
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралданаар хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 1-ний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувьд 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын нэгнээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй.
Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно” гэлээ.
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар 40 дугаар тогтоол батлагдан гарч бүх хүүхдийн 80 хувьд харгалзах босго шугамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 06 дугаар сар 14-ний өдрийн тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүртгэлтэй өрхийн 670 ба түүнээс доогуур оноотой байхаар шинэчлэн баталсан билээ.
П.АНИР
Оллоо.мн