ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох , чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж байна.

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх юм. Энэ үндсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна.

Харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Пүрэвдорж, С.Мягмар, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ. Иймээс Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах гурван квот дээр холбогдох төрийн бус байгууллагуудаас 20-иод хүнийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Нарангэрэл, “Цэцэн энтертайнмент” ХХК-ийн ерөнхий продюсер Д.Цоодол, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, “Данистатрейд ББСБ” ХХК-ийн захирал Г.Ариун, Liz төслийн зөвлөх Т.Эрдэнэчимэг, ММ агентлагийн тойм, захирал асан сэтгүүлч Ц.Оюунчимэг, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Монгол-Украины найрамдлын нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Сумъяа, яруу найрагч Ж.Баяржаргал, Улсын Бага Хурлын гишүүн асан Б.Пүрэвдорж, дипломатч Г.Сүхээ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хуульч-өмгөөлөгч Д.Батсүх, инженер-эдийн засагч Л.Болд, хуульч Ц.Одончимэг, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч М.Амарбаяр, инженер-эдийн засагч О.Намбат нарыг холбогдох төрийн бус байгууллагууд нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, холбогдох танилцуулга материалыг ирүүлсэн байна.

Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явууллаа.  Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Алтанцэцэг 16, В.Бат-Эрдэнэ 11, Д.Батсүх 9 санал авсан байна. Иймээс 20 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан байна.

Иймээс чуулганы хуралдаанаар  дээрх гурван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар асуудлыг хэлэлцэж байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нэр дэвшигч Сүхбаатарын Алтанцэцэг нь МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Нэр дэвшигч Ванжилын Бат-Эрдэнэ нь Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байжээ. Харин нэр дэвшигч Доржсүрэнгийн Батсүх нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.