Б.Чулуундолгор:Нийгэм тэгш бус байна, яагаад вэ гэж боддог байсан
 
Миний нэрийг Б.Чулуундолгор гэдэг. Би Италийн АИФО төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас хойш тасралтгүй оролцож олон төрлийн сургалтанд хамрагдан чадваржиж, одоог хүртэл энэ байгууллагын тусламжтайгаар олон мэдлэг мэдээллийг өөртөө олж авсаар байна.
 
Гэхдээ би Италийн АИФО төрийн бус байгууллагатай аль эрт холбогдсоноо сүүлд мэдсэн юм.
 
Миний бага нас бусад хүүхдийн нэгэн адил байв. Улаанбаатар хотоос 460 орчим км-ийн зайтай хөдөө суманд амьдардаг байлаа, дунд сургуулийн сурагч байхдаа осолд орж, нуруу нугасны гэмтэл авсан юм. Гэмтэл маань хүнд байсан тул яаралтай хагалгаанд орохоор Улаанбаатар хотод хүргэгдэн ирж 6 цаг үргэлжилсэн хүнд хагалгааг даван туулсан ч дахин хөл дээрээ явж чадахааргүй болсон байлаа. Харин энэ үед ээж, аав гэрийнхэн маань намайг дахин явж чадахгүй болсон тухай мэдээг надаас бүгд нууж байсныг хожим мэдсэн.
 
Хагалгааны дараа бие маань тэнхэрч, хүч чадалтай болох хүртэл нэг жилийн хугацаа өнгөрсөний эцэст тэргэнцэр дээр бага зэрэг суудаг болсон хэдий ч хувцсаа өмсөх, хооллох, салхинд гарах бүх л үйлдэл дээр хэн нэгнээс хамааралтай болсон байлаа. Ганцаараа бие дааж юу ч хийж чадахгүй болсонтойгоо би нэг хэсэг эвлэрч чадаагүй.
 
Нэг өдөр сумын эмч “Нуруу нугасны гэмтэлтэй хүний гарын авлага” гэсэн номыг надад авчирч өгсөн нь олон эерэг өөрчлөлтийн эхлэл болсон юм. Номын заавар болгоны дагуу би өдөр бүр 4-6 цагийн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх болсноор бие маань сайжирч, тэргэнцрээ сайн ашиглаж сурсан төдийгүй хувцсаа угааж, хоолоо хийх, гэр орноо цэвэрлэх зэргийг бие даан хийж сурсан. Мөн тэр үед аав маань гарын авлага дээрх зааврын дагуу хашаан дотроо надад тохиромжтой ариун цэврийн өрөөг хийж өгсөн нь маш их хэрэг болж, гэртээ бие засах том бэрхшээлээс салгасан. Гэр хороололд амьдардаг тэргэнцэртэй хүмүүс энэ бэрхшээлийг илүү их мэдэх байх.
 
Түүнээс хойш хэсэг хугацааны дараа нөгөө ном өгсөн сумын эмч маань надад хандаж өөртөө тохирсон ажил хийж болох тухай зөвлөгөө өгч, хүсвэл хөнгөлөлттэй зээл олдох боломж байгаа тухай хэлсэн. Би гэрийнхэнтэйгээ зөвлөж байгаад 125,0 мянган төгрөгийн зээл авч гэртээ нарийн боов хийж эхэлсэн. Миний бизнес тийм ч амжилттай болоогүй ч, ямарч гэсэн зээлээ хугацаанд нь төлж чадсан.
 
Түүний дараа би ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөр шийдэж, гэрээрээ даалгавар авч хичээллэсний үр дүнд төгсөлтийн шалгалтаа амжилттай өглөө. Ингээд үүндээ урамшаад би дээд сургуульд суралцах саналтай байгаагаа аав, ээждээ хэлэхэд тэд маань зөвшөөрч манайхан гэр бүлээрээ хотод шилжиж ирцгээсэн.

Улмаар Бизнесийн эдийн засагч удирдлагын менежер мэргэжлээр сургуулиа амжилттай дүүргээд, тухайн үед хамгийн их өргөн сүлжээтэй байсан Хаан банкинд ажилд орох хүсэлт тавьсан. Харин Хаан банк миний саналыг хүлээж аваагүй, учир нь тус банкинд тэргэнцэртэй хүн орох зориулалтын зам, ариун цэврийн өрөө байхгүй тул ажилд авах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Ийм байдлаар олон газраас ажилд авахаас татгалзсан хариу авч байлаа. Энэ үеэс би “Нийгэм тэгш бус байна...Яагаад вэ?” гээд бодож эхэлсэн. Удалгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудаар очиж өөртэйгөө адилхан үзэл бодолтой хөгжлийн бэрхшээлтэй олон хүмүүстэй танилцаж, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож эхэлсэн.
 
Улмаар 2005 онд “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ-ыг анх үүсгэн байгуулагдахад Удирдах Зөвлөлийн гишүүнээр орж ажиллах болсон.
 
2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Олон улсын байгууллагын Европыг хариуцсан тэргүүн, Дэлхийн зөвлөлийн гишүүн, ноён Жиампьеро Гриффо багшийн удирдлага дор болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлийн конвенци хэрхэн боловсруулах, хэрхэн өөрийн оронд батлуулах” тухай сонирхолтой сургалтанд би сууснаар өргөн боломж өөртөө байгааг олж харсан юм. Тэгээд тэр жилдээ Италийн АИФО төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Төрийн бус байгууллагуудын менежерүүдийг чадваржуулах” сургалтанд хамрагдсанаар төрийн бус байгууллагад ажиллах том суурь мэдлэгийг олж авсан.
 
Одоо би Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоог удирдан ажиллаж байгаа ба манай байгууллага нь 2009, 2014 онуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар Засгийн газраас хийсэн үйл ажиллагаанд Төрийн бус байгууллагуудын зүгээс өгөх үнэлэлтийн тухай Сүүдэр илтгэл бичих, 2016 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хууль батлуулах, 2017 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулах үйл ажиллагаануудад бусад Төрийн бус байгууллагуудтай хамтран идэвхитэй ажиллаж, амжилттай үр дүнд хүрч байна.
 
Энэ бүх цаг үеүүдэд Италийн АИФО төрийн бус байгууллага, “Тэгш дүүрэн” хөтөлбөр үргэлж надтай, манай хамт олонтой хамтран ажилласаар ирлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даах чадварыг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөнийг заасан гарын авлага, өөрийнхөө төлөө шийдвэр гаргах эрх мэдлийг надад өгсөн бөгөөд бие даан орлоготой болох эхлэлийг тавьсан бизнесийн анхны зээлийг маань Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Зээлийн эргэлтийн сангаас олгосныг би сүүлд нь мэдсэн юм.

 
Монголын тэргэнцэртэй иргэдийнҮндэсний холбооны Тэргүүн Б.Чулуундолгор
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.