Барилга, уул уурхайн компаниудын хариуцлага хаана байна вэ
Байсхийгээд л барилга болон уул уурхайн компаниудын ажлын байр болон баригдаж буй барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс болж ноцтой осол гарч хүний амь эрсдэж, эрүүл мэндээрээ хохирдог болов.

Өнгөрсөн гуравдугаар сард Төв аймгийн Заамар суманд уул уурхайн компанийн талбай дээр хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн үед хэргийн талаар шуугиад өнгөрсөн. Тэгвэл яг ийм осол өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газарт гарав. Тухайн газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор 29 настай Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарав. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл осолдсон ажилчны цогцсыг гаргаагүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Осол юунаас болов гэдэг нь урьдчилсан байдлаар гарсан. Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагууд хэргийн газарт ажилласан байгаа юм.

Шалгалтаар Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уг зөвлөмжид даалгасан.

Уг зөвлөмжийн 11 дүгээр заалт /Ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнгын хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг (гулсалт, нуралт, суулт гэх мэт) илрүүлэх үзлэг, хэмжилтийн ажлыг тогтмолжуулах, эрсдэл үүсэх шинж тэмдэг илэрвэл уулын ажлыг тухай бүсэд зогсоож шуурхай арга хэмжээ авч, доголын байдалд нарийвчилсан үзлэг хийж, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй болгосны дараа мөрөгцөгт тоног төхөөрөмж байрлуулах/, 12 дугаар заалтад /Гулсалт нуралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ордыг ашиглах зураг төсөлд тусгайлан тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах, ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухай хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах/ болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болжээ.

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн нь хариуцлага алджээ.

Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна.

Осол болдог өдөр талийгаач жолооч "Нуралт үүссээд байна, өөр газар шороогоо асгая" гэж хэлсэн ч ээлжийн ахлагч нь ажлын байр, цалингаар нь барьцаалан дарамталсаар тухайн газартаа шороогоо асгуулсаар байсан гэнэ. Ингээд тухайн өдрийн шөнийн 23 цагт 60 тоннын машинтайгаа нурж осолдсон байгаа юм. Мөнгө л олж байвал нүд нь сохорчихдог уурхайн эздэд, уурхайн ажиллах нөхцөл болсон үхлийн хонгилуудад хяналт тавиад хариуцлагатай байсан бол өнөөдөр нэг хүний амь эрсдэхгүй байх байлаа. Дэндүү харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болов.

 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт барилгын компани дээр ажиллаж байсан туслах ажилтан 5 давхраас унаж эрэмдэг зэрэмдэг болов. Амьд гарахын тулд үхэлтэй тэмцсэн залуу өнөөдөр ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэд хэдэн хагалгаанд орж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Тодруулбал, СБД-ийн нутаг дэвсгэр Хүнсний 9-р дэлгүүр, “Хангай” хотхоны ард байгаа цөөхөн айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан 26 настай Н нь энэ сарын 19-нд ажлаа хийж байгаад 5 давхраас унажээ. Энэ осол дээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан бололтой. Эрүүл мэндээрээ хохирсон залуу хүзүү нугасны маш хүнд гэмтэл авчээ.

Одоогоор уг барилгын захиалагч тал болоод гүйцэтгэгч тал нь тодорхойгүй. Ямар хүн тендэр авсан байсан юм бол, барилга стандарт нормын дагуу баригдаж байсан уу гэдэгт цагдаагийн байгууллага болон холбогдох газруудаас шалгалт хийж байгаа ажээ.

Гэхдээ дээрх барилгын цаад эзэн компани хариуцлагаас мултрах вий гэсэн болгоомжлол байна.

Бэртэл гэмтэл авсан залуугийн ар гэрийнхний ярьж буйгаар “Хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна. Таван давхар барилгын дээврийн хэсгээс унасан дүүгийн минь нурууны нугаламын яс хугарч бяцарсан бүсэлхийн нугаламын яс бяцарч нугасны хальс задарсан, элгэнд нь цус хурсан, төрөлхийн өрөөсөн бөөртэй, бөөр гэмтсэн учир ачааллаа дийлэхгүй, нурууны ясыг нь өчнөөн төмөр өчнөөн шруфээр холбож бэхэлсэн маш хүнд хагалгаанд орсон. Нэг хөл нь огт хөдлөхгүй мэдээ алдсан.

