Ө.Энхмаа:Шүд амны өвчлөл 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог
 
Өнгөрсөн сараас эхэлж орон даяар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа билээ. Тодруулбал, 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд 02-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
 
Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж эхэлсэн байгаа. Учир нь бага насны хүүхдийн шүдний өвчлөл их байгаа талаар албаныхан хэлж буй.
 
Ингээд хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн талаар болон хүүхдийн амны хөндийн ариун цэвэр, шүдний өвчлөлийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Ө.Энхмаатай ярилцлаа.
 
-“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд бага насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж эмчлэх болсон шалтгаан юу байна вэ?
 
-Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсч байна. Тодруулбал, 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарсан байна.

Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл шүдний өвчлөл 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог.

Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яам “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны наймдугаар сарын 15-нд батлуулсан.
 
-Уг хөтөлбөрийн онцлог, ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дарамтаас сэргийлнэ. Эрүүл зан үйл төлөвшүүлэх, гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт ач холбогдолтой.

-Ялангуяа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа гэж ярилаа. Таваас дээш насны хүүхдүүд хэзээнээс эхэлж хамрагдах вэ?
 
-Маш олон хүүхдүүд хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна. Таван жилийн хугацаанд нас насны ангилалаар шат дараалалтай хамруулна. Насны шаардлага хангасан хүүхдүүд гэрээ байгуулсан эмнэлгүүдээс сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
 
-Шүд цоорох өвчний тархалт хэр байна вэ?

-5-6 насанд 87.3-96.2 хувь, 12 насанд 65.3 хувь, 18 насанд 67.5 хувьтай байна. Шүд цоорох шалтгаан чихэрлэг зөөлөн хоол хүнс, төрөл бүрийн ундааны хэрэглээ ихэссэнтэй холбоотой. 
 
-За тэгвэл зорилтод бүлэгт хүүхдүүдэд яаж хүрэх вэ. Захын гэр хороололд зарим айлд хүүхдүүд нь оо, сойз ч гэж мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдэд энэ хөтөлбөрийг яаж хүргэх вэ?
 
-Эхний ээлжинд зорилтод бүлгийн хүүхдүүд буюу 2-6 насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, нэн даруй эмчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдийг эмчилэх зорилт тавьсан. Аль болох бүгдэд нь хүртээе тусламж үйлчилгээг үзүүлнэ. Ингэхийн тулд өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана. Өрхөөр дамжиж хорооны нийгмийн ажилчид эмзэг бүлгийн айлын хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлж, эмчлүүлнэ.
 
-Цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдийг угаалгана гээд оо сойз багш нь авдаг. Гэтэл тэр олон хүүхдүүдийг нэг бүрчлэн угаалгаж чаддаггүй. Хүүхдүүд өөрсдөө угааж байгаа нэртэй сойзоо сольж амны хөндийн халдвар авах эрсдэл их гардаг. Ер нь цэцэрлэг дээр шүд угаалгах зөв юмуу, буруу юмуу?
 
-Яамнаас нэг бүрчлэн хүрч ажиллана гэдэг боломжгүй зүйл. Тиймээс бид цэцэрлэгийн багш болон эмч нар амны хөндийн ариун цэвэр, шүд арчлалтаар тусгай сургалтыг сайн зааж явуулна.
 
-Орон нутаг, сум баг хороодод энэ хөтөлбөр яаж хүрэх вэ. Зарим сумдад шүдний эмч гэж байхгүй байгаа?
 
-Орон нутагт хэрхэн яаж ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас удирдан чиглүүлэх тушаал гарсан байгаа. Сумдад шүдний эмч очиж үзлэг, шинжилгээ хийнэ. Мөн Нүүр ам судлалын сургуультай хамтраад орон нутагт гэрээ байгуулан ажиллана.
 
-Энэ хөтөлбөрт хэчнээн хувийн эмнэлэг сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бэ?

-Сонгон шалгаруулалтад 243 хувийн эмнэлэг оролцсноос 199 эмнэлэг шаардлага хангаж шалгаруулалтад тэнцсэн. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байна.
 
-Нэг удаа шүдийг нь эмчлүүлэхэд хэчнээн төгрөгийн эмчилгээ хийлгэх вэ?

-60 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэнэ. Зарим эцэг эхчүүд уг мөнгөн дүнд тааруулж зөвлөгөө өгөхөөс эмчилгээ хийхгүй байх гэж шүүмжилж байна билээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 60 мянган төгрөгт баригдалгүй аль болох хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэн эмчилж байгаа.
 
-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?
 
 -Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд улсын төсвөөс 4,6 тэрбум төгрөг батлагдсан.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.