​Долоо хоногийн онцлох үйл явдлууд
УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Эдүгээ хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан, иргэдэд танилцуулж, санал солилцож байгаа юм. Мөн энэ амралтын өдрүүдэд ажлын хэсгүүд амралтын өдрөөр ч хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Энэ мэт өнгөрсөн хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 
Ерөнхий консулыг эгүүлэн татах шийвэр гаргав
 
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргав. Тухайлбав, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа.  Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналаа Засгийн газрын хуралд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгосон юм. 
 
Чуулганы хуралдааныг хугацааг сунгалаа
 
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.
 
Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ.
 
Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

Найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д саналаа хүргүүлэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан баасан гарагт мэдээлэл хийлээ. Тэрбээр  энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нарын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д саналаа хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Энэ шүүгч нар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатаар хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэхдээ эрүүдэн шүүсэн гэж мэдүүлэг өгсөн байхад хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж УИХ-ын таван гишүүн үзэж байгаа гэсэн юм. 

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын бүрэн эрхиийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна.  

Хакухо М.Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг зөвшөөрчээ

Өнгөрсөн долоо хоногт Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг  Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, зөвшөөрсөн гэх мэдээлэл олон нийтэд хүрлээ.  
Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч ёсчилсон байна. 
 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.