Залуужуулж анагаах шидтэй төвдийн дааврын дасгал
            Юуны өмнө энэ дасгал хэрхэн дэлгэрч эхэлсэн тухай түүхийг өгүүлье. Олон жилийн тэртээ оросын мэргэжилтнүүд цаст Төвдийн оронд цахилгаан станц бариад цахилгаан татаж явах замд нь ууланд нэгэн жижигхэн сүм таарсан гэдэг. Мэргэжилтнүүд сайхан сэтгэл гарган өндөр уулсын дунд орших тэр сүмд нэг цахилгаан утас аваачиж өгчээ. Баярласан лам нар тэдэнд, “Бидэнд та нарт өгөх мөнгө байхгүй. Гэхдээ урт удаан, идэвхтэй амьдрах нууцыг хэлж өгье. Та нар хорин жилийн дараа ойлгож үнэлэх тийм зүйлийг өгье” гээд өөрсдөө энэ дасгалыг хийж үзүүлсэн гэдэг. Ингээд хорь гаруй жилийн дараа тэр дасгалыг тасралтгүй хийсэн хоёр мэргэжилтэн оросын залуу үед зориулсан Комсомолская Правда гэдэг сонинд ярилцлага өгч, дасгалаа зааж өгчээ. Тэд өөрсдийгөө 80 гаруй настай гэж хэлсэн ч 40 настай юм шиг харагдаж байсан бөгөөд ямар ч өвчин хуучгүй, залуу хүн шиг эрч хүчийг мэдэрдэг гэж ярьцгаажээ. Тэдний нэг нь энэ дасгалыг 58 настай, цал буурал толгойтой байхдаа хүлээж авсан бол хорин зургаан жилийн дараа 84 настайдаа тэрхүү ярилцлагыг өгч байхдаа ямар ч буурал үсгүй байсан гэдэг. Социализмын үед хэвлэл мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан тул энэ түүх ч мартагдаж орхижээ. Одоогоос арваад жилийн өмнө нэгэн эмч эмэгтэй хуучны сонин эргүүлж яваад эл дасгалыг олж харсан гэдэг. Тэрээр хэдэн жил хийж байгаад энэ дасгалыг нийтэд дэлгэснээр Орост асар хурдтай дэлгэрсэн түүхтэй.
 

            Энэхүү эртний төвд дасгалыг хийж байхдаа нэг удаадаа 1-2 өдрөөр тасалж болдог ч түүнээс илүү завсарлавал өнгөрсөн бүх үр дүн нь алга болдог учраас аль болох таслахгүй, тууштай тогтмол хийхийг анхааруулсан байдаг. Дасгал хийж эхэлснээс хойш ялангуяа эхний хэдэн долоо хоногт ужиг болон хараахан илрээгүй бүх өвчнүүд хөдөлж байгаад удалгүй эдгэдэг байна. Жишээлбэл: даралт хөдөлдөг хүний даралт нь хүчтэй савлах, толгой өвдөх, хөл гар, нүд чих нь өвдөх зэргээр нэгэн зэрэг олон газар өвдөх нь бий. Дасгалын үр дүн маш хурдан гардаг бөгөөд эхний 6 сарын дотор бүх өвчин эдгэдэг гэж үздэг. Эдгэшгүй гэгддэг дааврын өвчин ч бас хурдан эдгэрдэг байна. Харин хүнд архаг өвчний хувьд нэгээс хоёр жилийн дотор эдгэдэг. Дасгалыг удаан таслахад хуучин бүх өвчин нь дахин хөгжиж гарч ирдэг бөгөөд анх дасгалыг хийж эхлэх үедээ ямар байсан тэр байрандаа буцаж очдог нь хүний генд бүх мэдээлэл хадгалагдсантай холбоотой. Мөн тэр үед бие махбод байх ёстой насандаа очдог учраас энэ дасгалын ачаар залуу харагддаг байсан бол тэр нь үгүй болно гэсэн үг. Энэ дасгал хүний амьдрах хугацааг дор хаяж 25 жилээр уртасдаг гэж үздэг.

