Б.Жаннур: Зуны улиралд усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү зохимжтой

Арьс, арчилгааг хэрхэн хийх талаар Make up артист Б.Жаннураас дараах асуултад хариулт авлаа. Түүний хувьд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан нүүр будалт болон арьс арчилгааны зөвлөгөөг өгдөг юм. 

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Бакыт Жаннур гэдэг. Make up артист хийдэг.  

-Фэйсбүүк хуудсаараа хийдэг лайв-ууд чинь охид бүсгүйчүүдийн талархлыг хүлээдэг.  Гэхдээ өнөөдөр нүүр будалт биш арьс арчилгааны талаар уншигчдадаа зөвлөгөө хүргэхийг хүсэж байна? 

-Миний хувьд мэргэжлийн гоо сайханч, эмч биш. Гэхдээ өөрийнхөө мэдлэгийн хүрээнд асуултад бүрэн хариулахыг хичээнэ ээ. Make up хийх үед арьс арчилгааны талаар маш их асуудаг болохоор сонирхлоороо судалж, мэдээлэл, зөвлөгөө өгдөг. 

-Арьс арчилгааг хэрхэн зөв хийх хэрэгтэй вэ? Маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс хэрхэн зөв сонгож арьс арчилгааг хийх хэрэгтэй вэ?

-Арьсаа зөв арчилж, тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд эхлээд арьсныхаа онцлогийг зөв тодорхойлох ёстой. Хүний нүүрний арьсыг ерөнхийд нь хэвийн, хуурай, холимог, тослог , эмзэг гэж ангилдаг. 

Арьс арчилгаагаа зөв хийхийн тулд зөв дарааллаар арьсаа арчлах нь чухал байдаг. Хамгийн түрүүнд 

1. Арьс арчлах үе шат буюу цэвэрлэх. Маш олон төрлийн цэвэрлэх бүтээгдэхүүн байдаг. Хөөсөн, тосон, гелин, усан, сүүн цэвэрлэгч гээд. Эдгээрээс яг арьсандаа тохирсон цэвэрлэгчийг өөртөө сонгож хэрэглэнэ. 

2. Чийгшүүлж, сэргээх:  (Tonic/Toner/Skin softener) гэж олон янзаар нэрлэгддэг хэдий ч бүгд адилхан чийгшүүлэх үүрэгтэй. Арьсаа угаасны дараа үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон тэжээл өгч арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг. 

3. Чийгшүүлж, хамгаалах: Өдрийн тос, гель, крем, лосьон, флюд зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг. Тослог арьстай хүмүүст гелин чийгшүүлэгч тохирно. Нимгэн эмзэг, тослогдуу арьстай хүмүүс эмульс тохиромжтой. Харин хэвийн, үл ялиг хуурайших хандлагатай хүмүүс лосьоныг, бүрэн хуурай арьстай хүмүүс тосыг байнга хэрэглэх нь тохиромжтой. Холимог арьсанд тослог хэсэгтээ эмульс, хуурай хэсэгтэй тос түрхэх. 

4. Нэмэлт арчилгаа: Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7хоногт 2 удаа, бусад арьсанд 1 удаа хэрэглэнэ.

5. Маск: Арьсаа тайвшруулж шаардлагатай амин дэмийг авахын тулд өөртөө тохирсон маск хэрэглэж байх нь зүйтэй.

Хуурай: Хуурай арьсыг арчлахдаа сайтар чийгшил өгөх нь чухал байдаг. Бүтээгдэхүүнээ сонгохдоо өтгөндүү, чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний тосыг сонгож хэрэглэвэл зүйтэй. Спирт болон хэт хүчилтэй найрлагатайг сонгохоос зайлсхийж, аль болох зөөлөн найрлагатай, тосон суурьтай, чийгшил сайн өгөх бүтээгдэхүүн авах нь чухал. Бүтээгдэхүүний найрлагад коллаген, гиалуроны хүчил, эластин агуулсан байвал сайн. Далан болон ургамлын найрлагатай бүтээгдэхүүн чийгшил ихээр агуулдаг тул хуурай арьсанд илүү тохиромжтой. 

Холимог: Холимог арьсыг тодорхойлоход ихэвчлэн дух, хамар, эрүү хэсгээрээ тослог ялгардаг бусад хэсгээрээ хуурай арьсыг хэлдэг. Энэ төрлийн арьсыг арчлахдаа, арьсны хэсэг бүрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь чухал. Батга гардаг гээд чийгшүүлэгчийг тоохгүй байж болохгүй. Нүүрнийхээ хуурай хэсэгт тохирох чийгшүүлэгчийг сонгон түрхэж, харин гуужуулагч, гүн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг Т хэсэгтээ илүү сайн анхааран хэрэглэх нь зөв.  Бүтээгдэхүүнээ сонгохдоо аль болох усан суурьтайг нь сонгон хэрэглэж, асуудалтай хэсгүүддээ зориулсан бүтээгдэхүүн авч дээр хэлсэнчлэн тус тусад нь тулж ажиллах нь зүйтэй. Найрлагадаа балжингарав цэцэг- арьсыг зөөлрүүлж өнгөлөг болгох, таван салааны ханд- нян устгах, үрэвслийг намдаах үйлчилгээтэй бүтээгдэхүүн авбал арьсанд тохиромжтой.  Хацар хэсэгтээ чийгшүүлэх, тэжээл өгөх зөөлөн чанарын маск хэрэглэх нь зохимжтой. 

Тослог: Ийм төрлийн арьстай хүмүүс тослогын балансыг тэнцвэржүүлж сайн тэжээл өгөх нь чухал байдаг. Тослог хэвийн байдлаас илүү их ялгарснаар арьсны өнгөн давхарга бохирдож хар, цагаан батга гарах цаашлаад бүр үрэвсэлтэй батга гарах нь амархан байдаг. Тиймээс зөв цэвэрлэх, хоолны дэглэм, арьсны эрүүл ахуйдаа анхаарах хэрэгтэй. Арьс арчилгааг дутуу хийх эсвэл арьсаа цэвэрлээгүйгээс шалтгаалан нүүрний илүүдэл тос бөглөрснөөр батга үрэвслийг үүсгэдэг. Бүтээгдэхүүнээ сонгохдоо нүхжилт, үрэвслийн эсрэг гүн цэвэрлэх найрлагатай, усан суурьтайг сонгох нь зөв. Арьсаа хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэж, арьсны цэвэрлэгээгээ гүйцэд хийх нь чухал. Найрлагандаа салицилийн хүчил буюу шингээгч агуулсан нөсөө толбыг арилгаж арьсны өнгийг жигд болгогч цэвэрлэгч бүтээгдэхүүн илүүтэй тохирно. 

Эмзэг: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас нь тэлсэн, үрэвссэн арьсыг эмзэг мэдрэмтгий арьс гэж тодорхойлдог. Ийм төрлийн арьс гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэгт амархан цочирч толбо, жижиг гүвдрүү үүсдэг. Тиймээс бүтээгдэхүүнээ маш болгоомжтой өөртөө тохируулж сонгох нь чухал байдаг. Зуун наст, ниацинамид зэрэг тайвшруулагч найрлагатай мөн цагаан гаа болон үрэвслийн эсрэг антиоксидант агуулсан бүтээгдэхүүн тохиромжтой. Аль болох зөөлөн орц найрлагатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонговол зүгээр байдаг.

-Зуны улиралд ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй вэ? 

-Зуны улиралд хуурай агаар, халуун нар хэт ягаан туяаны улмаас хүний арьс хуурайшиж мэдрэмтгий болохын зэрэгцээ сэвхтэж харладаг. Нөгөөтээгүүр халуун наранд халууцан хөлөрч байдаг тул чийглэг бодогч байж болно. Хамгийн түрүүнд нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал. Зөвхөн SPF тэй бүтээгдэхүүн нь нарны хэт ягаан туяанаас хамгаалж нөсөө толбо үүсэхээс сэргийлэн арьс эрт хөгшрөх эрсдэлийг бууруулна.  Өдөр тутамд гадаа гарах, салхилахдаа заавал зориулалтын нарны тосыг түрхэж хэвших нь зүйтэй. Цаг агаар дулаарах үед  арьсан дахь өөхний булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж арьс чийгээ алдаж, илүү тослог болдог. Зуны улиралд Т бүс тослогжих хандлагатай байдаг бол илүү хөнгөн бүтэцтэй өдрийн тос хэрэглэх нь зохимжтой. Ер нь зун тосон суурьтай бүтээгдэхүүн сонгохоос илүү усан суурьтай бүтээгдэхүүн нь  хурдан шингэж чийгшил сайн өгдөг. 

