Архины хуулийг эсэргүүцэж байгаа олигархиудтай хатуу тэмцэе
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн  санаачлан боловсруулсан Архины хяналтын тухай хуулийн  төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Тэрбээр өмнө нь тамхины хяналтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээр олон нийтийн үйлчилгээний газар, гудамж талбайд тамхи татахаа больж, худалдаалах цэгт хяналт тавьсан билээ. Хэдийгээр  Архины хяналтын тухай хууль батлагдахыг иргэд дэмжиж байгаа боловч  үйлдвэрлэгчид, найман нэрийн барааны хүнсний дэлгүүрийн эздийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Үүнээс гадна Л.Эрдэнэчимэг гишүүнийг архины бизнест хөл тавих гэж байгаа гэх яриа ч дэгдсэн боловч тэрбээр үүнийг үгүйсгэсэн билээ.

Манай улсын хувьд  сүүлийн жилүүдэд өсвөр насныхан, залуучууд, охид бүсгүйчүүдийн архины хэрэглээ нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас сануулж  байна.  Энэ бүхэн архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн осол, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх асуудалтай тэмцэх аргыг өөрчлөх цаг болсныг харуулж байгаа юм.  Согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдэх хор уршиг нийгмийг бүхэлд нь хамарч эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг ДЭМБ тооцоолжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн дунджаар амьдралынхаа 29 жилийг алддаг, эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ий 0.45-5.44 хувьтай тэнцдэг аж. Дэлхийд нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320 мянга нь 15-29 насныхан байгааг дурджээ.

Архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад эрс нэмэгдсэн нь өндөр хөгжилтэй орнуудаас шахагдаж буй архи үйлдвэрлэгчид хөгжиж буй орнууд руу хүч түрэн орж байгаатай холбоотой юм. Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүхэн архины хяналтын тухай хууль тогтоомжийг яаралтай батлах зүй ёсны шаардлага гарч ирээд байгааг онцолсон байна. “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ (2010)-аар сурагч өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол  хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог гэжээ.

Өнгөрөгч 2013  оны байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр, үүнээс 16 спиртийн, 93 архины, 14 дарсны, 21 шар айрагны үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэдэг. 2008 онтой харьцуулахад, 2011 оны байдлаар архи, дарсны үйлдвэрлэл 1.6 дахин, шар айрагны үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. 2007-2011 онд нийт 200.9 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь жилд дунджаар 10.7 сая литрээр буюу 23.5 хувиар өссөн төдийгүй зөвхөн сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундааны үйлдвэрлэл 1.8 дахин өссөн байна. Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4  хувь спирт, 32 хувь нь архи, 49 хувийг пиво эзэлж байгааг тогтоож. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ.

Манай улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудын дунд архидан согтуурах явдал газар авсаар байна. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шар айраг хэрэглэж буй хэрэглэгчдийн 80 орчим хувь 15-25 насны залуучууд болох нь харагдаж байгаа ба нийт хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг манай орны хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж зохих арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд буй. 360 хүн тутамд архи борлуулах нэг цэг оногдож байгаа нь бусад орны дунджаас хэд дахин өндөр байна. Энэ оны эхний найман сарын байдлаар импортоор оруулсан согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн нь Монгол Улс гадаадын үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн таатай улс орны тоонд орсны жишээ юм.
 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Хуурай хууль гаргахгүй

-Архидан согтуурахтай тэм­цэх тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл болон Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруул­гын төсөл дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнгөр­сөн хугацаанд Ажлын хэсгээс нэ­лээд олон хэлэлцүүлэг хий­сэн. 2003 онд Архидан согтуурах­тай тэмцэх тухай хууль батлагдан гарснаас хойш 11 жил өнгөрсөн ч архидалт огт буураагүй үзүүлэлттэй байгаа.

