Айрагийг олон хоолтой хольж хэрэглэж болохгүй
Айраг-ариун ундаа
Айраг-амттай хоол
Айраг-авралт эм эмчилгээ
Айраг-ариусгах рашаан

Айраг жирийн ч, хүндэтгэлийн ч, ёслолын ч, анагаах ид шидтэй дээдийн дээд охилон тунасан ариун тансаг идээ хэмээн тодотгосон байдаг.
 
Айраг цагаа, цагаан идээ дэлгэрдэг урин дулаан улиралд хүн бүр хөдөө гарч хорхог идэж, хөхүүртэй айраг хөнтөрнө гэсэн мөрөөдөлтэй байдаг. Хэдхэн хоногийн дараа төрийн их баяр наадам болно.
 
Үндэсний их баяр наадмаар наадамчин олны гол идээ ундаа гэвэл айраг, хуушуур билээ.

Наадмаар хангай болон говийн аймгуудаас ирсэн шинэхэн айраг ч худалдаанд гардаг уламжлалтай. Монгол гүүний айрагны ач тусыг тоочоод барамгүй олон.

Айргийг тарваганы мах, жимс жимсгэнэтэй хольж уувал хор болно. Аль болох салат, жимс ногоо олон төрлийн найрлагатай хоолтой холихгүй хэрэглэвэл биед маш сайн.

Тухайлбал, айраг арьсыг залуужуулж, цайруулна. Угаас гүүний айраг, саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдаг. Тиймээс ч архан бронхит өвчин болон багтраа өвчтэй хүмүүс айргийг илүү түлхүү хэрэглэдэг.

Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлж цэвэрлэдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс шингэрч, өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна. Гүүний саамтай гоо сайхны бүтээгдэхүүн ч бий.

Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад маш өвөрмөц найрлагатай. Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой болохыг мэдэж, хэрэглэсээр иржээ.
 
Айрагны ач тус

Монголчууд эрт дээр үеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр үед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бvх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хүний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний үйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.
 
Мөн айраг бие махбодийн дотоод ажиллагаа тухайлбал, зүрх судас, төв мэдрэлийн системийг сэргээн цусны эргэлт, хоол боловсруулалтыг зохицуулна, бас сүрьеэ, гэдэс дотрын янз бүрийн өвчтэй хүнд ач тус ихтэй.
Гүүний сүүний "С" витамины найрлага нь үнээнийхээс 3 дахин их, чихэрлэг нь бусад малынхаас 2-3 хувь их байдаг ажээ.
 
Айрагт хүн амьтны бие махбодийн эсэргүүцлийг нэмэгдүүлэгч энгийн уураг глобулин, бодисын солилцоог идэвхижүүлэгч альбулин, эс эдийн ферментүүдийн нийлэгжин буй болоход оролцдог уурагт нэгдлүүд, мөн бүх төрлийн амин хүчлүүд их хэмжээтэй байдаг байна.
 
1 литр айрганд 20 г тос, 23 г уураг, 35 г чихрээс үүсэх 453,7 ккал энерги (эрчим хүч) нь хүний биед илч өгдгөөрөө бүх биеийн булчин шөрмөс, судас судлын эрчмийг сайжруулахад нэн тустай гэдэг.
 
Айргаараа алдартай нутаг

Булган аймаг бүхэлдээ, ялангуяа Сайхан, Могодын айраг улс орон даяар алдартай. Долоон хошуу даншиг наадам, цагаан сараар Богд хаан болон Нийслэл хүрээний ихэс, дээдсийн хэрэглэх айргийг Сайхан сумын Хульжийн голын адуучдаар бэлтгүүлэн аваачиж хэрэглэдэг байжээ.

Сайд нарын Зөвлөлийн "Нүхт" амралтад Сайхан сумаас адуучин, саальчин аваачиж, гүү бариулан, тухайн үеийн нам, засгийн удирдагчдын зоогийн айргийг бэлтгүүлдэг байсан. 1998 оны улаан бар жилийн дээдсийн их цэнгүүн дээр Булган аймгийн Сайхан сумын 10 литр айраг 100.000 төгрөгөөр үнэлэгдэж, дээд амжилт тогтоож байжээ.
 
Сайхан айраг боловсруулахад хийх арга ухаан, түүнийг баримтлах уламжлал, тогтсон дэг журам, ёс жаяг, ажил үйлдэл болгоны эрэмбэ, хүний эв дүй, сурц, туршлага мэдлэгээс гадна тухайн мал сүргийн идээшлэн бэлчдэг нутаг ус, өвс ургамлын онцлог, зохирлоос ихээхэн хамааралтай байдаг ажээ. 

Жишээлбэл, өөрийнх нь идээшиж дассан газар нутгаас өөр газар адуугаа аваачаад, өөрийн хөрөнгөөр айраг хийхэд унаган уугуул газар нутагтаа хийдэгтэй нь адилхан болдоггүйг нотолсон баримт олон байдаг юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.