Ц.Оюунцэцэг:279 мянган иргэн, аж ахуй нэгжид 20 сая хүртэлх нөхөн төлбөрийг олгож эхэлсэн
Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Хохирол барагдуулах тал дээр Монголбанкнаас мэдэгдэл гаргасан байгаа.

Мэдэгдэлд “Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна. Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсаны дараа:

20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно.

Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ” гэсэн юм.
 
Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас эхэлж 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ХААН банкнаас олгоод эхэлжээ.

Энэ талаар ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын захирал Ц.Оюунцэцэгээс тодрууллаа.
 
-Одоогоор хэчнээн хадгаламж эзэмшигчийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна вэ?
 
-Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсан байгаа. Энэ банкинд харилцах болон хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх нөхөн төлбөрийг олгох үйл явцыг ХААН банкаар дамжуулан олгоно гэсэн шийдвэр гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан манай банк  Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран нийтдээ 279 мянган иргэн, аж ахуйд 20 сая хүртэлх нөхөн төлбөрийг олгох ажлыг эхлүүлсэн байна. Өнгөрсөн баасан гарагаас эхлээд холбогдох бэлтгэлүүдийг хангасан.
 
-Нийслэл болон орон нутагт нийт хэдэн салбар нэгжээр дамжуулан нөхөн төлбөр олгох вэ?
 
-Капитал банк нийслэлд 19 нэгж, орон нутагт 16 салбартай байсан юм билээ. Орон нутагт бол 32 тооцооны төвөөр дамжуулаад иргэдийн нөхөн төлбөрийг олгож байна. Өчигдрийн байдлаар нийт 1000 гаруй иргэн нөхөн төлбөрөө авсан байна.
 
-Тухайн иргэн нөхөн төлбөрөө бэлнээр авах уу, эсвэл өөр нэгэн данс руу шилжүүлгэж болох уу?
 
-Тухайн хүний асуудал. Бэлнээр авч болно, эсвэл өөр данс руу шилжүүлж авч болно.
 
-Хохирлоо барагдуулах иргэн ямар бичиг баримт бүрдүүлж, хаана очих вэ?
 
-Тухайн иргэн өөрийн биеэр очиж заавал авах ёстой. Яагаад гэвэл Хадгаламжийн даатгалын корпорациас маяг болон нэхэмжлэл дээр гарын үсэг зуруулна. Мөн бичиг баримтыг нь нэг бүрчлэн шалгана.
 
-20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байсан иргэд яах вэ?
 
-Манай банк энэ асуудалд яаж оролцож байгаа вэ гэхээр 20 сая хүртэлх нөхөн төлбөрийг өөрийн банкаараа дамжуулан хүртээмжтэй, хүн хүчний бололцоотой байдлаа, туршлагаа ашиглаж дамуулан олгохоор сонгогдсон юм. Харин 20 саяас дээш төгрөгийн нөхөн төлбөр авах иргэд Капитал банкныхаа эрх хүлээн авагчдад хандана. Жишээлбэл 40 сая төгрөгийн хадгаламжтай хүн байлаа гэхэд 20 сая төгрөгөө манай банкнаас авчихна, харин үлдсэн 20 саяаа авахын тулд Капитал банкны эрх хүлээн авагчдад хандаад нэхэмжлэл гаргах ёстой юм билээ. Энэ бол хуулиар зохицуулагдана. Энэ асуудал нь ХААН банктай хамаагүй.
 
-Банкинд ямар нэгэн хүндрэл, чирэгдэл учирч байна уу?
 
-Харилцагчид тодорхой мэдээлэлгүйгээс болж шууд ирээд манай банкнаас ирж мөнгөө нэхэмжлэх зүйл гарч байгаа. 279 мянган иргэний нөхөн төлбөрийг олгоно гэдэг багагүй ажил. Шийдвэр гарснаас хойш Монголбанктай хамтраад хадгаламж эзэмшигчдийн нэр усыг яг тулгаж хүлээж авах, хүн болгон дээр түр данс нээж, тэр данс руу мөнгийг нь шилжүүлж байна. Мөн тусгай програмд дээрээ автоматаар нэрийг нь оруулаад, дараа нь гарын үсэг зуруулах гэх мэт бэлтгэл ажил их байна. Гэхдээ өчигдөр нөхөн төлбөр олгож байгаа салбаруудтайгаа холбогдоход ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарсан зүйл алга байна.
 
-Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хэдэн он хүртэл танай банкаар дамжуулан олгох билээ?
 
-279 мянган харилцагчийн нөхөн төлбөрийг хуулийн хугацаанд буюу  3 жилийн хугацаанд өгч дуусгах учиртай. Тиймээс иргэд яарч сандрах зүйл байхгүй. Өндөр ачаалал үүсгэлгүй, боломжийнхоо хэрээр ирээд авах боломжтой. Хүмүүс бага багаар ирж байна. Манай банкны ихэнх гүйлгээ, шилжүүлэг, төлбөр цахимжсан байгаа энэ үед нөхөн төлбөр олгож байгаа манай салбаруудаас өндөр ачаалал үүссэн зүйл алга гэж хэлж болно.

 -Капитал банкнаас тэтгэврээ болон хүүхдийн мөнгөө авдаг байсан хүмүүс яах билээ?

-Бага тооны ахмад энэ банкаар тэтгэвэрээ авдаг байсан билээ. Тэгэхээр тэтгэвэр авдаг иргэдийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас дамжуулан регистрийн дугаар, нэрсийг нь аваад дансыг нь нээгээд тавдугаар сарын 1-нээс өмнө дансанд нь байршуулаад аль салбараас очиж тэтгэврээ авахыг тодорхой болгохоор ажиллаж байна. Хоёрдугаар хүүхдийн мөнгөний тухайд олон хүмүүс асууж байна. Мөн манай руу шилжиж байгаа. Хүүхдийн мөнгө авдаг иргэдийнхээ нэрсийг баталгаажуулаад холбогдох байгууллагуудад нь хандсан. Тэндээс санхүүжилт нь ороод ирэхээр дүүрэг, хороогоор нь тодорхой болгоно. Тэгээд манай банкнаас авна даа.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-24 09:13:48
    Tegeed humuusiin mungund huu bodoj ugch baigaa bolov uu
  • Zochin 2019-04-23 09:57:30
    20 sayas deesh hadgalamjtai humuus shataj dee. Irgenii dain hiihgui bol tomchuud galzuurch guitslee.
  • Бат 2019-04-23 03:58:17
    Энэ яахав өгөлгүй яахав нөгөө талаар капитал банкийг хэн ийм байдалд оруулав энэ хүний талаар ард түмэн мэдэж баймаар байна