О.Эрдэнэцог: “Жаран хар-арван цагаан” 50 настайгаа золголоо

Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсч хөгжсөний 50 жилийн ой тохиож байна. Энэ талаар Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий хормейстер, Соёлын тэргүүний ажилтан, ахмад О.Эрдэнэцогтой ярилцлаа.

-Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу хэрхэн үүссэн талаар товч танилцуулахгүй юу?

-Алдарт “Жаран хар-Арван цагаан” хэмээх энэ хамт олон 1969 онд МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 143 дугаар тогтоолоор Ардын армийн дуу бүжгийн чуулгын Холимог найрал дууг дан эрэгтэй найрал дуу, эмэгтэй чуулгатай болгон өөрчлөх шийдвэр гарч, Монголын урлагт эрэгтэй найрал дууны төрлийг цоо шинээр хөгжүүлэх түүхэн үүрэг энэ хамт олонд ногдсон. Төр, засаг, цэргийн командлалаас ансамблийн найрал дууг хөгжүүлэх талаар дэс дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд тус хамт олны уран бүтээлд чанарын томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсад анх удаа мэргэжлийн эрэгтэй найрал дуучдын чуулга бий болсон түүхтэй. Дан эрэгтэй дуучдын томоохон бүрэлдэхүүнтэй болсон явдал нь ансамблийн нүүр царайг эрс өөрчилж, мэргэжлийн өндөр түвшинд гаргасан, уран бүтээлийн чанарын томоохон алхам болсон юм.

-Энэ хамт олныг маш богино хугацаанд мэргэшиж, алдаршсан гэж ярьдаг?

-Тийм ээ. “Жаран хар” бол цэргээс бүрдсэн чуулга байснаараа онцлогтой. Тухайн үед цэргийн албанд татагдсан авьяаслаг байлдагч нарын дунд сонгон шалгаруулалт явуулж, богино хугацааны мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж, жагсаалын цэргээс мэргэжлийн дуучин болгож мэргэшүүлсэн байдаг. 1970 онд ЗХУ-ын хотуудаар хийсэн анхны айлчлан тоглолт нь “Жаран хар-Арван цагаан”-ы хувьд эхний шалгалт байсан гэж хэлж болно. Мөн 1974 онд БНАСАУ-д хийсэн айлчлан тоглолт, 1976 онд ЗСБНХУ-д болсон Монголын соёлын өдрүүд, 1977 онд БНАГУ, ЗХУ, БНСЧУ, БНПАУ-д айлчлан тоглож Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг дуулж, гадаадын ард түмэн, мэргэжил нэгт нөхдөөсөө өндөр үнэлэлт авч, Монгол Улсын соёл, урлагийн хөгжлийг дэлхий дахинд гайхуулсан төдийгүй Монгол цэргийн сүр хүчийг урлагаар дамжуулан илэрхийлж чадсан шинэ ололт амжилтын гараа байсан.

-Найрал дуучдынхаа дотроос гоцлол бүтээлээр Монголын ард түмэнд танигдсан уран бүтээлчдээс дурдвал?

-“Жаран хар-Арван цагаан”-аас 20 гаруй алдартан гавьяатууд төрсөн байдаг. Тухайлбал, “Дайчдын аяны дуу”-гаараа Ардын жүжигчин Ө.Баярмагнай, “Бүүвэйн дуу”-гаараа гавьяат жүжигчин Н.Отгон, “Амрагийн дуу”-гаар гавьяат жүжигчин Б.Төмөр, гавьяат жүжигчин Л.Цэрэнпил, түүний охин гавьяат жүжигчин Ч.Туул, “Дайчин нөхрийн дуу”, “Нисгэгчийн дуу”-гаар гавьяат жүжигчин Д.Дашням, “Эрээн нуур” дуугаараа Г.Жанчив, “Санаж явах ижий” уран бүтээлээрээ ард түмэндээ танигдсан гавьяат жүжигчин Ж.Одмаа, “Хаврын шөнийн бодол”-ын гавьяат жүжигчин Д.Тунгалаг зэрэг олон уран бүтээлчдийг нэрлэж болно.

Ой маань зөвхөн “Жаран хар-Арван цагаан”-ы бус, харин энэ 50 жилийн хугацаанд хамт олныхоо нэр хүндийг залгамжилж яваа хүмүүсийн баяр. Энэ сайхан хамт олныг удирдан авч явж байгаа миний хувьд ч мөн адил залгамж халаа нь болсон уран бүтээлчийн хувьд үнэхээр бахархалтай байдаг. Энэ олон гавьяатын эгнээг өргөтгөж, сүүлийн жилүүдэд олон гавьяат төрсөн. Тухайлбал, “Морины” хэмээн алдаршсан Г.Батбаяр, “Жирмийн цагаан нуур” дуугаараа үзэгчдийн танил болсон Д.Батсүх, гурван үеэрээ цэргийн чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Л.Цэрэнпил гавьяатын охин, Ч.Туул гавьяатын төрсөн дүү, Ч.Баярмаа гавьяат байна. Өнгөрсөн жил гоцлол дуучин Б.Батбаатар, мөн энэ жилийн цэргийн баяраар манай ахмад уран бүтээлч, “Хар дэл бэйсийн унага” дууны хөгжмийн зохиолч Л.Батсүрэн нар маань гавьяат жүжигчин болсон гээд нэрлээд байвал бидэнд ололт амжилт их бий.

-Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн хүчирхэг дуучдын хагас зуун жилийн ой тохиож байгаа энэ түүхт жил та бүхэн ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-ЦДБЭЧ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Юуны өмнө бид энэ алдар хүндтэй чуулгынхаа ахмад уран бүтээлчдийг урьж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, дурсамж-уулзалт зохион байгуулсан. Бас Монголын радио телевизийн Алтан фондод хадгалагдан үлдсэн шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гаргаж, найрал дуунд дуртай үзэгч, сонсогчиддоо бэлэг барихаар төлөвлөж байна. Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 14:00 цагт Офицеруудын ордонд болно. Арга хэмжээнд Нийслэлийн урлаг, соёлын байгууллагуудын удирдлага, мэргэжлийн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, ЦДБЭЧ-ын үе үеийн удирдаач, хөгжмийн зохиолчид, багш нар, хормейстерүүд, уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно.

Бид ирэх сарын 17-нд 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтоо Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Дашрамд дуулгахад “Цэргийн ансамбль” хэмээн олондоо алдаршсан энэ эрхэм хүндтэй чуулгынхаа найрал дууны урлагийг хөгжүүлэхийн төлөө хичээж зүтгэж, уран бүтээлээ зориулж ирсэн үе үеийн дуучид, тэдний ар гэрийнхэн, үр хүүхдүүд, дуунд дуртай ард түмнээ морилон ирэхийг урьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.