Инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг дэмжих зорилготой  ''Инновац ба хөрөнгө оруулалт'' сэдэвт форум боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форум зохион байгуулагдлаа. Форумыг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассент менежмент ҮЦК” ХХК болон “Ди Би Эм лизинг” ХХК хамтран зохион байгуулсан юм. 

 “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форумыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж "Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д  оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ.

Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны өндөр чадавхитай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцрогдож явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр хөндөж буй асуудал инновацийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

 Үргэлжлүүлэн өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл,  бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл, Инновацийн төсөл, гарааны компанийг дэмжих талаар банк санхүүгийн байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургууль, инновацийн бүтээл санаачлагч болон бизнесийн төлөөллийн хамт хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад инновацийн бүтээлийг банк, санхүүгийн байгууллага хэрхэн дэмжих, хэрэгжүүлж буй төрийн бодлого, инновацийг хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлж буй бусад улс орнуудын туршлагын талаар санал солилцов. 

Мөн энэхүү форумд УИХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-д инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким “Инновцийг ашиглан амжилтад хүрэх нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Тэрбээр “Маш олон сайхан бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийг зөвхөн Монгол улсын зах зээл дээр гаргах хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүн маш амжилттай олон улсын зах зээлд гарснаар дараа дараагийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ” гэдгийг онцоллоо. 



Түүнчлэн форумыг зохион байгуулагч “Ди Би Эм ассент менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Цэрэндаш “Монгол Улсад маш олон шинэ төрлийн инновацийн бүтээгдэхүүнүүд бий болж байна. Гэхдээ шинэ, гарааны бүтээгдэхүүний дэмжих санхүүгийн механизм байдаггүй. Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийн арилжааны банкууд бүрдүүлдэг. Арилжааны банкууд дөнгөж гарааны бизнес эхэлж байгаа инновацийг санхүүжүүлэх боломжгүй. Үйл ажиллагаа нь тогтсон бизнесүүдийг дэмждэг. Тэгэхээр энэ чиглэлд санхүүгийн шинэ механизмыг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Иймээс эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм эдийн засгийн ач холбогдолтой, үр ашигтай томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэг бүхий “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг Монгол улсын Хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийн хэлбэрээр  үүсгэн байгуулсан. 

Энэхүү форумыг зохион байгуулснаар хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдыг инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд рүү анхаарлыг хандуулах зорилготой” гэдгийг онцоллоо. 

Форумыг үеэр инновацийн санаа бухий старт-ап компанид олон улсын туршлагад суурилсан сургалт зохион байгуулах, чадавхжуулах, улмаар тухайн компанид “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хөрөнгө оруулах замаар дэмжлэг үзүүлэх “сургалг- санхүүжилт” хослосон тогтолцоог бий болгох зорилгоор “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Германы хамтын ажиллагааны байгууллагын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь энэхүү форумын нэгэн үр дүн байлаа.

Санамж бичгийн хүрээнд старт-ап компанийг чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор туршлага хуваалцах, санал, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах болсон юм.








 

П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus