“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” зөвлөгөөн болно
“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв санаачлан Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 26-нд Төрийн ордонд болно.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх, Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл Мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн нар болон бусад яамдын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Өнөөдөр Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 6 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлжбайна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага осол, гэмтлээс болж жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг мэдээлжээ.
 
Иймээс НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын шалтгаант нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлж осол, гэмтэл гарахад нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөсөн. 
 
Сүүлийн 20 жил Монгол Улсад уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, зам тээвэр, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас үүнтэй зэрэгцээд байгаль орчин, нийгэм, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. 
 
2018 онд Улсын хэмжээнд осол, гэмтлийн өвчлөл 142,665 хүн, нас баралт 2920 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 28 хувиар, нас баралт 11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монголд өдөр бүр дунджаар 8 хүн осол гэмтлийн шалтгаанаар амь нас нь эрсдэж байгаа бөгөөд нас барсан нийт тохиолдлын 80% нь эрэгтэйчүүд байна.
 
Осол, гэмтлийн нас баралтын тэргүүлэх шалтгааны 1-рт санамсаргүй хордох,хорт бодист өртөх тохиолдол эзэлж үүний 88%(726) нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас баржээ.
 
Манай улсын хүн амын 38%-ийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл 2018 онд  осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Энэ нь НЭГ АНГИ-ийн хүүхдээс их байна.    
           
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхэд 2 дахин өссөн байна.
 
2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн түлэгдлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 868 хүүхдийн эмчилгээний зардалд 2 тэрбум орчим төгрөг, нас барсан 9 хүүхдэд 469 сая төгрөг буюу 1 хүүхдэд ойролцоогоор 50 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоолол байна. Хэрэв энэхүү зардлыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулсан бол ирээдүйд гарах эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 гаруй мянган хүүхдийг осол, гэмтлийн эрсдэлээс хамгаалах боломжтой.
 
Монгол Улсын Засгийн газраас 2002 оноос өнөөг хүртэл Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шат дараатайгаар 17 жилийн турш авч хэрэгжүүлсэн ч осол, гэмтлийн тоо буурахгүй байгаа нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш, олон салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбооноос ихээхэн хамаардаг гэдгийг  харуулж байна. Осол, гэмтлийн тусламж, үйлчилгээнд оношилгоо, эмчилгээний томоохон дэвшил гарч, цаг алдалгүйгээр тусламж, үйлчилгээг хүн амд чанартай сайн үзүүлж байгаа хэдий ч дараах нөхцөл байлаас болж, осол, гэмтэл буурахгүй байна. Үүнд:
 
Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж барих, хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө эрүүл аюулгүй байдал, барилгын норм, нормативын шаардлагыг мөрдөөгүйгээс, Хүүхдийг бага наснаас нь эхлэн өөрийгөө болон бусдыг осол гэмтлээс сэргийлэх, хамгаалах талаар эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлээгүйгээс, эцэг эх, асран хамгаалагчид, гэр бүлийн үүрэг хариуцлага, хайхрамжгүй байдлаас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс хүн амын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна.
 
Осол, гэмтлийг амжилттай бууруулж чадсан олон улсын туршлагаас харахад үндэсний хэмжээний нэгдсэн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, хамтын ажиллагаа, уялдаа холбоо, хүчирхэг хууль дүрэм, түүний хэрэгжилт, гэр бүл, эцэг, эхийн хариуцлагатай байдал, тэдний хүүхдээ эрсдэлээс хамгаалах дадал, чадвар, иргэдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг цогц арга хэмжээний үр дүнд зуу зуун мянган хүний амийг аврах боломжтой байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.