Д.Цэцэгмаа: Хуучир нь ардын дуу болон магтаал ерөөлд тохиромжтой хөгжим
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчин, хуучирч Д.Цэцэгмаатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сард дан хуучир хөгжмийн эгшгээр ая аялгуу тоглосон анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн юм.

Жижигхэн хонгор биe хуучирын хөгийг чимчигнэтэл тоглож уянгалуулна гэдэг ямар гайхалтай сонсогдож байсан гэж санана. Үзэгчид нүдээ аниад зүрхээрээ сонсч байв. Бусдыг уярааж, хөгжмөө тоглох нь түүнд сэтгэлийн их хөг бас хойшид ч үргэлжлэх эгшиглэнт их мөрөөдөл бийг харуулсан билээ.

-“Хуучир” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн билээ. Хэдий өнгөрсөн ч гэсэн тоглолтын сонин сайхан хуучраагүй байх?

-Зургадугаар сарын 07-д чуулгынхаа урлагийн танхимд өөрийн анхны бие даасан “Хуучир” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн. Сэтгэл маш өндөр байгаа. Тоглолтын тухайд гэвэл дан мэргэжлийн зохиолоор бүтээгүй. Эстрад, амьд хөгжим, ардын хөгжим гэх мэт олон төрлийн үзүүлбэртэй байснаараа ихээхэн онцлогтой болсон. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад бол сүүлийн хэдэн жил гоцлол хөгжим гэсэн төрлөөр тоглогдоогүй тоглолт болсон.

Тоглолтын маань гол зохиол гэвэл хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хуучирт зориулсан анхны концертыг  тоглосон.
Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт ардын дууны таван МАА-гийн аялгууг тоглосон. Ардын дууг үндсэн аялгуугаар нь хуучир хөгжим дээр тоглоно гэдэг үнэхээр гайхалтай. Гавалмаа, Хандармаа хоёр дууны түүхийг үзэгчдэд сонирхуулсан. Араас нь залгуулаад Алигармааг эмэгтэй дуучинтай, Дүүриймааг эрэгтэй дуучид хамтарч дуулж, би хөгжимдсөн. Мөн хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучид маань оролцсон.

Гуравдахь хэсэг нь Ш.Өлзийбаярын анхны хуучирын буюу тэр дундаа  тэмээн хуучирын зохиолыг тоглосон. Цэнгэлмаа багшийн дэмжлэг туслалцаа дэмжлэгтэйгээр тоглосондоо баярлаж байгаа. Мөн Хятад зохиолчийн Монголыг бодож бичсэн “Нүүдлэх” гэсэн зохиолыг тоглосон. Тэр зохиолч зохиолоо Монголыг бодож дүрслэж бичдэг юм билээ. Үүнийг нь монгол хүн хуучир хөгжмөөр тоглосон гэж хэлж болно. Дэлхий даяар алдаршсан морины уралдаан гэх аяыг хуучир хөгжмөөр тоглосон. Энэ ая бол Монгол ардын дуу Улаан туг дуунаас бүтсэн юм билээ.

-Олон жил тоглох юмсан гэж мөрөөдсөн ямар аялгуу байгаа вэ?

-Миний тоглохыг хүссэн аялгуу бол “Цыганы дуулал” гэсэн ая байлаа. Энэ аяыг анх Отгонбаяр эгчийн тоглож байсныг сонсоод аймар дурлаж байсан. Тэгээд энэ удаад бүр зорьж байгаад өөрийн болгож тоглосон. Миний тоглолт нэг их урт биш нуршаагүй, үзэгчдэд дараагийн хүлээлтийг бий болгох тоглолт болсон.

Амьдралд тохиолдох дурсамжуудын нэг болсон болохоор том сургамж болсон. Уран бүтээлийг дэмжсэн ажлын хамт олон болон UBS телезийн найруулагчид болон ханийн минь найзууд хайртай аав ээжүүддээ баярлалаа гэж  дахин хэлье.




-Хуучир хөгжимтэй хувь заяагаа холбосон түүхээ яривал?

-2005 онд Хөгжим бүжгийн коллежид Бодьсүрэн багш маань намайг шалгаж авсан. Тэрнээс хойш Бодьсүрэн багш болон залуу багш Одонтунгалаг багшийнхаа удирлага дор 2016 он хүртэл суралцаж төгссөн. Эргээд бодоход 13 жил хуучир хөгжим хөгжимдсөн байна.

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хэдэн онд орсон бэ?

-2015 онд орсон. Сүүлийн гурван жил чуулгын гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна.
 
-Цаашдын уран бүтээлийнхээ талаар яривал?

-Анхны уран бүтээл маань “Гоолингоо” гээд ардын дуугаар бүтсэн аяз байгаа.  Бодьсүрэн багшийнхаа гаргасан Монголын хөгжмийн зохиолчдын хөгжмийн зохиол гэсэн эмхтгэл бий. Тэр эмхтгэлээр нь хоёр цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Олон уран бүтээл гаргахыг хичээж байгаа.

-Ардын хөгжмийн хөгжил ямар шатанд яваа гэж бодож байна вэ?

-Хөгжимчдын ур чадвар дэлхийд гайхагддаг. Тиймээс ч дэлхийд өрсөлж хүлээн зөвшөөрөгддөг. Хөгжмийн хувьд морин хуур дэлхийд танигдсан.  Хуучирыг хятадууд илүү их хөгжүүлжээ. Гэхдээ сүүлийн үед Байгальжав гэх судлаач хуучир хөгжмийн талаар олон төрлийн судалгаа хийж байна. Яавал Монгол дуугаралттай хуучир хөгжим гаргах тал дээр илүү анхаарч гаргаж, эхэлсэн. Хөгжимчдын чадвар сайн ч хөгжлийн талаар муу. Өөрөөр хэлбэл, төр засгаас дэмжих тал дээр муу гэхүү дээ. Гэхдээ дэмжлэгтэй явж байгаа нэг хэсэг бий.  Хэрвээ ардын хөгжмөө, хөгжимчдөдөө дэлхийд гаргая гэвэл төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Дэлхийд нэрээ дуурсгах ардын хөгжимчид олон бий шүү.

-Уран бүтээлийн тухайд ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Таны хуучир хөгжмөөр тоглосон “Гоолингоо” дууны аялгуу бол үнэн тасархай болсон байна билээ?

-“Гоолингоо” дууны тухайд хүмүүс их сөрөг бодолтой байдаг юм билээ. Найр наадамд дуулдаггүй гэдэг. Анх энэ дууг сонгоод их судалсан. Дууны түүхэнд Агаасүрэн гэж хатны тухай гардаг бөгөөд эр цэрэгт явсан нөхрийгөө санагалзаж дуулсан дуу гэдэг юм билээ. Агаасүрэн хатны хайр сэтгэлийн үнэнч сэтгэлийн илэрхийлэл болсон ардын дуу гэж ойлгодог. Тийм учраас би хөгжмөөрөө тоглосон.

-Хөгжим болгон өөр өөрийн гэсэн өнгө араншинтай байдаг. Хуучир хөгжмийн тухайд ямар араншин гаргадаг вэ?

-Хуучир хөгжмөөс уянгалаг зөөлөн аяз гардаг. Эмэгтэй хүний уян зөөлөн зан чанартай зүйрлэнэ дээ.

-Багаасаа хөгжмийн мэдрэмжтэй өссөн үү. Хуучир хөгжмийг тоглоход бусад ардын хөгжмөөс илүү ямар мэдрэмж шаардах бол?

-Ардын бусад хөгжмүүдээс өөр мэдрэмж шаардана. Яагаад гэвэл ятга ёочин зэрэг хөгжим бол бэлэн хөгөн дээр тоглодог. Жишээлбэл шанз гэхэд хойноо даралттай байдаг. Гэтэл хуучир хөгжимд тийм зүйл байхгүй. Хуучир хөгжим бол өөрийнхөө мэдрэмж сонсголоо нийлүүлж тоглодогоороо бусад хөгжмөөс ялгаатай. Хуучир хөгжмийг муухай тогловол хамгийн муухай хөгжим, сайхан тогловол хамгийн сайхан хөгжим гэж манай багш нар ярьдаг юм.

-10 гаруй жил хуучир хөгжмийг тогложээ. Одоо бол хөгжмөө гарын 10 хуруугаараа гарамгай сайн тоглочихно, бүрэн эзэмшсэн гэж хэлж болох уу?

-Яг тэгж хэлж болохгүй юм. Хөгжимчин хүн сурахдаа бараг 10 жилийг зориулж байна. Нөгөө талаараа дахиад 10-20 жил сурч байж өөрийгөө хөгжимчин гэж хэлнэ. Би бол хуучир хөгжмийг төгс сурсан гэж хэлэхгүй, сураад, суралцаад явж байна даа.

-Хуучир хөгжмөөр тоглох ая, аялгууны тухайд. Ихэвчлэн ямар аяз тоглодог бэ?

-Ардын дуунууд их гоё зохицно. Мөн сүүлийн үед СУИС-ийн багш Цэнгэлмаа гуайн сэргээж шинэчилсэн тэмээн хуучир, ямаан хуучир, хонин хуучир, Бодьсүрэн багшийн аралт хуучираар ерөөл магтаал тоглохоор их гоё сонсогддог юм билээ. Ер нь дээр үед ингэж тоглодог байсан талаар багш маань ярьж байсан.

-Хуучир хөгжмөө тоглоод мөнгө олоод явах боломж бий юу?

