“Миний цагдаа намайг хамгаалах уу”
“Эмч нарын хийсэн алдаа өвчтөнтэйгээ хамт авслагддаг” гэдэг аксиом бий. Тэгвэл сүүлийн үед цагдаа нартай хамаатай ийм аксиомууд дэндүү олон болчихжээ. “Цагдаагийн хийсэн гэмт хэрэг бусдад тохогдоод дуусдаг”, “Нохойтой тэрсэлдвэл хормойгүй, цагдаатай тэрсэлдвэл ажилгүй” гэх маягаар үргэлжилнэ. Цагдаатай холбоотой “Миний цагдаа намайг хамгаална” гэх мэт эерэг үгс байдаг л даа. Гэхдээ сүүлийн үед сөрөг үгс илт давамгайлах болов. Ийм сөрөг үгний цаана хүмүүсийн амьдрал, нус нулимс, өнчрөл хагацал байдаг учраас үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй юм. Шүүгч нар хүний амьдралыг шийддэг гэдэг, тэгвэл яг нарийндаа хүний амьдралыг шүүгч биш, хэрэг бүртгэгч, цагдаа нар шийдээд байгаа юм биш үү.

Уншигчид санаж байгаа байх, 2000-аад оноос хойш манайд нэг гаж үзэгдэл газар авсан. Тэр бол ажилчид нь санаандаа нийцээгүй удирдлагынхаа эсрэг босч, ажил хаядаг явдал. Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход эсэргүүцсээр байгаад буулгасан жишээ хамгийн том нь. Үүнээс хойш “ингэж болдог юм байна” гэж бодсон уу, төрийн албан хаагчид удирдлагтайгаа хийх тэмцэлд шуударсан билээ. Асрах газрын дарга өөрчлөгдчихөөд хүмүүжигч хүүхдүүдээрээ “Аавыг минь битгий ажлаас халаач дээ” гэж хэлүүлж уйлуулаад бичлэгийг нь телевизэд аваачиж өгч байсан ч түүх байдаг.

Гэхдээ л өнөөдрийнх шиг эмч нар нь өвчтөнөө “заяа нь мэдэг” гэж орхиод ажил хаяж, цагдаа нар сайдынхаа эсрэг бослого гаргаж байгаагүй. Сайндаа л бичиг сачиг барьж гүйдэг, яалт ч үгүй дээд газрын шийдвэр учраас тэгсхийгээд чимээгүй болдог байсан. Харин одоо эрх ашгийг нь хөндөөд ирэхээр бусдыг хохироосон ч хамаагүй гэж үздэг, дэндүү увайгүй болж хувирчээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, цагдаагийн албан тушаалтнуудын зөрчил­дөөн үүний тод жишээ. Гэхдээ энэ хэргийн тухай биш, энэ хэрэг иргэдэд ямар дохиог өгөв гэдэг талаас илүү хөндөе.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Хууль зүйн сайдтай холбоотой хэрэг иргэдэд айдас үлдээсэн байна. Бүр тодруулбал, “Салбарынхаа сайдыг ингэж чадаж байгаа юм чинь, энгийн биднийг яаж ч чадах юм байна” гэдэг айдас.

Анх Х.Тэмүүжин сайдыг “Цагдаагийн байгууллага бол үйлчилгээний байгууллага” гэж хэлэхэд гайхсан хүн олон байсан. Магадгүй, энэ гайхалт л Монголын цагдаа иргэндээ үйлчилж чадахгүй байна аа гэдгийн хамгийн эхний илэрхийлэл. Гэтэл энэ үнэнийг засахыг чармайсных нь төлөө салбарын сайдтайгаа зөрөлдөж байна гэдэг нь өөрөө гажуудал.

 Монголчууд аливаа зүйлд хэлбэр талаас нь илүү хандаад байгаад харамсдаг юм. Хууль, эрхзүйн талаасаа Монгол бол дэлхийд байхгүй хүнлэг, энэрэнгүй, хууль дүрмээ дээдэлсэн орон шүү дээ. Манай хуулийг судалсан ямар ч хөгжингүй орны иргэн гайгүй иргэншсэн хуультай байна шүү дээ л гэж хэлнэ. Гэвч амьдрал дээр, өрөөр хэлбэл агуулга нь өөр болчихдогт эмгэнэл нь оршино. Бидний нүдэнд хамгийн ил байгаа хот төлөвлөлтийн тухайд гэхэд л хууль журмандаа “А”, “Б” гээд бүсчлээд атаархмаар сайхан зааж өгсөн байдаг юм. Гэвч орон сууцны барилгаас 20 хүрэхгүй метр зайд баригдсан бензин колонк нийслэлд хэд байгаа билээ дээ. Цагдаагийн албаны тухай хууль ч энд хамаатай.

