Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV  конгресс”-ын бэлтгэл ажлын талаар байв.



Тус конгрессыг зохион байгуулах ажлын хүрээнд ХНХЯ, ЗТХЯ-ныхан нийслэлээс шалтгаалах зарим асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг хотын Захирагчаас хүссэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг хангах, дэд бүтцийг бий болгох зорилгоор зарим явган хүний замын тохижилт, шинэчлэл хийх, хүртээмжийг сайжруулах, засварын ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох нийслэлийн харьяа газруудад хүсч, иргэндээ тэгш боломжийг олгох нь төр засгийн байгууллагад ажиллаж буй бидний эрхэм үүрэг гэдгийг сайд С.Чинзориг хэлэв. Ялангуяа конгрессын үеэр гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийг угтан авах бэлтгэлийг сайтар хангахын тулд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын жорлонгоос эхлээд, хүлээн авах зочид буудлын эргэн тойрон дахь гарц, орц, замын гэрлэн дохионуудыг дуутай болгох, тусгай зориулалтын зам гаргах гээд олон ажил амжуулах шаардлагатай байгааг сайд онцолсон.


 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудалтай холбоотойгоор зарим тохижилтын ажлыг эхлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад учруулж буй хашаа, хайсыг буулгаж байгаа гэдгээ хэлээд, мөн конгрессын бэлтгэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авахын тулд холбогдох газруудад чиглэл өгч, хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.

Мөн энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн газрын зөвшөөрлийг эцэслэн шийдэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барих газрын асуудлыг талууд хэлэлцэн, саналаа нэгтгэв. Зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох гэж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн заслын төв нь 250 хүүхдийг хүлээн авч оношлох, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд газрын гэрчилгээ нь Баянгол дүүрэгт байгаа аж. Тиймээс газрын гэрчилгээг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн нэр  дээр шилжүүлж өгөх сайдын хүсэлтийг хотын Захирагч уриалгахан хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд эл асуудлыг даруй шийдвэрлэх үүрэг өглөө. Түүнчлэн Партизаны сангийн аж ахуйн ойролцоо газар олгосон  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын асуудлыг ч сайтар судалж, нийслэлтэй ойртуулах боломжит байршлуудын саналаа оруулж ирэхийг даалгав. Мөн олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд тал талаас нь “хумсалсаар” 1200 га үлдсэн тул үүнийг анхааралдаа авах тухай талууд харилцан ярилцаж,  нийслэлийн зүгээс тэнд цаашид газар нэмж олгохгүй байх, зарим зөвшөөрлийг нь эргэж харахаар болсноо дуулгасан юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон хотын Захирагч С.Амарсайхан нар ийнхүү хүүхэд, гэр бүл, халамж, хөдөлмөр, даатгал гээд тулгамдаад буй олон асуудлаар санал солилцож, гарц шийдлээ хамтран эрэлхийлж ажиллахаар тохирлоо.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.