Каори Ичо: Ялалтын төлөөх сэтгэл зүй байхгүй бол чи жинхэнэ бөх биш

Дэлхийн найм, олимпийн гурван удаагийн аварга, Японы домогт нядхан Каори Ичо урьд нь 63 кг жинд барилдаж байсан ч Узбекистаны Ташкентэд өндөрлөсөн ДАШТ-д жин бууран 58 кг-д хүч үзэн бүх өрсөлдөгчөө илүүрхэн аваргалсан билээ.

Тэрээр 63 кг жинд манай улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийг 2012 оны Лондоны олимп болон Унгарын Будапешт хотноо өнгөрсөн жил болсон ДАШТ-д хожсон нэгэн. Жин бууран барилдах болсон шалтгааныхаа тухай Каори Ичо нэг үг ган хийгээгүй ч өөрийнх нь барилдааныг нэгд нэгэнгүй судалсан манай бөхөөс эмээсэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд хэлсэн нь бий.

Өнгөрсөн пүрэв гаригт дэлхийн есөн удаагийн аварга болсныхоо дараа Японы домогт бөх Каори Ичо урьдын адил баярын нулимс унагаж, найз нөхөд, дасгалжуулагч нартайгаа тэврэлдсэнгүй. Төрийн далбаагаа намируулан дэвжээгээ ч тойрсонгүй. Тэрээр шүүгчидтэй гар бариад дэвжээндээ мөргөөд л буусан.

Ямар нэг сэтгэл хөдлөл байхгүй болсон нь арга ч үгүй. Тэрээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн есөн удаагийн, олимпийн наадмын гурван удаагийн аварга бөх шүү дээ. Японы Аомори мужийн Хачинохе сууринд 1984 оны зургадугаар сарын 13-нд төрсөн тэрээр сүүлийн 172 барилдаандаа босоо яваа билээ. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд түүнээс илүү амжилт гаргасан тамирчин бол мөн л Японы Саори Ёшида. Энэ бүсгүй олимп, ДАШТ-ий нийт 15 алтан медальтай.

Хэдий тийм ч өдгөө 30 настай Каори Ичо эх орон нэгт Саори Ёшидагийн дээд амжилтыг эвдэхийг оролддогүй гэж сэтгүүлчдэд ярьж байсан нь бий. Түүнд гэрийнхээ хананд ДАШТ-ий ээлжит алтан медалийг өлгөх сонирхол, хадгаламжиндаа дахиад хэдэн мөнгө хийх сонирхол нэгэнт үгүй болсон бололтой. Түүнд тэгвэл одоо яг юу хэрэгтэй юм бол оо. Үүнийг тэрээр өөрөө ч мэдэхгүй болов уу. Хэдий тийм ч тэр харих болтлоо бөхийн дэвжээндээ хэнтэй ч яс үзэхээ илэрхийлсээр буй.

Каори Ичо 2008 оны Бээжингийн олимпийг зорихдоо нэлээд дарамттай байсан гэдэг. Учир нь тэрээр өмнөх, 2004 оны Афины олимпод тасархай аваргалсан бөгөөд 2003 оноос хойш нэг ч барилдаанд хожил амсаагүй ажээ. Иймээс ч Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг эх орондоо зайлшгүй алтан медаль авчирна гэж шуугиж байв. Яг тэр үед Каори Ичо дөнгөж 24 настай хэрнээ анх удаа зодог тайлж, өөр амьдралын зам хөөх тухай бодож эхэлсэн тухайгаа дурссан нь бий. Хэдийнэ олимпийн хошой аварга болсон түүнд ийм боломж бишгүй байсан нь мэдээж.   