            Дасгалыг тогтмол хийснээр хүн бүхэл өдрийн туршид эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг, эерэг хандлагатай байдаг байна. Дасгалыг хийх явцад архи, тамхи зэрэг донтуулагч зүйл хэрэглэвэл дасгал үр дүнгүй болдог. Гэхдээ тогтмол хийснээр аяндаа архи, тамхи, мансууруулах бодис зэргийг хэрэглэх ямар ч хүсэлгүй, донгүй болдгоос гадна элдэв муу зуршлууд арилдаг байна. Дасгалыг дараах өвчний үед хийхийг хориглодог. Үүнд мэс заслын дараах нөхцөл байдал, гипертензийн хямрал, Паркинсоны өвчин, зүрхний хурц өвчин, ходоод шархлаа, цочмог артрит үений үрэвсэл, нуруу нугасны ноцтой эмгэг орно.

            Өөр нэг анхаарах зүйл гэвэл, энэ дасгалыг өглөөний 6 цагаас өмнө хийх хэрэгтэй байдаг. Учир нь хүний биеийн даавар өглөө 6 цагаас ялгарч эхэлдэг учраас үүрийн 4-6 цагийн хооронд хийвэл хамгийн үр дүнтэй байдаг. Гэхдээ өглөө хийж амжаагүй бол өдөр юмуу орой хийж болох ч үр дүн нь сулхан байдаг гэж үздэг. Дасгалыг өглөө сэрэнгүүтээ орноос босохын өмнө хийдэг бөгөөд хийж байхдаа элдэв бодолд авталгүй дасгалдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. Түвд лам нар сүүлчийн дасгалаас бусдыг нь хэвтээ байдлаар хийж үзүүлсэн гэдэг.   

            Дасгалыг тогтмол хийдэг хүн өвчин тусдаггүй, хүчтэй дархлаатай болдог нь булчирхайнууд хүний дархлааны системийг хариуцдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэхүү дасгал нь хүний биеийн бүх дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. Харин даавар нь бүх эрхтний үйл ажиллагааг удирддаг. Дасгалыг хийснээр хүний дааврын ялгарал нь хорин жилийн дараа гэхэд 25-30 настай залуу хүнийх шиг ялгардаг гэжээ. Дотоод шүүрлийн булчирхайнууд нь дааврыг байх ёстой хэмжээнээс нь өчүүхэн л их юмуу багаар ялгаруулахад хүний биед өвчин үүсдэг ажээ. Дааврууд маш бага хэмжээгээр ялгарч байдаг ч асар өндөр идэвхтэй биологийн нэгдлүүд байдаг учраас бие организмд тэр даруйдаа хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Жишээ нь цадах даавар хэмжээнээсээ бага ялгарахад хүн цадахаа мэдэхгүй иддэг, таргалдаг байна. Дасгалыг хийснээр богино хугацаанд жин ихтэй хүн турж, хэт туранхай хүн байх ёстой хэмжээндээ хүртэл жин нэмдэг ажээ.

            Энэхүү дасгалын тухай нэмэлт мэдээлэл авах, видео бичлэгийг интернэтээс харахыг хүсвэл youtube дээрээс “тибетская гормональная гимнастика”, “tibetan hormonal gymnastics” гэж бичээд хайгаарай. Одоо эл цогц арван дасгалыг хийх зааврыг та бүхэнд танилцуулъя. Дасгалыг яг дарааллын дагуу хийх ёстой бөгөөд дарааллыг нь өөрчилж болохгүй. Энэ дасгал нь булчирхайнуудад энергийн иллэг хийдэг учраас ихэнх дасгалыг хийхдээ арьсанд заавал гар хүрэх албагүй. Дасгалын үргэлжлэх хугацаа нь 10-15 минут байна. Хэт яарч хурдан хийх хэрэггүй, өөрийнхөө хөдөлгөөний хурданд тохируулна.