Иргэдээс архины тухай хуулийг чангатгаж өгөөч, архидалт газар авлаа, архидалтаас болж гэмт хэрэг үүсч байна, архи борлуулдаг цэгийн тоо дэндүү олон байна гэсэн шүүмжлэлийг байнга тавьдаг. Үнэхээр хүүх­дийн цэцэрлэг, эмнэлэг, сур­гууль огт хүрэлцэхгүй байхад архи борлуулдаг цэгүүд олон бай­на. Хууль бус архины худалдаа маш их байна. Иймд үүнийг цэгцэлж өгөөч гэсэн иргэд, сонгогчдын хүсэлтийн дагуу зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэж ойлгож байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хуулийг гаргах ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Бодит амьдралд хэрэгжихүйц хууль гаргахын тулд ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа болон ашиг сонирхолд нь нийцэж байгаа бүх хүмүүсийн дуу хоолойг сонсож авахыг нь авч хаяхыг нь хаяж хуулийн төсөлд тусган ажиллах ёстой. Иймээс хуулийг хэрэгжүүлэхэд бодит амьдрал дээр юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар нийслэлийн дүүрэг, хороод, цагдаагийн албан хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж багагүй саналуудыг аваад байна. Мөн хамгийн их эрх ашиг нь хөндөгддөг найман нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Зарим иргэдийн дунд хүний эрх зөрчсөн асуудал ярьж байна, хуурай хууль гаргах гэлээ гэсэн шүүмжлэл яригддаг. Энэ бол хуурай хууль биш харин тодор­хой хязгаарлалтуудыг хийж өгч байгаа. Энэ хуулийн гол зөвлөхөөр Дэлхийн эрүүл мэнд­ийн байгууллага ажилласан.
 
Ж.Цогтсугар: Хүний төлөө үйлчилдэг хууль болно гэдэгт итгэлтэй байгаа

/Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн/

-Эмэгтэй гишүүдийн санаачилгаар Архины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр ажлын хэсэг гаргаж энэ хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг санаачилсан болон дэмжиж байгаа хүмүүс нь архидалтад үнэхээр санаагаа чилээж явдаг учир гар, сэтгэл нийлэн ажиллаж байна гэж боддог юм. Нийгмийн сэтгэл зүй архиар өвчилчихсөн ийм цаг үеийг зоригтойгоор сөрж, “Архигүй Монголын төлөө” санаачилга гаргана гэдэг нь Ерөнхийлөгчийн маань Монголын ард түмэнд хийж буй маш том буян.

Үүнийг зөв өнцгөөс нь хүмүүс олж хараасай гэж би хүсдэг. Архины хяналтын тухай хуулийг би хүний төлөө үйлчилдэг хууль болно гэдэгт итгэлтэй байгаа. Маш олон хүний саналыг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, би уг хуулийн төсөлд тусгасан ганцхан заалтыг энд дурьдая.  Архинаас гарч байгаа хүнийг найз нөхөд нь архиар шахах хамгийн хэцүү байдаг юм. Хэн нэгнийг архиар шахсаны улмаас тухайн шахуулсан хүн ямар нэгэн асуудалд орооцолдох юм бол шахсан хүн нь хариуцлагын арга хэмжээг ижилхэн хүлээдэг болно. Архиар шахсан хүн нь хариуцлага хүлээгээд ирэхээр зөв голдирол руугаа орно гэсэн үг.

/Эх сурвалж “Улстөрийн тойм сонин”/
 
Б.Бямбатогтох: Шинэ стратеги боловсруулж архидалттай тэмцэх шаардлагатай

/ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн/

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 1994, 2000, 2003 онд өөрчлөлт оруулж, 2003-2011 онд үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн ч архидалт буурахгүй байгаа. Тиймээс шинэ стратеги боловсруулж,  архидалттай тэмцэх шаардлагатай болсон.