 Яг тэр үед түүний эгч, олимпийн хошой мөнгөн медальт Чихару Ичо Бээжингийн олимпийн дэвжээнээ өрсөлдсөнийхөө дараа зодог тайлахаа мэдэгджээ. Энэ мэдэгдлийн улмаас л Каори элдэв эргэлзээ, сэтгэлийн стрессээ ялан дийлж эгчийгээ түшин дахин дэвжээндээ гарахаар шийдсэн гэдэг. Тэгээд л эгчийнхээ болон Афины олимпод адилхан аваргалж явсан багийнхаа анд Саори Ёшидагийн хамт Бээжинг зорихоор зориглосон гэдэг. Энд тэмдэглэхэд, Саори Ёшидагийн эцэг Эйкацу Ёшида тухайн үед Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан юм.

Каори Ичо тэр үеийг дурсахдаа, “Би Саорид дахин нэг алтан медаль юу юунаас чухал гэдгийг мэдсэн. Гэвч үнэндээ надад тийм хүсэл эрмэлзэл байсангүй. Надад бөхийн дэвжээнээс л холдон ямар нэг өөр юм хийх л чухал байлаа. Тэр үед надад ямар нэг өөрчлөлт хийх л хэрэгтэй байсан юм” гэж ярьжээ.

Мэдээж, Каори Ичо Бээжингийн олимпод аваргалж, гараа дээш өргөн инээмсэглэсэн. Гэвч олимпийн хошой аварга болсондоо бус, сэтгэл санааны стрессээ дийлж чадсандаа л баярласан аж. Үүний дараа тэрээр зодог тайлах бодлоо бүрмөсөн орхисон ч Нагоя хотын бөхийн дугуйланд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн хэрнээ гэнэтхэн Канадыг зорьжээ. Энэ тухайгаа тэрээр хожим дурсахдаа, “Би гадаадад амьдарч, гадаад бөхчүүд хэрхэн бэлтгэлээ хийдгийг харахыг хүссэн. Японоос ялгаатай нь дасгалжуулагч, тамирчид хоорондоо их илэн далангуй харьцдагийг олж мэдсэн юм. Юу гэвэл, Японд дасгалжуулагчид үүрэг даалгавар өгч, тамирчид түүнийг нь ягштал биелүүлдэг л дээ. Гэтэл тийм сонин дотно харьцааг хараад би нүдээ нээж билээ” гэжээ.

Тэрээр Канадад бэлтгэл хийхдээ англи хэл сурч, бөхийн спортод мөнхөд хайртай гэдгээ мэдрээд санаа нь амарчээ. Дасгалжуулагч, тамирчны ойр дотно харилцаанаас гадна тэрээр өөр нэг зүйлийг Канадад мэдэрсэн аж. Тэр нь юу гэвэл, дасгалжуулалтын арга барил улс орон бүрт өөр өөр гэдгийг ойлгожээ. Нагояд байх үе, Канадад байх үе түүнийг дасгалжуулалтын өөрийн гэсэн аргатай болгосон гэж хэлж ч болох.

Японд эргэж ирснийхээ дараа тэрээр эрэгтэй тамирчидтай түлхүү дасгал сургуулилт хийх болж, өөрт нь хэрэгтэй дасгалжуулагчидтай хамтран ажиллах болжээ. Тэрээр өөр өөр дугуйланд очиж бэлтгэл хийн аль давуутай гэсэн талыг нь өөртөө “нааж” байсан аж. Нэгэн ярилцлагадаа тэрээр, “Би техникийн хувьд мэдэж, сурч болох бүхнийг олж авсан гэж санагдаж байсан үе бий. Үүний дараа ганц ойлгосон юм гэвэл, ялалтын төлөөх сэтгэл зүй хамгаас чухал гэж. Тэр байхгүй бол чи хичнээн сайн техниктэй ч чи бол бөх биш”.

Үүгээр дэлхийн сод болсон эмэгтэй бөх, домогт Каори Ичогийн тухай нийтлэлээ өндөрлөе.
 

Зууны мэдээ
Б.Барс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sansar 2014-09-16 07:28:16
    ene tamirchin bol gaihamshigtai . Yapon ohiduud uneheer daichin, tsutsdaggui, beltgel saitai. yag ed nar shig baij l amjiltand hurne dee.