            Дасгалаа хийж эхлэхээсээ өмнө 7-10 орчим секунд гараа үрж халаана. Ингэснээр гарын алган дахь энергийн суваг идэвхждэг. Дасгалуудыг хийж байх явцад дахиж алгаа үрэх шаардлагагүй. Алгаа үрээд одоогийн гэрлэн бүрхүүлээ оношилж болно. Хэрэв алга тань хуурай, халуун байвал таны гэрлэн бие бүтэн гэсэн үг. Алга бүлээн байвал энергийн бүрхүүл суларсны шинж. Алга халахгүй, дээрээс нь нойтон байвал биед ноцтой өвчин байгааг илтгэнэ. Дасгалаа тогтмол хийвэл энергийн сувгууд цэвэрлэгдэж нээгдэн гэрлэн бүрхүүл аяндаа бүтэн болдог ажээ. Ингээд нүдээ аньж анхаарлаа дотогш төвлөрүүлээд дасгал бүрийг 30 удаа хийнэ. Эхний байрлалдаа буцаж ирэх нэг бүтэн эргэх хөдөлгөөнийг нэг гэж тоолох ба нэг хөдөлгөөнийг 1 секундэд хийнэ.

1-р дасгал. Үрж халаасан гарынхаа алгаар нүдээ 30 удаа зөөлөн дараад, дараа нь 30 секундээс 2 минут хүртэл нүдэн дээрээ байлгана. Энэ үед алганы хонхор дахь энергийн сувгаар нүд өөртөө энерги шингээж авдаг байна. Хараа муутай юмуу нүдний өвчтэй бол хоёр минут байлгаарай. Энэ дасгал нь хараа сайжруулж, нүдний өвчин эдгээхээс гадна үсний төрөлх өнгө сэргээдэг байна.

2-р дасгал. Гарынхаа хуруунуудыг чанх арагш нь харуулж дагзан дээрээ байрлуулаад алгаараа чихээ таглаад 30 удаа чихэн дээрээ дарна. Өвдөх мэдрэмж төрж байвал чихээ эхэндээ зөөлөн дараарай. Чих мөн өөртөө алганаас энерги сорж авдаг бөгөөд сонсгол сайжирдаг ажээ. 

3-р дасгал. Эрхий хуруугаа чихнийхээ ард байрлуулж гараа зангидаад эрүүний шонтонгоос дээш чих рүү чанга дарж нүүрээ дээш татаарай. Өөрөөр хэлбэл, эрхий хуруугаа арагш гозойлгож бусад хурууг дотогш атгахдаа алганы хонхор дахь энергийн сувгийг хаахгүй байхаар атгаад, эрүүнээс чих хүртэл дээш нь эрүүний ясыг дагуулан чанга дарж үрэхдээ эрхий хуруунуудыг чихнийхээ араар оруулаад буцаагаад эрүү рүү авчрахдаа зөөлхөн гулсуулах байдлаар 30 удаа хийнэ гэсэн үг. Ингэснээр нүүрний арьс татагдаж, тунгалгийн урсгалыг сайжруулдаг.

4-р дасгал. Баруун гарынхаа алган дээр зүүн алгаа тавиад хоёр чамархайн хооронд духнаас 4-5 см зайтайгаар гүйлгэх байдлаар 30 удаа хийнэ. Хэрвээ духны үрчлээс арилгахыг хүсвэл арьсандаа хүрч илж болно. Энэ дасгал хамрын хөндийг эрүүлжүүлж, булчирхайнуудыг удирддаг өнчин тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

5-р дасгал. Давхарласан алгаа салгалгүйгээр духнаас толгойн чанх ар хүртэл 30 удаа гүйлгэх ба толгойноос 4-5 см зайтай хийнэ. Хүзүүн дороо хуйлсан дэр тавиад толгойгоо өргөж болно.

6-р дасгал. Давхарласан гараа хоёр чихний хооронд толгойноос 4-5 см зайтай мөн л 30 удаа хоёр тийш нь гүйлгэнэ. Энэ дасгал өндөр болон бага даралттай хүмүүст маш сайн. Даралтыг хэвийн хэмжээнд барьдаг. Мөн мөрний үений хөдөлгөөнийг сайжруулж гарын булчинг хөгжүүлнэ. Дасгал хийснээр мөрний хөшилт өвдөлт арилж, өмнө нь гараа өргөж чаддаггүй байсан бол амархан өргөдөг болно.