-Байхгүй шүү дээ. Нийтийн дуучид нэг дуу дуулаад тэрийгээ дүрсжүүлээд тоглолт хийгээд мөнгө олоод яваад байх боломжтой юм. Гэтэл хөгжимчин, бүжигчдэд тийм боломж байхгүй дээ. Хөгжимчин мэргэжлээр мөнгө олж амьдарна гэдэг хэцүү. Миний тоглолт бол ямар ч ашиг харж хийгээгүй юм. Энэ тоглолтоо хийснээр өөртөө маш том дэвшлийг авчирсан даа. Гэхдээ мэргэжил бүхэн сайхан учраас би хөгжимчин гэсэн мэргэжилдээ хайртай.

-Хуучир хөгжим олон янзын нэртэй байдаг. Таных ямар нь вэ?

-Минийх дунд зэргийн хуучир. Хөгжимчин хүн бүх төрлийн хуучирыг тоглох чадвартай байна.

-Тайзан дээр хөгжмөө тоглоод сууж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Хөгжмөөсөө гэхээсээ илүү тоглож байгаа зохиолоосоо гоё мэдрэмж аваад түүнийгээ хөгжмөөрөө гаргах нь гоё сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг юм.

-Хуучир хөгжмөөр дагнаж тоглолт хийсэн уран бүтээлчид хэр байдаг вэ. Танай чуулга хэдэн хуучир хөгжимчинтэй бэ?

-Олон байгаа. Манай мэргэжлийн багш “хуучирын” гэх Одноо багшийг олон түмэн мэднэ ээ. Багш маань бие даасан тоглолтоо хийж байсан. Мөн дээрээс нь Шанхайн хөгжмийн сургуулийг хуучир хөгжмийн мэргэжлээр төгсч байсан Отгонбаяр эгч маань тоглолтоо хийж байсан. Манай чуулга хамгийн олон хуучирч хөгжимчинтэй байгууллага. Одоогоор 7 хуучирч байна даа.

-Хуучир хөгжмийг Хятадаас гаралтай хөгжим гэж ярьдаг юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?

-Түүхэндээ бол энэ хятад хөгжим, монгол хөгжим гэж баримтжуулсан зүйл байхгүй. Яг судлаад үзэх юм бол Хятадууд өөрсдөө “Энэ бол хойд нутгаас гаралтай” гэж бичсэн байдаг юм билээ. Хойд нутгийг нь хөөгөөд үзэхээр Өвөрмонгол болж таарна. Өвөрмонголын уг сурвалжаас асуухаар “Энэ хөгжмийг тайгаас гаралтай” гэж үздэг юм билээ. Тэр тайга нь бараг Монголын Хөвсгөл хавьцаа юм боловуу гэж харахаар. Гэхдээ нарийвчлан судлаагүй юм билээ.

-Тантай ярилцаад сууж байхад нэг л тийм зөөлөн араншин мэдрэгдлээ. Амьдралынхаа тухайд гэвэл хөгжимчин хүн гэхээр амьдрал дээрээ ч нэг тийм уянгалаг зөөлөн байдаг юм болов уу?

-Тийм байна уу. Нэг их тийм зөөлөн уянгалаг хүн бишээ. Байгаа байдал маань ийм хүн. Гэр бүлдээ ажлаасаа гарсан илүү цагаа зарцуулахыг зорьдог. Мөн мэргэжлээ ч давтах цаг зав хангалттай гаргадаг. Энэ ажилд миний бүх зүйл байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Би аялах дуртай. Хобби, мэргэжил, ажил гээд нэг дор байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын нэг онцлог бол хил дээр, хилчдийг зорьж очоод, зориулж тоглолтоо хийдэг. Миний хувьд 21 аймгаа нар зөв тойрсон байна. Хэн хүний очоод байдаггүй  хилийн харуул, застав дээр очиж тоглоно гэдэг сайхан. Үүнийгээ дагаад өөрийнхөө аялах хүслээ ч давхар биелүүлчихдэг. Хажуугаар нь мэргэжлийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ гээд мэргэжлийн онцлог сайхан шүү дээ.
 



Хайртай ханьтайгаа... 

ХЦДБЧ-ын хамт олонтойгоо...

Гэр бүлийн хамт... 


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2019-07-02 13:29:53
    Ху нарын хөгжим буюу зэрлэгүүдийн хөгжмийн гэсэн үг болох нь Хятад сурвалжаар нотлогдсог байна лээ
    64.119.26.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Munhtuul 2019-07-02 12:20:30
    Bayr hurgey. Uran buteeliin undur amjilt husiy.
    112.72.11.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Amjilt 2019-07-02 09:56:08
    Amjilt
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Ar Hour Hyatad hugjim duu 2019-07-02 01:38:06
    Huuchir buyu Ar Hour bol Jungaa hugjum yum shuu dee.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах