Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 15 дугаар сургууль дээр 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан тухай түгшүүрт мэдээ олон нийтэд хүрлээ. Мөн нийслэлийн 79 дүгээр сургуульд ч сүрьеэгийн халдварын тохиолдлууд илэрлээ.
Түүнчлэн улстөрийн амьдралд сонин содон үйл явдлууд өрнөсөн долоо хоног байлаа. Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавьж, Ерөнхий сайд Говь-Алтай аймгуудад ажиллав. Мөн эрх баригч хүчнийхэн “Итгэлийн зээл” нэртэй хуулийн төсөл санаачилж  байгаагаа мэдэгдсэн бол долоо хоногийн төгсгөлд МАН-ын хяналтын зөвлөл хоёр гишүүндээ таван жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 
“Итгэлийн зээл” олгох хуулийг төсөл санаачилж, МАН-ын бүлэг дэмжив

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд МАН-ын 27 гишүүн “Итгэлийн зээл”-ийн тухай хуулийн төслийг санаачилсан тухайгаа даваа гарагт мэдэгдэв.  “Итгэлийн зээл”-ийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн байна. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй байх юм. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байх шаардлагатай. Мөн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэсэн судалгааг хийсэн талаар МАН-ын бүлгээс мэдэгдлээ.
Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан аж.  Уг зээлийг Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа аж.
 
 Ерөнхийлөгч алдаатай хориг тавьлаа

Өнгөрсөн ээлжит бус чуулганаар батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлон батлагдсан Татварын багц хуулийг УИХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдэж албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Гэтэл энэ албан бичиг буюу Ерөнхийлөгчийн тавьсан хориг алдаатай байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Иймээс Ерөнхийлөгч хоригтой дахин залруулга хийв. Уг залруулгад " Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.
Хашаа, хайс буулгах шинэчилсэн журам хэрэгжиж эхэллээ

Хашаа хайс барих ашиглах буулгах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийж байна.
Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийж байгаа аж. Уг ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх юм.
 
МАН Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
 
МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо  пүрэв гарагт хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо.
 
Түүнчлэн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг Дэмжих сангаас зээл авч ашигласан гэх УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх асуудлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын Ерөнхий Хороонд ирэх  сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргад үүрэг болгов.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-05-18 03:52:58
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2019-05-18 03:37:07
    Миеэгийн гар хөл болсон ардуудыг хохироодог идээчин уугаачид болон тэднийг хамгаалагчид Монголын Ардын намаас зайлах нь зөв. Ард гэдэг чинь ямар нэгэн албан туш...
    202.179.26.163
    Мэдэгдсэн Хариулах