Б.Даш-Ёндон: Хүмүүс гэдэг амьтдад хаашаа явах нэгдсэн бодлого хэрэгтэй

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой уулзаж хөөрөлдлөө. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн уугуул эл эрхэм 1968 онд МУИС-ийг түүхийн багшийн мэргэжил эзэмшин төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын Төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001 оноос Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Нэг сэдэвт зохиол хоёрыг туурвиж, олон арван үгүүлэл бичиж, философи, Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн боть ном орчуулсан байна. Эртний Грекийн их сэтгэгч Платон, Аристотель болон бусад философичдын зохиолоос орчуулан, тэмдэглэгээ хийж “Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж” гурван боть, “Гегелийн философийн үндсэн агуулга” зэрэг ном хэвлүүлсэн нь түүний дорвитой бүтээлүүдийн нэг болжээ. Тэрээр 1990-ээд оноос хойш бичиж нийтлүүлсэн философи, улс төр, түүхийн ухааны үгүүллүүдээ "Цаг үе: сэтгэл бодрол, философи" гэсэн нэрээр эмхэтгэн хэвлүүлжээ.


-Та саяхан “Монголын хөгжлийн философи” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын хөгжлийн философи нь юу байна гэж үзэв?

-Хөгжлийн асуудал гэдгийг би хоёр чиглэлээр бодож явдаг юм. Нэгдүгээрх нь, улс орны хөгжил. Хоёрт нь, нийгмийн хөгжил гэж юу вэ гэж энэ хоёрыг бодоод явдаг юм. Улс орон гэчихээд тусад нь нийгмийг салгаад энэ нөхөр юу яриад байна гэж бодож байгаа байх. Энэ хоёр бол хоёр өөр зүйл. Улс орон, төртэй газар нийгэм байна. Төргүй газар тийм юм байхгүй. Улс орны хөгжил гэдэг бол жижиг орны хувьд гаднаасаа юм гуйхгүй, өөрийгөө аваад явах чадалтай болсон байхыг хэлнэ. Бид улс орныхоо тусгаар тогтнолын тухай “Тусгаар тогтнолоо хамгаална, авч явна” гэж их ярьдаг шүү дээ. Бид тусгаар тогтнолоо цэрэг дайнаар хамгаалж чадахгүй нь тодорхой. Тусгаар тогтнолоо хамгаалж, авч явах ганцхан зам нь манай хөгжил байгаа юм.

-Сингапур зэрэг жижиг орнуудын өндөр хөгжил үүний жишээ байх шүү?

-Хэнээс ч юм гуйхгүй амьдрах чадвартай болох хэрэгтэй. Дахиад хэлье. Манай улс жижиг улсын категориор энэ ертөнцийн улс орнуудтай харилцдаг. Ийм учраас хөгжингүй байж байж тэр улс орнуудын хүндэтгэлийг хүлээж авах ёстой. Хоёр дахь чиглэл нь нийгмийн хөгжил. Улс гэж байна. Улс дотор нийгэм байна. Нийгмийн хөгжил нь нийгмийн амьдралын олон салбаруудад хуваагдана. Эдийн засаг, улс төр гээд олон салбарууд байна шүү дээ. Эдийн засаг нь дотроо мал аж ахуй, газар тариалан, хүнд, хөнгөн хүнсний үйлдвэр гээд цаашаагаа салаад явчихдаг. Нийгмийн хөгжилд эдгээр салбаруудын хоорондын авцалдаа, зохицуулалт, уялдаа чухал. Энэ салбарууд дотроо баахан салаа мөчир болж хуваагддаг. Эдийн засаг гэхэд л тийм тийм салаа мөчиртэй гээд түм буман юм ярина шүү дээ. Энэ салаа мөчрүүдийг хооронд нь зохицуулах нэгдсэн зохицуулалт одоогоор манайд байхгүй болчихоод байгаа юм.

-Төрийн нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй болсноос улс орны хөгжил чөдөртэй морь шиг дэгэнцэж догонцоод байна гэж та хэлэх гээд байна уу?

