Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав 

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа.

Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг  үүрэг болгов.

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Мөн хоёрдугаар улиралд багтаан “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энэржи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.

Жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгав. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгав. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, зургаадугаар сарын нэгний дотор танилцуулахыг сайд Д.Цогтбаатарт даалгав. 

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолоооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.

Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг сайд Б.Энх-Амгалан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нарт  даалгав. Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгалаа. 

Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ.

2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ. 

Сум бүрт “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна

Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор шийдвэрлэв. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах болов. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ. Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.

Товч мэдээ

-  2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.  

-  “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Монголын талын төслийг дэмжиж, Хятадын талтай эцэслэн тохирч гэрээ байгуулахыг сайд Д.Цогтбаатарт зөвшөөрөв.

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов. 

-  Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан, хэрэгжилт удаашралтай байгаа төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-  БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Б.Энх-Амгаланд даалгав. Энэ нь Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээ бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны бүсийн хөнгөлөлттэй бодлогод аж ахуйн нэгжүүдээ хамруулах зорилготой юм.

-  Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.  Бодлогыг 2019-2027 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

-  Энэ онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарт 70 арга хэмжээ зохиох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.