Гадны улс оронд иргэн нь цагдаагаасаа “Та бичиг баримтаа шалгуулчихаад шаардлага тавина уу” гэж хэлэх эрхтэй, эрхээ эдэлж ч байдаг. Харин манайд бол ингэж хэлснийхээ төлөө цагдаагийн заналхийлэлд өртдөг. Тухайн иргэн эдлэх ёстой эрхээ эдлэхийг хүссэнийхээ төлөө цагдаагийн дарамтанд ордог. “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, эрүүдэн тамалж байгаа бичлэг интернэтээр цацагдсаныг олж үзээгүй хүн ховор биз. Энэ бол цагдаагийн үнэн дүр төрх. Цагдаа нэр зүүгсдийг ингэж оодроход нэг талаар иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдал нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь цагдаад хэтэрхий их эрх мэдэл олгож, түүнийгээ хуулиар баталгаажуулж өгсөн байдагт оршино. Зөрчил гаргасан иргэнд хариуцлага ногдуулахдаа шийтгэлийг хэтэрхий хол ялгаатай тогтоож өгсөн байдаг жишээг энд дурьдаж болж байна. “Торгох буюу баривчлах ял шийтгэнэ” гэдэг заалт бол цагдааг хэтэрхий дөвийлгөсөн заалт. Цагдаа зөрчил гаргасан иргэнийг торгосон ч болно, хорьсон ч болно. Хэрвээ цагдаатай аятайхан харьцахгүй бол шүүхэд шилжүүлж орхино. Тэнд илүү харгис хууль үйлчилж, илүү их эрх мэдэлтэй шүүгч хэмээх “мангаа” зогсож байдаг. Нэг жишээ авья. Эрүүгийн хуулийн 98.2-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гурван сар хорих, эсхүл таван жил хорих ял шийтгэх нь шүүгчийн мэдлийн асуудал болж хувирч байгаа биз. Ийм байхад хэн ч “аятайхан” байж байгаад бага ял сонсохыг бодно. Цагдаа шалгасан бүх хэргээ шүүхэд шилжүүлдэг болгоод, дээрээс нь Эрүүгийн хуулийн хэтэрхий бүдүүн тойм байдлыг үгүй болгож чадвал бүх зүйл хуулийн дагуу шийдэгдээд явах боломж арай л ихэснэ гэж санагдана.

Монголд л байдаг бас нэг гажуудал цагдаатай холбогдоно. Тэр бол өнөөгийн төрийн байгууллагуудын нийтлэг дүр төрхийг харуулж байгаа “Хаанаасаа хаалгач нь” гэдэг үгийг хэрэгжүүлдэг байдал. Сайд, дарга нарынхаа өгсөн үүргийг биелүүл­дэг­гүй, эсвэл огт ойлгодоггүй нөхдүүд цагдаа дэндүү олон. Дээр жишээ татсан “Хуулиа уншиж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан иргэнийг зодсон цагдаа бол энэ нөхдүүдийн нэг төлөөлөгч нь. Ийм нөхдүүд нь голцуу ахлагч нар байх бөгөөд байнга ийм зөрчил гаргаж, дарга нарынхаа чихийг халууцуулан “Мянган үхрийн эвэр доргиож” байдаг юм. Дарга нарын байсхийгээд л “шахах” “Үзлэгт хэрэгтэй” элдэв шалдав зүйлсийг дуугүйхэн шиг худалдаж авчихаад, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа шударга цагдаа нар ч олон байгааг хэлэх нь зүйтэй байх.

 Цагдаа, ер нь л төрийн байгууллагынхны гаргасан зөрчил хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр гарч байж л зохих журмын дагуу ший­дэгддэг бас нэг гаж үзэгдэл манайхаас өөр оронд байдаггүй байх. “Цагдаа намайг хохироолоо” гэсэн гомдол байсхийгээд л ороод ирнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм асуудалд нэг талын байр суурийг илэрхийлж болдоггүй. Гэвч яах аргагүй хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрлэсэн хэргүүд хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр гарч, гарсны дараа шийдвэр өөрчлөгдсөн явдал гарсаар байгаа нь үнэн билээ.

Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үхэвч үнэн 2015-08-18 02:30:23
    Цагдаагийн газар бол үйлчилгээний байгууллага” гэж анх Х.Тэмүүжин хэлсэн юм уу. Худлаа шаа. Цагдааг зах зээлийн үед хөл дээр нь босгосон Пүрэв генерал хэлсэ...
  • дорж 2014-09-17 02:53:53
    Цагдаа үйлчилгээний байгууллага байна гэдэг үгийг чинь Тэмүүжингээс өмнө бүр дээр үед Пүрэв генерал хэлж хийж байсан зүйл шүү дээ.Гэхдээ үүнд зөрчил их гардаг юм даа хэрэг хийсэн хүнийг уучлаарай та хэрэг хийсэн үү? гээд аргадаад байх хэцүү,эсвэл согтуу х
  • zochin 2014-09-17 02:38:44
    tsagdaa bol uilchilgeenii ulsuud haana buu zuil garch bna teriig zov bolgoh gej humuust uilchildeg ulsuud shuu dee zarim uhamsar muutai toriin huvtsas omsson humuus denduu gajuud zan avir gargaaad ard tumend oorsdiigoo buruu oilguulsan
  • зочин 2014-09-17 02:27:48
    Зарим цагдаа хувцас өмссөн хамгийн бүдүүлэг,соёлгүй,ашгийн төлөө,амар хялбар цалин авах эрмэлзэлтэй байдаг. Ард иргэдэд үйлчлэх үүрэгтэй байх нь зөвөө.