1990 оноос манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр архидалт ихэссэн гэдэг ч өнөөдөр өсвөр үеийнхэн архи амсах, хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Архинаас хордох тохиолдол жилээс жилд нэмэгдэж, залуу насандаа архины хордлогоор нас барах тохиолдол ихэсч байна. Архидан согтуурах нь өөрөө өвчин. Маш удаан эмчилгээ авдаг. Эрүүлжүүлэгдсэн гэж ярих бус архины хордлогыг эмчлэх, хордлогоос гаргах гэж томьёолох нь зүйтэй.
 
Ч.Бат-Эрдэнэ: 95 аж ахуйн нэгж архи,  согтууруулах ундаа үйлдвэрлэж байна

/ХЗЯ-ны Хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн/

-Монгол Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэр­лэж байгаа. 2013 онд хийгдсэн судал­гаагаар спирт 1925, архи, дарс 24774, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон архины хэмжээг харьцуулж үзэхэд өндөр тоо гардаг. Энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгаа. Архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 7823 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2880 байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн статис­тик мэдээлэл гарсан. Нийт гэмт хэргийн 25.2 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарч, захиргааны зөрчил 7.5 хувьтай байгаа. Тиймээс үүнийг хуулиар зохицуулж өгөх ёстой. 
 
Ж.Отгонсүлд: Иргэд  дэмжиж байгаа

/”Амжилтын гүүр” ТББ-ын тэргүүн/

-Архины тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэхээр хэлэлцүүлэг өрнүүлж  байгаа. Гэхдээ энэ хуулийн зарим заалт нь иргэдийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. Ялангуяа архи үйлдвэрлэгчид. Үүнээс гадна архины тухай хуулийг  сонсоод далд архидалт ихсэх мэт бодол төрж байна. Яагаад гэхээр хуулийг хэтэрхий чангатгавал дээрх байдал үүсэх болов уу гэж эмээж  байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд, залууст  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  газар ховор байгаа. Бидний хувьд нэгнийхээ төрсөн өдрийг архигүйгээр тэмдэглэж, цэцэрлэгт хүрээлэн ч юм уу, парк орох гэхээр хаачихсан учраас нөгөө л баар сав руугаа явах болж байгаа юм. Тиймээс хуульд олон хүний санааг тусгаж, үүнийг зохицуулж  өгч батлаасай. Манай байгууллага 2013 онд  Эрүүл мэндийн яамтай хамтарч энэ чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд 14 их дээд сургуулийн оюутнуудад сургалт сурталчилгааг явуулсан. Харин энэ жил Хуульзүйн яамтай хамтарч Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Манай байгууллага архидан  согтуурахтай  тэмцэх, урьдчилан  сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийг архины зохисгүй хэрэглээ, хор нөлөөг ойлгуулах, мөн архины сөрөг нөлөөлөл, түүнээс гарах үр дагавараас  урьдчилан сэргийлж, олон нийтэд сурталчилгаа хийх, өсвөр үе, залуучуудыг архигүй амьдралын зөв хэвшилтэй болгох зорилготой ажиллаж байна. Төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 40 гаруй жолооны курсын төгсөгч нарт архины хор хөнөөлын талаар мэдээлэл өглөө. Үүнээс гадна томоохон худалдааны төвүүдээр архины эсрэг сургалт сурталчилгаа хийж байна. Иргэдийн хувьд ч үүнийг ихээр дэмжиж байгаа нь энэ төрлийн хууль нийгэмд үгүйлэгдэж байгаа нь харагдаж байгаа юм.
 
Д.Бадамцэцэг: Нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь чухал

/“Монголын Эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал/

-Бид 2010 оноос эхлэн албадан саатуулан баривчлах төв болон энэ төрлийн байгуулагуудад баривчлагдан ирсэн эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байна. Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө”  санаачилгыг дэмжиж, “Эрүүл идэвхтэй амьдрал”  клуб, МЗХ-той хамтарч ЕБС-ийн  болон их дээд сургуульд архины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааг хийж байна.

Архины тухай хуулийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ дагуу ирэх долоо хоногт эрэгтэйчүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. ЕБС-ийн  хүүхдүүдийн дунд архины хэрэглээ бий гэсэн судалгаа байдаг. Тиймээс хуульд сургуулийн сурагчдын дунд хүмүүжлийн  ажил явуулах цагийг нэмж, урьдчилсан сэргийлэх  заалтыг тусгах ёстой. Мөн албан байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ чигэлэлээр ажиллах хэрэгтэй. Мөн хороо дүүргүүдийн нийгмийн ажилтнууд өөрийн харяаны айл өрхүүдэд судалгаа хийж, энэ дагуу төр, ТББ-тай  хамтарч  ажиллах ёстой гэж бодож байна.
 
Д.Баяржаргал: Татварын хэсэг хувийг архины эсрэг сурталчилгаанд ашиглаж болно

/Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал/

-Манай холбоо хүүхдүүдэд амьдрах ухааны дадал чадвар олгох зорилготой. Түүний нэг хэлбэр нь архи, тамхи, мансууруулах бодисоос аль болох зайлсхийх. Үнэхээр зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал түүнээс яаж өөрийгөө чөлөөлж авч гарах вэ гэх мэт чиглэлээр хүүхдүүдтэй ажиллаж байна. Бид Дэлхийн архи тамхины эсрэг сангийн албан ёсны сурах бичгийг ашиглан 21 аймгийн хүүхдүүдэд мэдээлэл өгч байна. Сүүлийн үед хүүхдүүд нэг нэгэндээ сайн гэдгээ илэрхийлэхийн тулд хамт архи, уух ч гэх юм уу буруу зуршил их гарч байна. Тиймээс л бид хүүхдийг архи, тамхинд орохоос нь өмнө сэргийлэх нь чухал. Миний хувьд хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Хуульд сургуулиас хэдэн  метр хол архи, тамхи зарах гэсэн заалт оруулахаас илүүтэй архи, тамхи үйлдвэрлэгч нарт зориулсан хоригуудыг оруулж өгөх ёстой. Жишээ нь, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хүүхдэд зориулсан үйл ажиллагааг ивээн тэтгэхгүй гэдэг ч юм уу. Үүнээс гадна сурталчилгаанд анхаарал хандуулах ёстой. Насанд хүрэгчид  согтууруулах ундааны сурталчилгааг нэг өөрөөр харах бол хүүхэд бүр өөр өнцгөөс харна. Одоо бол нэг хамтлагийн тоглолт дээр очиход л заавал архины нэр орсон сурталчилгааг явуулж байх жишээний. Үүнд анхаарал хандуулах ёстой. Хуульд архи, тамхи үйлдвэрлэгчдийн татварын 0.5 хувийг архины эсрэг сурталчилгаанд ашиглаж болно. Тэгвэл архи, тамхины эсрэг сурталчилгаа хийх байгууллага нь бүр л олон болно.
 
Б.Төгс: ЕБС-ийн сурагчдын архины хэрэглээ сэтгэл түгшээж байна

/Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн/
-Архины хэрэглээ ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа өсвөр насныхны архины хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь эцэг, эхчүүд бидний сэтгэлийг түгшээсэн асуудал болчихоод байна. Дунд сургуулийн сурагчид архи, согтууруулах ундаа ууж, хэрэглэж, үүнээс үүдэн гэмт хэрэгт холбогдож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл огт буурахгүй байгаа юм. Хамгийн гол нь архи согтууруулах ундааны борлуулалтад хатуу хяналт тавих шаардлагатай байна. ЕБС-ийн сурагчид хаанаас архи авч байна вэ, найман нэрийн барааны дэлгүүрээс, гэр хорооллын мухлагаас, баар, цэнгээний газраас. Уг нь хуульд 21 нас хүрээгүй бол архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй гэсэн байдаг. Харамсалтай нь энэ лоозон маягийн журам зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байна. Амьдрал дээр хаана хэрэгжиж байна вэ, та нар хайгаад үзээрэй. Гэр хорооллын найман нэрийн барааны дэлгүүрүүд гэж архины ТҮЦ-үүд байна.
 
