Рекламны самбарыг стандарттай болгох нь сурталчлах эрх чөлөөг хаасан үйлдэл биш
Рекламны самбарыг цэгцлэх ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл рекламны самбарыг буулгасан газруудад зөвшөөрөлгүй самбар байршуулж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатантай ярилцлаа.
 
-Сурталчилгааны самбарыг дур мэдэн байршуулж байгаа тохиолдол их байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-Хотын нийтийн эзэмшлийн талбайд сурталчилгааны самбар байрлуулахдаа аж ахуйн нэгжүүд тухайн дүүргээс нь зөвшөөрөл авч байрлуулдаг. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гарч зөвшөөрөл өгөх эрхийг дүүргүүдэд өгсөн. Мөн рекламны самбарт тавигдах шаардлага, байрлал, хэмжээг нь шинэчлэн тогтоох зэргийг зохион байгуулах ажлыг Захирагчийн ажлын албанд өгсөн. Улмаар шинэ журам гарснаар 1500 гаруй рекламын самбарыг буулгасан байгаа. Гэвч өмнөх байдлаас ялгарах юмгүй сурталчилгааны самбар байршуулсан байна.
 
Хэн байршуулж байгаа нь тодорхойгүйн дээр зөвшөөрөлтэй болон  зөвшөөрөлгүй рекламны самбаруудыг ихээр байршуулсан байгаа юм. Хамгийн гол нь ямар нэгэн төлөвлөлт, судалгаа байхгүй. Мөн зөвшөөрөл олгох эрхийг нь дүүргүүдэд шилжүүлсэн байхад ямар нэгэн байдлаар дүүргийнхээ үгэнд орохгүй, том толгойлж байгаа хүмүүс байна. Тухайлбал, Бага тойруугийн гудамжинд явган хүний замын хавтанг ховхлон самбар босгосон байгаа юм. Гэтэл дүүргийнх нь зүгээс зөвшөөрөл өгөөгүй гэсэн. Харин самбар дээр байршуулсан дугаар руу залгаж асуухаар “Бид дүүргээс зөвшөөрөл авсан. Бүр нийслэлээс ч зөвшөөрөл авсан” гэх мэтийн хариулт өгч байх жишээтэй.
 
Гэвч нийслэл энэ төрлийн зөвшөөрөл өгөхөө больсон. Тиймээс бид үүнийг цэгцлэхээр Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд мэдэгдэл хүргүүлж байгаа.
 
-Мэдэгдлийн талаар дэлгэрүүлэхгүй юү?
 
-Бага тойруу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамрагддаг. Тиймээс энэ сарын 15-ны өдрөөс өмнө энэ асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Энэ хугацаанд асуудлыг шийдэхгүй бол албадан буулгах арга хэмжээ авна. Рекламны самбарыг байршуулж болно. Гэхдээ явган хүний зам болон гарц, аливаа байгууллагыг хааж самбар байршуулах нь байж боломгүй зүйл шүү дээ. Тусгай шаардлагыг хотоос батлаад өгчихсөн байхад тэр дагуу л байх ёстой.
 
-Дур мэдэн самбар байршуулснаас учирсан зам талбайн эвдрэл гэмтлийг хэрхэх вэ?
 
-Нөхөн сэргээх ажлыг тухайн байгууллагаар хийлгэнэ. Харин хийхгүй байгаа тохиолдолд торгох эрх бүхий байгууллагад арга хэмжээ авахыг уламжилна. Улмаар самбарыг хураан авч улсын орлого болгоно. Тэр чинь тодорхой хэмжээний хөрөнгө шүү дээ.
 
-Сурталчилгааны самбарын стандарт, хэмжээг танайх баталж байгаа гэлээ. Байршил хамаарах уу?
 
-Байршил хамгийн их хамаатай. Тухайн гудамж, замын өргөн болон нийтийн эзэмшлийн талбай хэр их байгаагаас шалтгаална. Захирагчийн ажлын албаны зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, цэцэгжүүлэх чиглэл рүү анхааран ажиллаж байгаа. Тиймээс самбар байршуулах зай хомс байгаа гэж хэлж болно. Гэхдээ л ямар нэгэн байршил олдох юм бол хэмжээ гаргаад, тэр дагуу самбар байршуулахыг зөвшөөрнө.
 
-Самбар байршуулсны төлбөрийг ямар байгууллага авдаг юм бол?

-Тухайн дүүргийн төсөвт орох ёстой. Ингэхдээ төлбөрийг хоёр ззрэглэлээр авдаг. Хотын төвийн А зэрэглэл гэдэг шиг. Ингээд рекламны самбарын дээр байрлах м.кв-аас хамаараад жил байршуулахад нэг м.кв- ыг нь 160 мянган төгрөгөөр тооцдог. Харин II зэрэглэлийн самбарын нэг м.кв нь 80 мянган төгрөг байдаг юм.
 
-Тэгэхээр төлбөр авч байгаа байгууллага нь самбарын арчилгааг хариуцна гэсэн үг үү?
 
