Тойм:АН-ынхан жагсч, зөвшөөрөлгүй барилгуудыг буулгахаа мэдэгдсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг буулгана гэдгээ мэдэгдэв. Мөн АН-ынхан хариуцлага нэхэж төв талбайд жагсав. Хүүхдийн мөнгийг өгөхөөр болов. Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгохоор болов гэх мэтчилэн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдал олон байв.
 
Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг буулгана гэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод замбараагүй газар олгосон, түүнийгээ зориулалт бусаар ашигласан газар олголт зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

Ингэхдээ "Найрамдал" төв, МУИС-ийн талбайд олгосон зөвшөөрлийг нь цуцлах, албадан буулгах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Хотын захиргаанд ажиллах юм байна. Мөн "Найрамдал" төвийг улсын төсөвт байгууллага болгох шийдвэр гаргасан байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатай олгосон байна. Энэ газар нь төлөвлөлт хийхэд маш хүндрэлтэй бөгөөд Улаанбаатар хотын банкинд өгсөн. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, Улаанбаатарт зочид буудлын урд талын талбай, Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг тодорхой хугацаагаар олгосон. Нийтийн эзэмшлийн талбай руу орсон нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд маш их хүнд.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргасан. "Найрамдал" олон улсын төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлжээ. "Найрамдал" зуслангийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон. Олон улсын хүүхдийн "Найрамдал" төв бол онцгой объект гэж хэлж болно. Аж ахуй нэгж бизнес эрхлэхийг дэмжинэ. Хүүхдийн парк руу орсон тохиолдол бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан объектыг буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч болно. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан.  Тиймээс бид цаашид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм. Тиймээс Засгийн газраас төлөвлөгөөтэй, шат дараатай арга хэмжээ авахын тулд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн байдлаар цэгцлэхээр болсон” гэлээ.
 
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгов

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа.  “Үдийн цай”-гаар хөтөлбөрийн хүрээнд олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа судалгаа бий.  Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх юм.

Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангах бол 2023 оноос эхлэн 1-12 ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж эхлэх юм.
 
АН-ынхан хариуцлага нэхэж жагсав

АН-ынхан "Хариуцлага нэхэх" сөрөг хүчний жагсаал зохион байгуулав. Тэд мах, бензиний үнэ тэнгэрт хадаж, сургуулийн сурагчид сүрьеэ өвчинд нэрвэгдэж, иргэдийн амьдрал тартагтаа тулж, яс буцалгаж өл залгуулж байгааг иргэд эсэргүүцэж байна гэсэн юм.

Үүгээр ч зогсохгүй Улаанбаатар хот үмхийндээ живж байна. Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн, Налайхын уурхайд гурван иргэн төрийн хариуцлагагүй байдлаас болж амиа алдсаныг жагсагчид нэхэн санууллаа.

Ганцхан жилийн дотор нийслэлд авто замын ослоор 45 хүүхэд хорвоог орхиж, халдварт өвчний эрсдэл дунд амьдарч байгааг иргэд эсэргүүцэж "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-д нэгдэж, ёс зүйгүй УИХ-ыг тарж, чадваргүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардлаа. 
 
Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эргэлээ

ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр хорих анги буюу хорихын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёр эргэж очиж ганцаарчилсан уулзалт хийжээ.

Тэд хорих ангийн нөхцөл байдал болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал ямар байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ганцаарчилсан уулзалтуудыг Түр хорооны хоёр гишүүн хийлээ. Т.Чимгээгийн биеийн байдал тааруу. Олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Хүний хүүхдийг авчирч хорьчихоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт хатуухан хэллээ. Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллана гэдгээ хорих ангийн дарга хэлж байна. Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, цөхөрсөн байна. Гэм зэмгүй хүнийг авчирч цагдан хорьж болохгүй биз дээ.

Удахгүй энэ хоёрыг суллаж, цагаатгахын төлөө Түр хороо явж байна. Ард иргэдийг ч дэмжихийг хүсч байна. Гэтэл Дээд шүүхийн хэдэн шүүгч, захиалагч нар Түр хорооны ажлыг саатуулах гэж оролдож байна. Гэвч бид бууж өгөхгүй. Цагаатгахын төлөө явна. Өнөөдөр гэм зэмгүй хоёр хүн хууль ёсны эрхээ эдэлж эрх чөлөөтэй болох ёстой” гэв.
 
Хүүхдийн мөнгийг олгохоор болов

Засгийн газрын хуралданаар хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 1-ний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.

Тэрбээр “Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувьд 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын нэгнээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй.

Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх  хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно” гэлээ. 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН 2019-06-03 01:00:40
    Эрдэнэ хулгайчийн Хүүхдийн Найрамдал зусланд барьсан барилгуудыг хамгийн түрүүнд нураах хэрэгтэй.Үхэж далд орсон мэлхий Эрдэнэ.
  • иргэн 2019-06-02 11:35:39
    МАН-ынхан үнэхээр идэж ууж ханахгүй өлбөн юм аа.
  • tumuu 2019-06-02 10:57:34
    АН-нхан 2012-2016 онд 33 их наяд төгрөг идсэн мөртлөө цалин нэмж байгаагүй. МАН мөнгө идсэн мөртлөө цалин тэтгэвэр нэмээд л байгаа шүү дээ
  • Боогий 2019-06-02 09:28:45
    АН-ыхан байшин нураахын тулд жагссан гэнэ үү? Юу вэ, юу вэ, юу вэ?