н.Гантулга: Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай

/Сонгинохайрхан дүүргийн иргэн/
-Архины хяналтын тухай хуулийн талаар одоогоор сонсч, мэдсэн зүйл байхгүй байна. Ямартай ч өмнө нь батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд онц дүн тавьж чадахгүй. Гудамж, талбайд тамхи татах явдал тэгтлээ буураагүй нь хэрэгжилтэд хяналт тавихгүй байгаагийн жишээ. Үүгээрээ би Архины хяналтын тухай хууль хэрэггүй гэсэнгүй. Хамгийн гол нь хууль баталж болно, эргээд хэрэгжилтэд хатуу, чанд хяналт тавих шаардлагатай. Архины хэрэглээг багасгах нь зөв. Угаасаа энэ нийгмийн шаардлагатай асуудал. Гагцхүү яаж бууруулах юм бэ, яавал архидан, согтуурах явдал буурах юм бэ тийм үү. Үнэхээр  хууль батлагдсанаар архины хэрэглээ буурах юм уу, эсвэл  нөлөөллийн аргаар иргэдийн ухамсарт нөлөөлөх үү. Энэ бүхнийг нарийн тооцох л хэрэгтэй. Түүнээс биш архины хэрэглээ Монгол Улсад ямар төвшинд хүрсэн нь хэн бүхний нүдний өмнө илэрхий болсон асуудал шүү дээ.
 
н.Энхбаяр: Архидалтыг дэмжсэн үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй

/Мини маркетийн худалдагч/
-Энэ хуулийг найман нэрийн дэлгүүрүүд хамгийн ихээр эсэргүүцэж байгаа гэж сонссон. Мэдээж орлогын дийлэнх хувийг архины борлуулалтаас бүрдүүлдэг гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ архи зараад хагартлаа баяжсан хүнийг сонсоогүй юм байна. Архины зарж, борлуулах цэгийг цөөлөх нь мэдээж чухал. Гэхдээ хамгийн гол нь үйлдвэрлэгчдийн тоог цөөлөх тухай хуульд тусгасан юм уу. Энэ олон нэр төрлийн архи, согтууруулах ундаа, шар айргийг үйлдвэрлэх шаардлага байна уу.

Үүнээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байнга архи, согтууруулах ундааг сурталчилж байна. Миний ажигласнаар архи, согтууруулах ундааны сурталчилгаа сүүлийн үед далд хэлбэрт шилжсэн. Хамгийн гол нь архидалтыг бүх талаар нь дэмжсэн үйлдвэрлэгчдийн тоог л цөөлөх хэрэгтэй. 100 граммын “Ерөөл” архи бол жинхэнэ архидалтыг дэмжсэн архи гэж боддог. Энэ мэтчилэн хямд үнэтэй, бага савлагаатай архины худалдаанд цэг тавих ёстой. Үнэтэй, цөөн нэр төрлийн архи худалдаанд гаргавал авах нэг нь авна биз. Бидний хувьд архи, согтууруулах ундааг үйлдвэрийн үнэ дээр 15 хувь нэмж зардаг. Тэгэхээр их хэмжээний ашиг, орлого олох боломжгүй юм.
 
Ж.Мягмарсүрэн: Архины үйлдвэрийг цөөлөх шаардлагатай

/Сүхбаатар дүүргийн иргэн/
-Архины үйлдвэрүүдийг цөөлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн борлуулах цэгийг цөөлсөн ч нэмэргүй. Худалдан авалт буурснаар аяндаа үйлдвэрлэгчдийн орлого буурна гэж үзэж байгаа юм билээ, хууль санаачлагчид. Миний хувьд худалдан авалт буурна гэж хэзээ ч байхгүй. Монголчууд баяр, найр, наадамд хэчнээн дуртай билээ. Тэр хэрээрээ архи, дарсгүй баяр, ёслол тэмдэглэнэ гэж байхгүй. Зөвхөн цагаан сараар гэхэд өрх бүр хэчнээн шил архи хэрэглэж байна.

Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх гэж хэчнээн шил архи худалдан авч байна вэ. Энэ бүхнээс харахад, архины үйлдвэрийг цөөлөөгүй цагт худалдан авалт буурна гэж байхгүй. Дунд сургуулийн сурагчид хүртэл тэмдэглэлт баяраараа архи ууж байна. Архи үйлдвэрлэж байгаа учраас зарж байна, үнэ, ханш сургуулийн сурагчдын худалдан авах чадварт нийцэж байгаа болохоор тэд худалдаж авч байна шүү дээ. Тэгэхээр архины үйлдвэрийн тоог цөөлж, үнийг нэмэх хэрэгтэй. Цөөн нэр төрлийн чанартай, үнэтэй архийг худалдаанд гаргаж болох юм. Тэгвэл ядаж ЕБС-ийн хүүхдүүд архи уухгүй болох байлгүй.
 
Д.Батбаяр: Архи үйлдвэрлэгчид л хууль эсэргүүцнэ

/Баянзүрх дүүргийн иргэн/
-Би архи гэдэг зүйлийг ор мөргүй устгачихаасай гэж боддог юм. Ялангуяа Монгол шиг хөгжих гэж ядаж байгаа улс, оронд архины хэрэгцээ огт байхгүй. Архины хэрэглээ ямар улсад өндөр байна вэ гэхээр дорой буурай хөгжилтэй, ядуу орнуудын иргэд л архидаж байна. Тэгэхээр Монгол хүмүүст архи гэдэг идээ огт зохихгүй, шаардлагагүй зүйл.

Арабын орнуудын иргэд ямар баян, тансаг амьдарч байна вэ. Гэтэл тэд архи, дарс ууж, согтуурсан зүйл алга. Тэгэхээр архигүй байж болдог гэдгийг тэд харуулж байгаа юм. Архины хяналтын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Хуулийг хэн эсэргүүцэх вэ, архи үйлдвэрлэгчид, тэдний ах, дүүс, амраг, садан л эсэргүүцнэ. Түүнээс биш энгийн иргэд энэ хуулийг хоёр гараа өргөөд дэмжинэ.
 
Э.Жаргалмаа: Оюутан, залуусын архины хэрэглээ өндөр байна

/СУИС-ийн III курсын оюутан/
-Оюутан, залуусын архины хэрэглээ үнэхээр хэрээс хэтэрсэн. Тэд баар, цэнгээний газар, дэлгүүр гээд хаа дуртай газраасаа л архи худалдаж авч уудаг. Нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баяр гээд уух шалтаг яаж ийгээд л олчихдог. Уг нь залуу хүмүүст архи хэрэггүй. Архи худалдан авах нөхцлийг нь хязгаарлах хэрэгтэй. Үнэхээр хууль нь батлагдаад хатуу хяналттай болчихвол архины хэрэглээ хязгаарлагдах байх гэж бодож байна.
Монголын мэдээ
Э.Пагмадулам, Х.Өнөржаргал

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2014-09-17 03:28:34
    Хэн гэдэг нэртэй ямар гишүүн нь эсэргүүцээд байгаа юм бэ? Шууд нэрийг нь зарлаач
  • зочин 2014-09-17 03:21:06
    Үнэхээр нойтон хууль гараасай, тамхийг охид хүүхнүүд булан тохойд оффисийн гадна татсаар л байна, тэдний бичлэгийг хийж торгууль оногдуулж байгууштай, хүүхэдүүд нь дууриана шүү дээ. Архины үйлдвэр,дэлгүүрийг цөөалөх,татвар торгуулийг нэмэх, нийлж архиддаг