-Нүүрээ буддаггүй охид бүсгүйчүүд арьсаа хэрхэн хамгаалж арчлах шаардлагатай вэ? 

-Нар, салхины тос түрхэж арьсаа хамгаалах нь зүйтэй. Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй бүх насны хүмүүс арьсаа хамгаалах нь чухал байдаг. Нарны цацаргах туяанууд дотроос хүн хамгийн хортой хэсэг нь нарны хэт ягаан туяа байдаг. Нарны хэт ягаан туяа нь альфа болон бэта гэсэн 2 төрөлтэй. Бета туяа нь арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж арьсыг борлуулахаас гадна түлж ч болно. Альфа туяа нь арьсны гүнд нэвтэрч эдийн нэхдэсийг гэмтээж арьсны уян хатан чанарыг бууруулдаг. Цаашлаад нүүрний арьсанд үрлээс, бор толбо, сэвх  үүсгэдэг. Тиймээс будаггүй үедээ зайлшгүй нар, салхинаас хамгаалах тос түрхэж байх нь чухал. 

-Үрчлээнээс хамгаалахын тулд арьс арчилгаандаа хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Хүний арьсны дунд давхарга буюу жинхэнэ давхаргад маш олон коллаген ширхгүүд байдаг. Эдгээр ширхгүүд маань арьсны уян хатан чанарыг бүрдүүлж байдаг. Коллаген дутагдаж, багасвал арьсны эд эсүүдийн уян хатан шинж чанар алдагдаж, тэжээлгүйтэж үрчлээ бий болж эхэлдэг. Нарны хэт ягаан туяа нь хүний арьсны коллагений ширхгүүдийг устгаж байдаг учраас нарнаас хамгаалах тос зайлшгүй хэрэглэж байх хэрэгтэй. Түүнчлэн коллаген агуулсан тос түрхвэл зохимжтой байдаг.  Коллагентэй нүүрний тос нь ядарсан болон хөгширсөн арьсанд давуу талыг өгч чаддаг. Коллагений идэвхт найрлага нь арьсны гүнд нэвтрэн орж арьсанд шаардлагатай коллагенийг нөхөн тэжээлээр хангаж, арьсан дээр үүссэн үрчлээг багасгаж, арьсыг чангалан, нөсөө толбыг бүдгэрүүлж, хуурайшсан гэмтсэн арьсыг тайвшруулдаг.  Дээрээс нь зөвхөн тос түрхэхээс гадна коллагентэй бэлдмэл ууж хэрэглэж болно. 

-Ямар учраас арьс холцруутаж, будаг хүлээж авахад төвөгтэй болдог вэ?

-Арьс тэжээл дутагдаж чийгээ алдсанаас болж холцруутаж, будаг хүлээж авахгүй барзайдаг. Тэжээлийн дутагдалтай арьс нь энгийн нүдээр харахад жижиг үрчлээ үүссэн, өнгөө алдсан, уян хатан чанар буурсан буюу суларсан байдаг. Ийм шинж тэмдэгтэй арьсыг хуурай арьс гэх бөгөөд тохирох цэвэрлэгчээр сайтар цэвэрлэж чийгшүүлэх нь чухал. Будахын өмнө тоникоор арчиж арьсны өнгөн давхаргын бохирдлыг арилгахаас гадна арьсаа сэргээж амраасныхаа дараа чийгшүүлэх ампул түрхвэл арьсны уян хатан чанар нь сайжирч арьс тайвширдаг. Ампул-аа шингээснийхээ дараа  чийгшүүлэгч эссэнзээ нимгэн түрхэж шингээнэ. Ингэснээр арьс холцруутаж будаг барзайх нь багасна. Ингээд арьсанд чийг өгсний дараа будалтаа хийвэл арьс холцруутаж барзайх нь багасна. 

Б.Жаннур энгийн будалт хэрхэн хийсэн бичлэгийг хүргэе.




 

П.АНИР 
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.