Том хар жийпний зураг тавьсан фэйсбүүкийн хаягнаас “танай дүү үхчихээгүй байна, чи муу сенсааци тарааж байна. Иймд манай компани эмчилгээний төлбөр төлөхгүй гэж дарамталж байна. Би дүүгийнхээ араас үхэн үхтэл явах болно, би шударга бусын дэргэдүүр дуугүй өнгөрч чадахгүй, угаасаа миний шударгыг мэдэх нь мэднэ. Ном журмаараа шалгаад үнэн зѳв нь тодорхой болтол компанийн зүгээс ямар нэгэн тѳлбѳр тѳлѳх үндэслэл одоогоор алга" гэнэ. 

Хариуцлагагүй, аюулгүй байдлаа хангаагүй байж осол гаргаж, хүний амийг дээсэн дөрөөн дээр аварчихаад ингэх чинь тэгээд ариун явдал уу, компанийн захирал гуай.

Шүүх, цагдааг худалдаж авсан хүмүүс ийм бардам байдаг юм уу. Миний дүү ажлыг чинь хийж, бас амьдралаа залгуулах гэж яваад унаж хүнд бэртсэн. Түүнээс амиа хорлох гэж тэр барилгаас үсрээгүй. Амархан ажил юм бол та нар өөрсдөө хийхгүй яагаав. Хийж чадахгүй ажлаа, эрсдлээс нь айсан та нар тэр ажлаа миний дүүгээр хийлгэсэн байна билээ.

Нийгмийн даатгалаас эмчилгээний 75 хувийг гарч байгаа, үлдсэн 25-хан хувийг л компани гаргасан. Насаараа тахир дутуу болсон миний дүүгийн үлдсэн амьдралын баталгаа гэж хаана байна.  Ар гэр, 1-3 насны хоёр нялх охин нь, эргэж тойроод харж асарч байгаа, хүнд шоконд орсон бидний сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах юм бэ.  Миний дүү цэл залуухан ид хийж бүтээх насандаа хэвтрийн хүн болчихлоо.

Гурван настай, ой зургаан сартай хоёр хөөрхөн охинтой. Ааваа гээд гүйгээд ирэх охиноо өргөөд эрхлүүлж чадахгүй. Гэтэл охин нь аавдаа тэврүүлж дээшээ өргүүлмээр л байгаа. Бүхэл бүтэн барилга барьж бүтээн байгуулалт хийлцэж явсан 30 ч хүрээгүй залуу одоо ганц тоосго ч даахгүй. Тоосго байтугай зузаан ном ч даахааргүй боллоо” гэв.

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Гэхдээ компани буруугүй болж, ажил хийгээд хөл алдаж унасан залуугийн буруу болоод хохироод үлдэх вий дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа 100 хувь хангаж ажиллуулсан бол өнөөдөр ийм осол гарахгүй байх байсан болов уу. Хаа хаанаа хариуцлагатай байх юмсан. Ер нь уул уурхайн компани болон барилгын компанийн ослоор идэр насны залуус үхэж үрэгдэж, эрэмдэг зэрэмдэг болж байгаа юм шүү.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-05-28 10:42:44
    HuniI. Ami.Unegui.
    66.181.161.73
    Мэдэгдсэн Хариулах
  • хариуцлага 2019-05-27 10:30:00
    Монголд ер нь хариуцлага гэж байгаа юм уу ?
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Шууданч 2019-05-27 05:43:52
    Гол бурууг хот төлөвлөлтийнхнөөс л хай...
    116.84.217.128
    Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2019-05-27 02:40:13
    аюулгүй байдлаа өөрөө хангаж ажиллах ёстой ш дээ
    180.149.65.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-27 01:34:16
    busdaas buruu haih Mongol zan.
    122.201.22.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа  2019-05-27 01:08:56
    Хөдөлмөр аюулгүй байдлыг цаг минутад шалгах ёстой ХАБ-ын дарга нар яасын... Хэн хэн нь хариуцлага алджээ харамсалтай...
    66.181.160.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-27 00:49:11
    Хариуцлага ажилтанаас л эхлэх ёстой дарга удирдлагууд удирдамж өгдөг ажилтан л гүйцэтгэдэг дүрмээ биелүүлж ажилла өөр яалтай
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах