Капитал банкны асуудлыг эдийн засагчид ингэж үзэж байна
Байр суурь:

Монголбанкнаас Капитал банкийг татан буулгаад буй. Одоогоор банкны эрх хүлээн авагч Капитал банканд ажиллаж байгаа талаар төв банк мэдээлсэн. Үүний дараа Хадгаламжийн даатгалын корпораци эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулалт хийж, жагсаалт гаргах юм байна. Ингэснээр хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ажил хийгдэх аж.  Зарим иргэдийн хувьд энэ талаар мэдээлэл аваагүй учраас банк санхүүгийн зах зээл хямралд орсон эсвэл харилцагч нар нөхөн төлбөрөө буцаан авах боломжгүй гэх зөрүү ойлголт гарах болсон. Үүнтэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

Урьдынх шиг эрсдэл хүндрэл эрс бага

Г.Бумчимэг /Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал, эдийн засагч/

-Капитал нь банк санхүүгийн системд багахан хувь эзэлдэг учраас татан буугдсан ч зах зээлд хүчтэй доргио үүсгэхгүй. Манай улс зургаан жилийн өмнөөс Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуультай болсон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр төрийн ачаалал багасч, банкууд өөрсдөө харилцагчдынхаа итгэлийг алдахгүй байх үүднээс хадгаламжийг нь даатгуулж эхэлсэн. Иймээс урьдынх шиг эрсдэл хүндрэл эрс бага. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хадгаламжийн даатгалын сан 190 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тоог харвал гишүүн банкууд хураамжаа сандаа төлж төвлөрүүлдэг нь харагдаж байна.

Хадгаламжийн даатгал олон улсад аль эрт хөгжиж эхэлсэн тогтолцоо
 
Ч.Отгочулуу /Эдийн засагч/
 
-Ийм үед банкууд өөрсдөө хадгаламжийн даатгалын сан бүрдүүлж, харилцагчдын өмнөөс хураамж төлдөг болсон нь том эрсдэлийг хааж байна. Хадгаламжийн даатгал манай улсад шинэ мэт боловч олон улсад аль эрт хөгжиж эхэлсэн тогтолцоо. Энэхүү тогтолцоог нэвтрүүлснээр банк давамгайлсан санхүүгийн салбарын хөгжилд ч тодорхой дэвшил гарч байна.
 
Капитал банк татан буугдсан нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй
 
Л.Оюун /МУИС-ийн багш, доктор/
 
-Капитал банк татан буугдсан нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй болов уу. Учир нь банкны системийн нэг хувийг эзэлдэг. Харилцагч, хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг гарган холбогдох санхүүжилтийн хамт Хаан банкинд шилжүүлсэн. Тэгэхээр иргэд харьцангуй тайван байж болох нь. Харин ч иргэд маань өөрсдийн хадгаламж нь 20 сая хүртэл даатгалтай байдаг талаар ойлголт авчихлаа. Зоос, Анод банк 2008 онд татан буугдахад гарч байсан эрсдэлүүдтэй харьцуулбал иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгагддаг, хамгаалагддаг болсон нь банк санхүүгийн салбарын сахилга батад ч энэ бүхэн сайнаар нөлөөлж байна.
 
ОУВС үнэлгээ хийхэд асуудалтай банкаар Капитал нэрлэгдсэн байдаг
 
Б.Хаш-Эрдэнэ /Эдийн засагч/
 
-Иргэдийн хувьд  таны харилцдаг банк хуульд заасны дагуу таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлдөг учраас асуудал бага гарна. Их хэмжээний хадгаламжтай иргэдийн хувьд банкны хөрөнгийг зарж борлуулчихвал өр төлбөрийг барагдуулчих байх гэж харж байна. Түүнээс биш Капитал банкны дампуурал банк санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлөхгүй. Угаасаа сүүлд ОУВС үнэлгээ хийхэд асуудалтай банкаар нэрлэгдсэн байдаг.
Бусдад түгээх
  • gplus