Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа
Дэлхийн хүмүүсийн хэрэглээний соёл өөрчлөгдөж буйг илэрхийлэх нэг гол хүчин зүйл нь худалдан авагчид “Энэ хувцсыг үйлдвэрлэхэд амьтны амь хөнөөсөн юм биш биз? Байгаль орчин бохирдуулж, цөлжилт үүсэхэд нөлөөлсөн юм биш байгаа?”гэж асуудаг болсонтой холбоотой. Үнэхээр л байгаль орчинд сөрөг нөлөөгүй ухаалаг үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүн, хариуцлагатай бизнес рүү дэлхий нийтээрээ хошуурах болсон. Тэгвэл дэлхийн брэнд болгохоор зорьж буй монгол ноолууранд ч мөн энэ шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь ноолуур бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, экспортлогчид, эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргадаг брэндүүд гэхчилэн бүх оролцогч талыг хамтдаа хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг сануулж эхэллээ.    

Английн Лондон хотод төвтэй Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-ээс өчигдөр  “Ноолуур бэлтгэл нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын форум зохион байгууллаа. Энэхүү форум нь ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний оролцогчдын хүрээнд салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжил, урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой аж. Улс орны нийгэм, эдийн засагт илүү бодитой хувь нэмэр оруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд эко, ногоон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай бизнесүүдийг дэмжих ажлын хүрээнд ХААН Банк тус форумыг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ажилласан юм.
 



“Ноолуур бэлтгэл нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт энэхүү форумд ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчид, ноолуур угаах, самнах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаад дотоодын брэнд компаниуд, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага зэрэг ноолуурын өртгийн сүлжээнд оролцогч талуудын төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо. ТННЭ нь дэлхийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон брэндүүдийг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд тус эвслийн гишүүн байгууллага болох “Burberry”, “Marc & Spencer”, “Johnstons of Elgin” зэрэг алдартай компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь онцлог байв. Тэдгээрээс Шотландын 222 жилийн түүхтэй “Johnstons of Elgin” компани Монголоос хамгийн анх буюу 1900-гаад оны үед анх ноолуур импортолж авч байсан түүхтэй аж. Монголоос “Говь” хувьцаат компани ТННЭ–д гишүүнээр элсээд буй.

Форумын үеэр ноолуур үйлдвэрлэх явцад тулгарч буй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудал, малчдын тулгамдсан сэдэв малын арчилгаа, маллагаа, бэлчээр ашиглалт, мөн түүнчлэн ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний эко орчны талаар оролцогч талууд хэлэлцэж, шийдэл гарцыг хамтдаа эрэлхийлсэн юм.

Ноолуурыг малчдын гар дээрээс авч, үйлдвэрийн аргаар боловсруулж, экспортод гаргах хүртэлх бүхий л шат дамжлагыг цогцоор нь шийдсэн ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор ХААН Банк өнгөрсөн жилээс ТННЭ олон улсын байгууллагатай хамтран ажиллаж буй бөгөөд өмнө нь сүү, махны чиглэлийн өртгийн сүлжээ байгуулаад буй. Энэ ажлын хүрээнд ХААН Банк ТННЭ-ээс батламж авсан малчдын хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь гүүр болж ажиллах юм. Харин тухайн малчдын хоршоод гадаад, дотоодын худалдан авагчдад ноолуураа тогтмол худалдах, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэхэд “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” олон улсын байгууллага хамтран ажиллаж буй.


 

Бусдад түгээх
  • gplus