7-р дасгал. Баруун гараараа бамбай булчирхайгаа зөөлөн атгаад зүүн гараа дээр нь тавина. Тэгээд зүүн гараараа хүйсэндээ хүрээд буцаад бамбай булчирхай дээр хөдөлгөөнгүй тавьсан баруун гартаа хүрэх хөдөлгөөнийг 30 удаа хийнэ. Ингэхдээ зүүн гараа биенээс 4-5 см зайтайгаар биенийхээ дээгүүр нааш цааш хий гүйлгэх ба эцэст нь эхний байрлалдаа буцаж очоод 5 хором хоёр гараа давхарлаж барина. Ингэснээр тэдгээр гарын энергийн сувгаар орж ирэх энергиэр бамбархай булчирхай тэжээгддэг. Энэ дасгалын үед хэвлийгээрээ амьсгалбал дасгалын үр дүн олон дахин нэмэгддэг байна. Хэвлийгээрээ амьсгалж сурахын тулд хоёр гараа хүйсээ тойруулан тавиад цээжээ хөдөлгөлгүй зөвхөн хэвлийгээ хөдөлгөж амьсгалах хэрэгтэй. Хамраар авч буй амьсгал шууд хэвлий рүү очиж дүүрч байна гэж төсөөлнө. Хэдэн хоногийн туршид албаар ингэж амьсгалбал аяндаа рефлекс болж тогтдог. Хэвлийгээр амьсгалахад хүч бага зарцуулдгаас гадан амьсгал илүү гүн болж уушигт орох агаарын хэмжээ нэмэгддэг байна.

8-р дасгал. Давхарласан гараа салгалгүйгээр доошлуулаад 30 удаа хүйсээ нар зөв тойруулж эргүүлнэ. Архаг өтгөн хаталт арилж, ходоодны үйл ажиллагаа хэвийн болно.

9-р дасгал. Энэ дасгалыг хатуу орон дээр юмуу шалан дээр хийнэ. Эс тэгвэл нуруунд ачаалал өгнө. Эхлээд хоёр гараа дээш цэх өргөөд бугуйгаар нь нар зөв 10, нар буруу 10 удаа эргүүлээд 10 орчим удаа хүчтэй сэгсэрнэ. Дараа нь хөлөө дээш нь цэх өргөөд шагайгаараа мөн нар зөв 10, нөгөө тийш 10 удаа эргүүлээд 10 орчим удаа хүчтэй сэгсэрнэ. Эсвэл хөл гараа зэрэг өргөөд дээрх хөдөлгөөнийг цуг хийж болно. Энэ үед хялгасан судаснуудын цусны урсгал сайжирч энергийн жижиг сувгууд цэвэрлэгдэж онгойдог.

10-р дасгал. Энэ нь орон дээрээ дээш өндийж хагас суугаад хийдэг бүлэг дасгал юм. Эхлээд хоёр хөлөө нэг тийш нь нугалаад хөлийн улаа 15 удаа, нөгөө тийш нь нугалаад 15 удаа илнэ. Дараа нь хөлөө урагш жийгээд хоёр гараараа шагайнаас өвдөг өнгөртөл хөлийнхөө гадна дотор талыг дээш нь тус бүр 10 удаа илээд хоёр өвдгөө нар зөв, нар буруу тус бүр 10 удаа илнэ. Эцэст нь өвдөгнөөс дээшхи хэсгийг гаднаас дотогш 10 удаа илнэ. Үүгээр цогц дасгал дуусна.


Мэдээллийг бэлтгэсэн М.Болормаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-15 05:32:35
    За одоо ч Төвдийг дагаж навсганахаа болих уу даа
    • Зочин 2019-06-15 09:26:54
      Төвдийн лам нар аль эрт тасарсан юм байнаа. Энэ тал дээр маш өндөр хөгжсөн юм байна.