Ж.Эрдэнэтогтох: Хорт хавдраас урьдчилан сэргийлэх антиоксидант гарган авлаа
Хүний бие махбод олон сая эсээс бүрддэг. Ердийн үед энэ нь тодорхой хяналтад өсөж, үржин, шинэчлэгдсээр байдаг. Харин эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр эдгээр нь хуваагдан, хил, хязгааргүй үржсэнээр хавдар үүсгэдэг. Манай улс элэгний хорт хавдраас үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлж, бусад хавдрын өвчлөлөөр эхний 10-т эрэмбэлэгдэх болсон цаг үед бид амьдарч байна. 

Хавдрын эхний шатуудад ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэх нь бага байдгаас өвчнөө мэдэхгүй хүндрүүлэх нь бишгүй. Хавдартай хүмүүсийн 70 гаруй хувь нь төгсгөлийн шатандаа оношлогдож, 1-3 жилийн дараа нас бардаг нь үүнийг гэрчилнэ. Тиймээс эл аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хавдарт дарлуулахгүй байх хамгийн төгс арга аж.

Хэрхэн, яаж гэдгийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Биофизикийн салбарын лабораторийн эрхлэгч, доктор Ж.Эрдэнэтогтох нарын судлаач олж, илрүүлжээ. Тэрбээр физикч мэргэжилтэй, 2008-2011 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр Токай их сургуульд суралцсан. Өдгөө цацрагийн биологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний 20 бүтээл туурвиад байна. 

Ж.Эрдэнэтогтох Япон Улсын АТОКС компанид цацрагийн хяналтын инженер, судлаачаар долоон жил ажилласан туршлагадаа үндэслэн, “Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэл” төсөл санаачлан, эх орондоо хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх технологи боловсруулж буй гэж дууллаа. Төслийнхөө талаар тодорхой ярихгүй юу?

-“Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэл” төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Энэ оноос судалгааны ажлаа эхлүүлсэн. Үүний хүчинд бид чөлөөт радикал буюу хавдрын эсийг ургуулахгүй байх чадалтай цэвэр антиоксидант нэгдлийг ургамлаас гарган авлаа. Уг судалгааны ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь манай төслийн багийн гишүүн, биофизикч Г.Даваадулам юм.

Агаарын бохирдол, архи, тамхины зохисгүй хэрэглээ, стресс, буруу хооллолт зэрэг шалтгаанаар хүний биед чөлөөт радикал хэмээх бодис үүсдэг. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг. Тэгвэл нөгөө радикалууд усыг “дарамталж”, ионжуулаад байхаар молекулууд нь тасарч, эвдэрдэг. Өөрөөр хэлбэл, урвалын өндөр идэвхтэй молекул үүсдэг гэсэн үг. Энэ нь хүний ДНХ буюу биомолекулын мэдээллийг өөрчилж, гэмтээдэг. Ингэснээр эсийн цөмд агуулагдах хромосомын молекул хүний биед гүйцэтгэж байсан үүргээ “мартаж”, идэмхий шинж чанартай болдог. Хурдан өсөж, үрждэг эс болж хувирснаар хавдар ургадаг.

Манай улсад хавдрын өвчлөл маш их болсныг бүгд мэднэ. Үүнийг судалж, гарц хайх хүмүүс нь бид. Тиймээс судалгаагаа хавдар луу чиглүүлсэн. Нэн тэргүүнд чөлөөт радикалын эсрэг тэмцэх чадалтай антиоксиданттай боллоо. Үүнийгээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлнэ. Нэгэнт үүссэн хорт хавдрыг устгаж, эмчлэх технологи боловсруулах ажил судалгааны шатанд үргэлжилж байгаа. Төсөв мөнгөний боломж муугаас шаардлагатай багаж, төхөөрөмжөө авч чадахгүй сууна.

-Антиоксидантыг ямар ургамлаас гаргаж авав?

-Судалгааны эхний шатанд Монголын “Их тайга”, Японы “Сэнча”, хятад ногоон цайны ургамлуудыг сонгож, антиоксидантын идэвхийг нь тодорхойлж, харьцуулсан. Тэгэхэд “Сэнча” ногоон цайны ургамал эпигаллокатехин галлат буюу антиоксидант бодис хамгийн өндөртэй нь батлагдсан тул уг нэгдлийг ялган авсан. Антиоксидант хамгийн өндөр агууламжтай, эмчилгээнд ашигладаг аскорбины хүчилтэй харьцуулахад манай бүтээгдэхүүний идэвх нь хавь илүү, өндөр цэвэршилтэй гарсан. Үүнийг хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан өдөр тутамдаа хэрэглэвэл асар үр өгөөжтэй, хавдар тусахгүй.

...Бидний бүтээгдэхүүн Монголдоо анхдагч. Өөрөөр хэлбэл, антиоксидант шинж чанараар хамгийн өндөр буюу 90-97 хувийн ашигт үйлийн коэффициенттэй. Арга технологи нь ч маш тодорхой болсон. Манай орны байгалийн болон тарьж ургуулсан хүнс, эмийн ургамлуудад антиоксидант их, бага хэмжээгээр байгаа ч ялгаж авах аргаа олдоггүй байсан. “Их тайга” ногоон цайны ургамалд уг бодис өндөр хувьтай байгааг тогтоосон...

-Академийн эрдэмтдийн бүтээлүүд төсөв мөнгөний боломж муугаас судалгааны шатандаа гацах нь бий. Танайхан бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх гэж байна?

-Шинжлэх ухааны академийнхан татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Бидний үүрэг судалгаа хийж, бусдад боломж нээн, арга, технологийг нь зааж өгдөг. Ямартай ч бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах ажил түлхүү хийнэ. Бизнес эрхлэгчид, хүнсний үйлдвэрүүд бидэнтэй хамтарч ажиллах байх. Хүнсний бүх бүтээгдэхүүнд антиоксидантыг нэмэлтээр ашиглах боломжтой. 100 хувь ургамлын гаралтай, хүний биед ямар ч хоргүй. Жишээ нь, талхныхаа зуурмагт хийчихэд л эл бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн бий болно. Хэцүү зүйл байхгүй.

-“Хорт хавдрыг устгах бэлдмэл гарган авлаа”, “Хавдрын эсийг урьдчилан оношилж, эмчлэх арга нэвтрүүллээ” зэрэг эрдэм шинжилгээний бүтээл, судалгааг манайхан хийжээ. Гэхдээ эмчилгээнд төдийлөн нэвтрүүлж чадахгүй байх шиг. Та бүхний гаргаж авсан бүтээгдэхүүн бусдаасаа юугаараа онцлог юм бэ?

-Бидний бүтээгдэхүүн Монголдоо анхдагч. Өөрөөр хэлбэл, антиоксидант шинж чанараар хамгийн өндөр буюу 90-97 хувийн ашигт үйлийн коэффициенттэй. Арга технологи нь ч маш тодорхой болсон. Манай орны байгалийн болон тарьж ургуулсан хүнс, эмийн ургамлуудад антиоксидант их, бага хэмжээгээр байгаа ч ялгаж авах аргаа олдоггүй байсан. “Их тайга” ногоон цайны ургамалд уг бодис өндөр хувьтай байгааг тогтоосон. “Сэнча” цайнд антиоксидант 61, “Их тайга”-д 55 хувьтай буюу өндөр үзүүлэлтэй байна. Заавал япон цайны ургамал гэхгүй, эх орныхоо түүхий эдээс антиоксидант гарган авах бүрэн боломжтой.

Олон улсад уг бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар гаргаж авсан байдаг ч хэрэглээнд нэвтэрсэн нь тийм олон биш. Магадгүй тухайн улсад тийм их хэрэгтэй байгаагүй ч юм бил үү. Тиймээс бид “Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэл” төслөөрөө хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хямд өртөгтэй, цацрагийн үүсгүүр ашиглан, хорт хавдрын эсийг устгаж, эмчлэх арга боловсруулж байна.

-Хүмүүс хоол, хүнсээрээ дамжуулан антиоксидантыг өдөрт хэр хэмжээтэй авч байж хавдраас урьдчилан сэргийлэх вэ?

-Суурь судалгаа хийгээд дууслаа. Үүгээрээ бодисынхоо үйлчилгээг тодорхойлсон. Одоо технологийн судалгааг хийнэ. Хүний өдөрт авах ёстой антиоксидантын хэмжээг тодорхойлно гэсэн үг. Сонирхсон хүмүүст тухайн хүнсний бүтээгдэхүүнийх нь орц, найрлагад орох хэмжээг гаргаж өгч болно.

-Дэлхий нийтэд хавдрын эмчилгээнд сүүлийн үеийн арга технологи их нэвтэрч байна. Хавдрын эсийг устгах Та нарын боловсруулсан арга өөр гэж ойлгож болох уу?

-Хүрээлэн буй болон хүнсний бүтээгдэхүүний цацрагийн хяналтын чиглэлээр нарийн судалгаануудыг олон жил хийсэн. Цацраг идэвхт туяа хор хөнөөлтэй ч хавдрын эмчилгээнд өргөн ашиглаж байна. Зөв технологийг нь Монголдоо оруулж ирэхээр төсөл санаачилсан. Мөн дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлан, хавдраас урьдчилан сэргийлэх арга нэвтрүүлэх нь одоогийн нөхцөлд чухал болоод байна. 

Олон улсад хавдрыг өндөр өртөгтэй, цацрагийн хурдасгуур, реактор ашиглан эмчилж байгаа. Эл технологийг оруулж ирэхийн сацуу түүнийгээ тойруулаад бараг хот босгох ёстой байдаг. Манай улсад одоогоор ийм нөөц боломж байхгүй. Оруулж ирж байгаа тоног төхөөрөмжүүд нь арай хямд, хүчин чадал багатай байна. Тиймээс аль болох хямд зардлаар хавдрыг бууруулах нь чухал.

Монгол Улс хавдрын тусламж, үйлчилгээнд цацраг, мэс засал, голдуу химийн эмчилгээ хийж байна. Химийн тариаг судсаар хийдэг учир хор нь бүх биеэр тархаж, эрүүл хэсгүүдийг гэмтээдэг. Харин бид цацраг буюу хэт ягаан туяа, рентген, нейтрон, мөнгөний нано бөөм ашиглана. Хэт ягаан туяаг өмнө нь хүний ДНХ-ийг гэмтээж, хавдрын эсийг устгах үндэслэлгүй гэж үздэг байлаа. 

Харин одоо шинжлэх ухааны ололт амжилтын ачаар энэ нь өөрчлөгдөж, хямд өртөг бүхий хэт яагаан туяаны үүсгүүр ашиглах болжээ. Цацрагийн эмчилгээ нь олон давуу талтай. Ямар хавдар, хэддүгээр шатанд оношлогдсон, хаана байрлаж байгаагаас эмчилгээний аргуудаа сонгодог. Улаан хоолой, ходоодны хавдрыг мэс заслаар авдаг бол тархи, хүзүүнийхийг цацрагаар шарах шаардлагатай.

“Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэл” төслийг Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлж, БСШУСЯ-ы захиалгаар хэрэгжүүлж байгаа. Төсөл хэрэгжүүлэхэд 49 сая төгрөг шаардлагатай ч бидэнд 33 саяыг баталж өгсөн. Гурван жилд гурав хувааж өгнө. Энэ онд 6.5 сая төгрөг өгөх жишээтэй. Хавдрыг эмчлэх технологи боловсруулах ажил удаашралтай байна. Нийт санхүүжилтийн тал хувь нь багаж, урвалж бодис авах мөнгө. Төсвөө хурдан шийдэж өгөөсэй.
 
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-10 11:32:14
    Үнэхээр хэрэгтэй зүйл хийх гэж байгаа бол төр засаг санхүүгээр дэмжих хэрэгтэй! Үнэн, худлыг тогтоох хэрэгтэй, гэхдээ манайхан чадах уу, үгүй юу?!
  • Энэ зарж байгаа цайгаан ууж хорт хавдара 2019-06-10 05:35:42
    Тамхиан татаад, архиан уугаад, диван дээрээ гэвтэнгээ таныг цайлсан компанийн зарж байгаа цайг уугаад хорт хавдараас сэргийлээд байждээ...