-Мэдээж самбар байршуулсны үр өгөөж нь аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа учраас энэ асуудлыг хариуцна. Харин дүүргүүд энэ талын шаардлагыг хангуулах ёстой юм. Манай байгууллагаас бодлогоор л хангаж өгнө.
 
-Байгууллагын гадна талын хаягийг яаж зохицуулах юм бэ?
 
-Энэ тал дээр зөвшөөрөл авах ш a а р д л а га г ү й . Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүн дэлгүүрийнхээ гадна талд хаяг байршуулахад зөвшөөрөл аваад байх нь утгагүй. Гэхдээ тэр нь хотын өнгө үзэмжид нөлөөлж байгаа гэдэг утгаараа хэд хэдэн шаардлага тавьсан. Өмнө нь энэ чиглэлийн шаардлага байгаагүй.
 
-Хаягт ямар шаардлага тавьдаг талаар сонирхуулахгүй юу?
 
-Засгийн газрын тогтоолоор бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Тодруулбал, хувийн болон төрийн бүх байгууллага нь гаднах хаягаа крилл үсгээр бичнэ гэдгийг тодорхойлж өгсөн. Ер нь нэг том объект дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгжүүд өөрсдийн хаягаа олон нийтэд хүргэх зайлшгүй шаардлага гардаг. Гэтэл хаягууд харилцан адилгүй үзэмжтэй байхаас гадна хэмжээ гэх мэт олон зүйлс нь өөр өөр байдаг.
 
Түүнчлэн зарим хаяг нь тоос шороонд дарагдсан гэх мэт үзэмжгүй байх жишээтэй. Сансарын тунель орчимд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын зарим нь хаягаа шатан дээрээ байршуулсан байхад зарим нь дээрээ, зарим нь доороо гэх мэт янз бүрээр байршуулсан байдаг. Гэвч тэр олон хаяг дундаас хүмүүс өөрт хэрэгтэй зүйлийг олж харахад төвөгтэй байдаг юм шүү дээ. Тиймээс нэг объект дотор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүудийг нэгдсэн хаягийн самбартай байхыг шаардаж байгаа юм.
 
Гэхдээ зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгох тохиолдол байгаа. Социализмын үед өмдний өргөн 22 см байх ёстой гэдэг байсан шиг бүх байгууллагыг жигд хаягтай бай гэж байгаа юм биш. Байгууллагууд өөр өөрсдийнхөө маркетингийн имижийг бүрдүүлэх нь чөлөөтэй. Өөрсдийгөө сурталчлах эрх чөлөөг нь хаах гээгүй. Одоогоор энэ шаардлага хэлэлцэгдэх шатандаа явж байна. Ямартай ч энэ сард багтаан бэлэн болгоно. Үүний дараагаар хороод болон аж ахуйн нэгжүүдэд шаардлагаа тараана.

-Тэгвэл явган хүний зам дээр байршуулсан зөөврийн хаягийг бас зохицуулах нь ээ?
 
-Бид гудманд байрлах гэрэлтүүлгийн шон гэх мэт дээр байршуулах замаар шийдэхээр ярилцаж байгаа. Тодруулбал, тухайн байгууллагын нэрийг бичээд очих зам дагуу сум байршуулах юм. Барилгажилт эрчимтэй явагдаж байгаа учраас ийм арга хэмжээ авахгүй бол аль аль талдаа бэрхшээлтэй байна. Энэ төрлийн тэмдгийн стандарт байдаг. Гудамж болон байршил заах тэмдгийн стандартыг өнгөрсөн жил баталсан. Тиймээс энэ стандартыг л баримтлана.
-Хаяг цэгцлэх ажилд хугацаа өгөх үү?
 
-Хугацаа заана. Энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө их шаардагдана шүү дээ. Ямартай ч ирэх зун гэхэд дээрх шаардлагыг биелүүлсэн байх юм.
 
-Гэхдээ нийслэлийн 375 жилийн ойгоос өмнө хаягийг цэгцэлнэ гэсэн?
 
-Ойгоос өмнө шаардлага гарна. Харин шаардлагын дагуу бид уралдаант тэмцээн зарлахаар төлөвлөж байгаа. Дүүргүүд нэг гудамжаа сонгоод жишиг гудамжийг шалгаруулах юм. Бидний зүгээс жишиг зургийг нь гаргаж өгнө. Ингэснээр бусад гудамжууд жишээ авч хаягаа хийх боломж нь бүрдэх юм. Ер нь ч цаасан дээрх шаардлагыг биелүүл гэж шаардаж байснаас нүдэн дээр нь хийсэн зүйлээс санаа авах нь илүү үр дүнтэй байна.
 
-Заасан хугацаанд хаягаа цэгцлэх бол хариуцлага тооцох тогтолцоо нь ямар байх вэ?
 
-Энэ оны эхээр Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлагдсан. Угжурамдзаасны дагуу хаягаа байршуулаагүй тохиолдолд тухайн байгууллагын зөвшөөрлийг түтгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авна. Мөн нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолд хариуцлага тооцох тухай заасан байгаа.
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.