Японы 100 настнуудын 87 хувь нь эмэгтэйчүүд

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам­наас гаргасан мэдээллээр, тус улсад 100 насны босгыг давсан 59 мянга орчим хүн байгаа нь урьд өмнө ажиглагдаагүй дээд амжилт юм. Тэдний 87 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь мөн л содон үзүүлэлт болж байна. Есдүгээр сарын 1-ний байдлаар 100 болон түүнээс дээш настай 58 мянга 820 хүн байгаа нь нэг жилийн өмнөх үзүүлэлтээс даруй дөрвөн мянга 423-аар их байгаа ажээ. Японы 100 мянган хүн ам тутамд 46.21 зуу настан ногдож байна гэсэн үг.

100 насласан азай буурал эмээ нар 51 мянгаар тоологджээ. Наран улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт дэлхийд хамгийн өндөр буюу 86.61 байдаг. Харин эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 80.61 байдаг ажээ. Дэлхийн хамгийн хөгшин хүн амтай гэсэн нэр зүүгээд байгаа тус улсад есдүгээр сарын 15-нд Настан буурлуудыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. Энэ баярыг угтан 100 насны босгыг давсан иргэдийнхээ тоог жил бүр нарийвчлан гаргадаг юм. Улс орны баруун өмнөд хэсгийн Шимане муж Япондоо хамгийн хөгширсөн хүн амтай нь. Тэнд 100 мянган оршин суугч тутамд 90.17 зуун настан оногддог. Тэгвэл 100 мянган хүн ам тутамд нь 26.88 зуун настан ногддог Сайтама муж “Хамгийн залуу”-д тооцогдож байна.

100-аас дээш настай японуудын нэг болох 114 настай Мисао Окава эмээ (1898 оны гуравдугаар сард төрсөн), 111 настай Сакари Момой өвөө (1903 оны гуравдугаар сарын 5) нар хамгийн урт настай хүмүүс хэмээн Гиннесийн аварга амжилтын номд бичигджээ. Японд хамгийн анх 100 настнуудыг 1963 онд тоолоход 153 хүн бүртгэгдэж байсан аж. 1971 оноос хойш нэмэгдсээр ирсэн 100 настай, зургаадай таягтай япон өвөө, эмээ нар 1998 онд 10 мянга, 2007 онд 30 мянга, 2012 онд 50 мянгад хүрчээ. 2013 онд 54 мянгад хүрч дэлхий нийтийг гайхуулж байв.

Хүн амын хөгшрөлт нь тус улсын ирээдүйн нэг томоохон асуудлын нэг байдаг. 2060 он гэхэд Японы хүн амын 40 хувь нь 65-аас дээш настай иргэд байна гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн гурав дахь хүчирхэг эдийн засагтай Наран улсад тэтгэврийн иргэдийн тоо нэмэгдснээр ихээхэн хүндрэл, бэрхшээл учирна хэмээн үзэж байна. Учир нь ажилчин, бүтээлч иргэдийн тоо багасч, тэтгэвэр авдаг хүмүүсийн тоо нэмэгдснээр эрүүл ахуйн систем болон тэтгэврийн санд ихээхэн доголдол үүсэх ажээ.

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.