-Манайд одоо эдийн засаг, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, уул уурхай гэсэн салбарууд харамсалтай нь дөрвөн өөр гэрт амьдарч байна. Дөрвөн өөр гэрт амьдраад бие биенээ авч хэлэлцэхгүй, харин одоо бүр ад үзэх маягтай болсон. Тариалан хөгжүүлж байна гэсэн чинь мал орж ирээд байх юм гэнэ. Уул уурхайгаа хөгжүүллээ гэсэн чинь бэлчээрээ, малаа сүйтгэлээ гэх юм. Энэ бүхнийг хооронд нь зохицуулсан төрийн бодлого манайд хэрэгтэй байгаа юм. Эндээс л манай нийгмийн хөгжил гарах ёстой. Миний энэ ярьж байгаа юм бол Монголд огт байгаагүй, тийм шинэ зүйлийг санаанаасаа зохиож байгаа юм огт биш. 1921 оны ардын хувьсгалын дараагаас 1990-ээд оныг хүртэл манайх хөгжлийн бодлоготой, хөгжлийн философитой байсан бол ерээд оноос энэ бүхэн алдагдчихсан юм.

-Сүүлийн хориод жил буруу замаар будаа тээчихлээ гэх хүн ч олширсон шүү?

-Нэгдсэн бодлого байхгүй болсон. 1921-1990 он хүртэл төрийн эрх барьж байсан МАХН-ын дөрвөн удаагийн программ гарсан шүү дээ. Тэр программаар улс орныхоо хөгжлийг цааш нь яаж авч явах вэ, эрх барьж байгаа төр засаг энийг яаж чиглүүлэх вэ гэдгийг бүгдийг нь сайхан тооцоолоод, хийгээд явж байсан. Тийм учраас би байхгүй юм яриагүй, байж байсан юмаа одоо сэргээж нэгдсэн үзэл баримтлал бодлоготойгоор улс орноо цааш нь авч явбал дээр гэсэн юм л яриад байгаа хүн шүү дээ, би.

-“Алтан дээр суусан гуйлгачин боллоо. Баян, ядуугийн харьцаа тэнгэр газар шиг боллоо. Улс орны тусгаар тогтнолд аюул тулгарахад муусайн олигархиуд гадагшаа нисээд явчихна. Төр ээлжилж барьсан хоёр намын аль нь ч Монголын төлөө гэхгүй. Болж бүтэж байгаа юм Монголд алга” гэж бухимдсан улс л их байх юм. Гэтэл гурван сая хүний бараг сая шахуу нь унаа тэрэг унасан л улс. Манайхан амьдрал боломжийн ч хязгааргүй шуналд автсан улс болчих вуу?

-Хүмүүс гэдэг амьтдад чинь “Хаашаа хөдлөх юм, яах ёстой юм” гэсэн нэгдсэн бодлого хэрэгтэй. Түүнээс биш тус тусдаа хувиа борлуулж, довоо шарлуулна гэдгээр чиг чигээрээ явбал бүтэхгүй болчихоод байна шүү дээ. Үүгээр хол явахгүй. Бид бол Монгол гэдэг нэг улс. Монгол Улс удирдлагатай, нэгдсэн бодлоготой, хэрэгтэй салбаруудыг төлөвлөдөг хөгжлийн замаар л явах ёстой ч тэр нь алдагчихаад, болохгүй болчихоод байдаг. Хөгжүүлэх үзэл баримтлал, хорин жилийн хөтөлбөр энэ тэр гээд зөндөө л юм гарсан шүү дээ. Тэрийгээ хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Тэгж байтал олон нам байж байдаг. Нам бүхэн мөрийн хөтөлбөр гэж нэг нэг юм гаргана. Тэр нь хоорондоо зөрчилтэй. “Чиний хөтөлбөрийг би давах ёстой. Миний хөтөлбөрийг чи давж чадахгүй” гээд яваад байгаа чинь улс орны хөгжилд жинхэнэ саад болж байгаа. Миний бодож байгаагаар “Монголын хөгжлийн философи” гэсэн нэгдсэн үзэл баримтлал гаргаад, тэр нэгдсэн үзэл баримтлалыг нам бүхэн, Ерөнхийлөгч хүртэл дагаж хөтөлбөрөө дэвшүүлэх ёстой. “Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нэр дэвшиж байна” гээд тэнд тийм ч, ийм ч юм барина гэдэг. Тэр нь эцсийн эцэст худлаа болчихдог. Яагаад гэвэл нэр дэвшигчийн л хэлээд байгаа санаа болохоос улсын төсөв мөсөв, төлөвлөгөөнд хамаагүй болчихдог. Намуудын хөтөлбөр ч адилхан ийм л үл гүйцэлдэх зүйл. Дараа нь тэгээд “Эднийх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байна. Худлаа амлажээ” гээд шуугьдаг.

