-нд Корпорэйт Конвэйншн Центрийн тоглолтын их танхимд “Хайрын урь” тоглолтын үзэгчид цагтаа суудлаа эзлэн Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин СТА Б.Долгормаагийн уран бүтээлийн анхны бие даасан тоглолт эхэллээ.

Дуучин Б.Долгормаа бие даасан 3 цомог, 2 кино концерт, клипүүд хэдийнэ гаргаад байсан болохоор үзэгчид анхны тоглолтыг нь ийнхүү хүсэн хүлээж байсан биз ээ. Үзэгч, сонсогч, фенүүдийнх нь хүлээлтээс давсан гайхалтай сайхан тоглолт болсон хэмээн зориглон дүгнэхэд хэтийдсэн болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь “Хайрын урь” тоглолт мэргэжлийн өндөр түвшинд, ур чадварын үнэнхүү илэрхийлэл болж чадлаа. Мэргэжлийн үг хэллэгээр томъёолон хэлж чадахгүй ч тав, магадгүй зургаан мэдрэхүй үнэнээс хол зөрөхгүй.

Мэргэжлийн хэмжээнд зохион байгуулагдсан, гайхалтай найруулга бүхий уг тоглолт хамгийн сүүлийн үеийн, зориулалтын тоног төхөөрөмж бүхий тайзнаа болсон нь чанар чансааг улам өндөрт өргөсөн гэж болно. Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Сүлд чуулгын найрал хөгжим, Хүүхдийн ордны найрал дуучид, Консерваторийн утсан хөгжимчдийн бүрэн бүрэлдэхүүн оролцож дэлхийн болон монголын урлагийн сор бүтээлүүдээр үзэгчдийнхээ сонорыг мялааж сэтгэлийг уяраалаа.

“Хайрын урь” тоглолтдоо Б.Долгормаагийн дуулсан дуу бүр нь дуулаачийн ур чадвараа бүрэн илэрхийлэхүйц маш оновчтой сонгосон бүтээлүүд байв. Учир нь тэрээр дуулаачийн гурваас дээш төрөл жанрт хөрвөн тухайн жанрын уран чадварыг гайхуулж байсан нь бүтээлийн зөв сонголт хийгээд дуучны онцлог шинж чанарыг улам тодотгон харуулж байсан юм. Жишээлбэл мэргэжлийн дуурийн дуучдын чансааг харуулдаг Монгол Сонгодог хэмээн зүй ёсоор өргөмжлөгдсөн томоохон бүтээлүүд болох МУСГЗ С.Жамбалдоржийн шүлэг, төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын хөгжим “Хүний заяа”, АУЗ Т.Галсангийн шүлэг, төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь”, төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын найруулга монгол ардын дуу “Бүүжидмаа” зэрэг уран бүтээлийг дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг улам их хөглөж байв. Мөн тоглолтод дуучинтай нэгэн цаг үед СУИС-д суралцаж явсан уран бүтээлийн анд нөхдүүд, СТА Э.Төрмандах, Б.Жавхлантөгс, Л.Эрдэнэболд нар оролцсон юм.

Тоглолтын нэгэн чимэг нь Б.Даваасүрэнгийн шүлэг, СТА Ш.Өлзийбаярын хөгжим “Эгшиглэнт эхийн дуу” буюу Янжинлхам Бурханы магтууг дуулахад нь түүний том охин Ө.Гэгээнзаяа нугаралтын үзүүлбэр хийсэн явдал үзэгчдийн нүднээс хайр бахархлын нулимс дуслуулж байлаа. Үзэгч олны сэтгэлийн нандин утсыг хөндсөн нь нэгээр зогсохгүй. Тоглолт тэр аяараа уярал, ухаарал, хайр шингэсэн цаг мөчийн бэлэг байсан гэдгийг хэлэх үзэгч ч цөөнгүй. Ялангуяа түүний үрсдээ зориулан дуулсан “Үртэй хүн жаргалтай” дуун дээр гэр бүлийнх нь халуун дулаан уур амьсгал, хайр цалгисан гэрэл зургуудыг дэлгэсэн нь дулаан цучил хайж бэдэрсэн олон зүрхийг дулаацуулам гайхалтай агшин байлаа.

Дээр дурдсанчлан дуучин Б.Долгормаагийн хөрвөх чадвартайг илэрхийлэх бас нэгэн төрөл бол хэн дуртай нь дуулаад байдаггүй монгол ардын дуу юм. Тэрээр монгол ардын дуунууд болон ардын дууны попурийг мэргэжлийн дуулаачийн хэлбэрээр төдийгүй ард түмний дунд аялагдаж, өвлөгдсөн ая дангаар нь дуулсан явдал чадвар чансаа төдийгүй мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадлаа.

“Хайрын урь” тоглолтын талаар бичих зүйл дуусаж дундраагүй л байна. Гэвч эрхэм таны цагийг хүндэтгэн энэ хүрээд өндөрлөе. Харин дуучны талаар улам ихийг мэдэхийг хүсвэл телевизийн олон сувгаар гарч буй “Хайрын Урь” нэвтрүүлгийг таалан соёрхоорой. Уг нэвтрүүлгээс та Б.Долгормаа хэмээх дуучны болоод хувь хүний дотоод ертөнцийн өнгийг харж, түүний мөн чанар амьдралынх нь замналыг дэлгэрэнгүйгээр мэдэх боломжтой.

Сэтгүүлч А.Дэлгэрмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.