-Тийм бэлэн ам, шалдан гуя болдог тохиол олон шүү?

-Амлаж байгаа юм нь хийчихье гэж бодож амлаж байгаа юм. Амласан хойноо хийх гэхээр үндэсгүй юм амлаад хаячихсан байдаг. Нэгдсэн бодлогод ороогүй юм амлаад хаячихсан байдаг. Тийм учраас хөгжлийн нэгдсэн философийн зарчмыг цөмөөрөө гаргаж ирж байгаад тэрэн дээрээ бүх нэр дэвшигч, Ерөнхийлөгч хүртэл тэндээс бодлогоо авдаг болмоор байгаа юм. Манайд ингэж будилаад байгаа нь цаанаа онолын углуургатай юм.

-Ямар онолын углуурга билээ?

-Манайхан болохоор “Тэр онол монол хэрэг байхгүй. Ямар юм яриад байгаа юм. Хийсвэр юмаар яах юм. Хүн бүхэн л өөрийнхөө ажлыг хийвэл болох нь тэр” гээд байдаг. Хүн бүхэн өөрийнхөө ажлыг хийх хэрэгтэй нь зөв. Гэхдээ нэг бодлогын үндсэн дээр хийх ёстой. Төрийн бодлого барьдаггүй, өөрийнхөө дураар явдаг тийм төрийн албан хаагч гэж байж болохгүй. Улс төрийн эдийн засгийн ухаан гэж нэг эрдэм бий. Энэ чухал зүйлийг бүр огт хаясан. Оронд нь өрнөдөд дэлгэрсэн экономикс гэж эдийн засгийн ойлголтыг оруулчихсан. Энэ нь ерээд оны үед нэг хэсэгтээ “Мундаг юм байна” гэж бужигнаж бужигнаж, одоо сүүлдээ “Наадахь чинь биш байна аа, болохгүй болчихлоо” гэж капаталист орны том төлөөлөгчид ч, Орос, Хятадын эрдэмтэд ч яриад эхэлсэн. Экономикс гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл маш товчоор хэлбэл “Чи яаж баяжих вэ” гэдгийг ярьдаг ухаан.

-Нөгөө танай Ардын намын Данзан эдний дэвшүүлж байсан санаа байх аа?

-Тиймэрхүү л маягтай юм. Данзантай ч хамаагүй дээ. Данзан тэрийг мэдэх ч үгүй л байсан байх. Политэконом нь бол нийгмийн бүхий л анги давхарга, хүн ард, амьдрал ахуйг нийтээр нь авч үзсэн Марксын онол. Марксаас өмнө “Сонгодог политэконом” гэж гарсан. Маркс тэрэн дээр суурилсан. Тэр нь хөрөнгөтний, бидний ярьдгаар XVII-XVIII зууны үед үүсчихсэн эд. Маркс түүнийг боловсруулж явсаар “Ажилчин ангийн политэконом” гэж нэрлэсэн. Бид түүнийг юу гэж ойлгох вэ гэхээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан политэконом байх ёстой. Тэр политэконом чинь энэ олон хөрш болчихсон, хоорондоо авцалддаггүй юмнуудыг төрөөс зангидаж, нийлүүлж байх ёстой. Энэ чинь цаанаа юу гэсэн үг вэ гэвэл нийгмийн салбаруудыг болон бусад асуудлыг төр төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө энэ тэр гэж ярьдаг даа. Бүсчлэхдээ дахиад задардаг. Энийгээ нийлүүлж, эргүүлж авчирч Монгол гэдэг юман дээр зангидаад төр нь “Тэр байна аа” гэсэн үзэл баримтлалыг гаргах ёстой гэсэн юм л би яриад яваа юм л даа. Тэр маань одоо хэр ойлгогдох нь вэ мэдэхгүй. Сая Үндэсний хөгжлийн газар “Монгол Улсын хөгжлийн философи” гэсэн сэдвээр зөвлөлдөх уулзалт хийж байна. Би тэнд очиж товч илтгэл тавьсан. Тэнд ч гэсэн хөгжлийн философи гэдгээ мэдэхгүй нөхөд их байна. Тэд “Улс орон төлөвлөгөөтэй хөгжих ёстой” гэдгийг зоригтойгоор хэлж чадахгүй наагуур нь “Тийм суманд сургууль байгуулахад төчнөөн хүүхэд байгаа, ийм болчихно, манайхаас гараад тэгээд явах ёстой” гэсэн юм яриад байна. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум миний төрсөн сум. Энд хэдэн хүүхдийн сургуулийн байрыг барих ёстой вэ гэдэг нь амьдралаасаа гарч ирнэ. Шуудхан л “250 хүүхдийн баяр барина” гэчихээр эсвэл дутаад, эсвэл олон өрөө хоосон болчихно.

-Ямар ч судалгаагүй зүйл амьдралын хөрсөн дээр буухгүйн л жишээ шүү?

-Төлөвлөлт гэдэг чинь энэн дээрээ шүүмжлүүлээд байдаг золиг. Төлөвлөлт хийнэ гэдэг тийм ч амархан юм биш. Маш нарийн судалгаа, бодлого хэрэгтэй. Хуучин бол зохицуулалт байсан л даа. Намайг бага байхад манай Булнайн нуруунд бага сургууль байгуулсан. Би тавин дөрвөн онд энэ сургуульд орсон. Тэгэхэд дөрвөн багштай, дөрвөн анги, наян нэгэн хүүхэд суралцаж байсан. Сургууль өргөжөөд ирэхээр сурагчдаа сумын төвийн сургуульд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ Булнайн нурууны Могойн голын уурхай дээр эхний шатны сургуулийг үлдээгээд, хуучин сургуулийнхаа байрыг бригадын төвд ашиглах жишээний. Ийм уян хатан бодлоготой байсан. Одоо болохоор “Тэнд төд хэрэгтэй. Түг” гээд ингэчих юм шиг яриад байгаа. Үүнийг би яв цав ясан өргөө болчихоод байна гэхгүй. Үндэсний хөгжлийн газар гэдэг маань миний бодлоор хуучны Төлөвлөгөөний комисс шиг болох хэрэгтэй байна. Гэхдээ эдэнд нэг том эрх өгөх хэрэгтэй байгаа юм. Эхлээд нам нь нэр дэвшлээ. Хөтөлбөрөө гаргалаа. Тэр хөтөлбөрийг энэ Үндэсний хөгжлийн газар оруулж хориг авах ёстой. “Олон дэмий бүтэх бүтэхгүй юм ярьж болохгүй. Манай нэгдсэн чиг ийм байгаа” гэх ёстой. За, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. “Та бас тэг. Нэгдсэн чиглэл дотроо л ярья. Энэ бодлогоороо явах ёстой” гэсэн бодлогыг нэгдүгээрт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, яамд бас нэг юм хийгээд байна шүү дээ.

-Мэдээж, төрийн яам болсон хойно ямар нэг юм хийж байгаа нь тодорхой л доо?

-Баахан юм төлөвлөөд л. Хөөрхий минь, бас төлөвлөгөөгүй ч биш л дээ. Нэг төлөвлөгөөтэй л үзээд байгаа шүү дээ. (инээв. Л.Б) Энэ олон яамдын тэр төлөвлөгөөнүүд хоорондоо авалцаж байна уу, үгүй юу гэдгийг нягтлаад тэрийгээ Засгийн газарт өргөн мэдүүлэх эрх мэдэлтэй инстититуци гарч ирэхгүй бол бид чинь нэг л олон тархитай, тархай бутархай бодлоготой улс болж хувирлаа.

-Манайхан нэг зам тавилаа гэхэд шат шатандаа төсвөөс нь хумсалсаар хүүхдийн зулай шиг нимгэн юм болгочих юм л гэсэн шүүмж тасардаггүй. Төрийн албыг түрийвч болгох улс ихэссэний л шинж юм уу даа?

-Ер нь олны дунд ийм яриа явж байгаа. Бүүр онигоо болчихсон явж байгаа шүү. Яг тийм байна уу, үгүй юу гэдгийг тогтоогоод, шүүгээд, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь хээл хахууль гээч юмтай сайн тэмцэж байх ёстой. Шалгаж байх ёстой. Манайд чинь олон шалгах байгууллага бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийн жишгээс илүү юу гэхээс дутуугүй. (Гашуунаар инээвхийлэв. Л.Б) Тэд нар маань чухам юу хийж байдаг юм, хөөрхий, мэдэхгүй. “Тэнд нэг байшин барилаа, тэр нь болохоо байчихлаа” л гэнэ. Энд нэг юм барьсан чинь буруудсан байна л гэнэ. Яригдсан төлөвлөгөө, нэгдсэн захиргаа байхгүй. Нам засгийн маань удирдагчид дэмий бачимдаад л “Хариуцлагыг дээшлүүлнэ” л гээд яриад байгаа шүү дээ. Хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг ч ерөнхийдөө үнэн үг. Яаж, ямар аргаар, технологи нь ямар байж байж тэр хариуцлагыг дээшлүүлэх юм гэдэг нь бидэнд сайн мэдэгдэхгүй ийм л юм болоод байна л даа. (Асуулт бүрийг нухацтайгаар давтаж, хуруугаараа ширээ тогшин өгүүлэв. Л.Б) Тийм учраас дахиад хэлье, дахиад нэгдсэн бодлого, түүний дагуу хяналт шалгалт хийгдэх ёстой.

-Та эрх баригч том намын дарга байсан хүн. Ирээдүйн хэчнээн хаад-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын дарга байв. Хувь хүний хувьд бас л нэг бахархал мөн биз?

-Наадахь чинь ч сонин яриа биш ээ. Хэрэггүй шахуу л юм байгаа юм. Яахав, Гомбожавын Очирбат гуай нэг жил МАХН-ын дарга байсан шүү дээ. Тэгээд дараа нь би гурав дөрвөн ч жил болчихсон бил үү. Тэр хооронд, мэдээж шүү дээ, эд нар бүгдээрээ өсч өндийсөн. Тэрэнд нэг их асуудал байхгүй.

-Та Монголын хөгжлийн философио одоогийн эрх баригч, дарга нарт танилцуулав уу?

-Би сая докторын зэрэг хамгаалахдаа шийдвэр гаргадаг нөхдөд хураангуйгаа явуулсан. Сонирхоно уу, байна уу өөрсдийнх нь мэдэх хэрэг. Ер нь нэг хүний хэлснээр юм чинь “Хөөх, тэгэх юм байна” гэсэн юм бас байхгүй шүү дээ. Юм чинь их нарийн. Нөхдүүд яахыг би мэдэхгүй. Явсаар явсаар нэгдсэн бодлого зүйтэй юм байна гэдэг рүү л хүрэх байх. Өөрөөр хэлбэл жаахан эргэнэ. Одоо нийгмийн шинэ байгууламж хэрэгтэй болчихоод байгаа юм. Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг чинь ингээд будилуулчихаад байхгүй юу. Тэрнээсээ татгалзана гэхээр нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг сонгох учиртай.

Үргэлжлэл бий.
Монгол Улсын шинжлэх ухааны академи

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-21 23:46:59
    Нам төрд ажиллаж байхдаа улсаас нэг мөнгө ч хулгайлаагүй номын л хүн гэж олон хүмүүс ярьдаг юм билээ Уг нь ухааны царай гэж ХАРЬЦУУЛАШГҮЙ гэж сонссон ИЙМ хүмүү...
    202.9.43.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2019-05-19 13:49:44
    Даш Ёндон мэтийн хуучин коммунистууд улс орныг авилгалд живүүлж байгаа юм. Нам гэдэг нэрээр олигарх бүлэглэл байгуулж ард түмний толгойг эргүүлж өөрсдөө баяжсан...
    202.9.45.0
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-19 10:31:22
    Даш-Ёндон гуай эрдэмтний хувьд мэдлэгтэй хүн байж болно. Харин улс төрчийн хувьд сул хүн юм уу даа? Шавь нар нь сүүлийн 20 гаржй жил төр барилаа!! Үр дүн???
    66.181.161.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн бол амьтан биш дээ 2019-05-19 09:16:00
    Нөгөө Нагаржунай мунай юу болсон бэ?
    66.181.179.196
    Мэдэгдсэн Хариулах
  • МонгОЛ  2019-05-19 08:36:04
    Багабани Ерөнхийлөгч байх үед нь зөвлөх хийж байсан гэсэн үг үү ,одоо ч зөвөлдөг юм болов уу,
    64.119.25.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2019-05-19 06:01:26
    Альч торд хоол идэх хувьтай торсон аавын хуу юм даа
    188.244.248.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-05-19 05:41:36
    Hogshin nohoi onoodriin baidald holbootoi gedgee odoo hurtel oilgoltgui bgaa filosofch bn daa zailuul
    83.23.240.89
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-19 03:51:07
    Сүүлийн 30-аад жил ядарсан ард минь таны философдолтоор явлаа. Том улс төрчийн ард та л байдаг даа
    202.21.107.44
    Мэдэгдсэн Хариулах