Самдантай аялсан сэтгүүлчид
Сайн байцгаана уу? Эрхэм аялагч сэтгүүлчид ээ.

Намайг Д.Содномсамдан гэдэг.Мазаалай Номадик тур” компанийн менежер гэх товчхон танилцуулгатай зэрэгцэн Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй ээлжит аялал гараанаас гарлаа. Аяллын багт өдөр тутмын сонин, сайт, телевизийн 40 гаруй сэтгүүлчид багтаж, Аглаг бүтээлийн хийдээс Итгэлт хамба, Байгаль далай, Улаан-Үд гэх хөтөлбөртэйгээр аян замдаа гарсан юм.

Аялал дөрвөн хоног таван өдөр адал явдалтай аминч яриа ихтэй, дуу хууртай, дурсамж хөөртэй үргэлжлэв. 40 гаруй зорчигчийн суудалтай улаан өнгийн автобусандаа дискодож, дуулахдаа дуулж, бүжиглэхдээ бүжиглэж, зарим нэгнийг нь хошигнож хэлснээр “сэтгэлийн дискотой”-гоор аяллаа үргэлжлүүлэв. Аялагч сэтгүүлчдэд яриагүй сэдэв, хөөрөлдөөгүй хууч гэж байхгүй болов уу. Бидний дунд эчнээ танил ч  биесээ огт танихгүй, онцолж танилцаж байгаагүй сэтгүүлч олон байв. Хоорондоо танилцах сайхан боломжийг Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооныхон энэ удаад олгов.

Энэхүү аяллыг “Мазаалай Номадик тур” аяллын компанийн менежер Д.Содномсамдан удирдан чиглүүлж, өөрөө хөтчөө хийж явсан юм. Түүний хувьд тал бүрийн авьяастай нэгэн аж.  Хонгор нутгийнхаа гавьяат Д.Сосорбарамынхаа дууг дуулна гэж янзын. Араас нь залгуулаад агуу яруу найрагч Р.Чойномын шүлгүүдээс уянгалуулна.
 
Ямар сайндаа сэтгүүлчид “Самдан ч сайхан дуулдаг буян юм даа. Хоолой нь цуцна гэж үгүй шүү” хэмээн ярьж хошигнож байх вэ дээ. Очсон газар болгоныхоо үүх түүхийг ярьж сонирхуулна. Автобус хөдлөх тоолонд “За манайхаан бүрэн үү, байна уу, чиний хажуудах хаачсан бэ” гэж асуух нь яг л шалгагч шиг. Тийм л хариуцлагатай хөтөчтэй тав хоног хамтдаа аялав.
 
Аяллын маршрут өнгөрсөн сарын 25-нд Нийслэлээс хөтөлсөн бөгөөд эхний очих цэг бол Аглаг бүтээлийн хийд байлаа.
 
Байгалийн өвөрмөц тогтоц, хүний гараар бүтээсэн бурхан шашны гайхамшигт бүтээлүүдийг гороолон үзэж, нүд сэтгэлээ баясгаж, нүгэл хилэнцээ наминчлав. Найман төрлийн шувуунд будаа өгч, буян санасаар уулын оройгоос бэл рүү бууж ирэв. Хөөрч догдолсон бид автобусандаа суугаад хөдлөнгүүт багшийгаа хаяснаа мэдэж “бажигдав”. Аргагүй шүү дээ, 40 гаруй хүн нэг хүнийг анзаарах сөхөө байхгүй биз. Буцаж эргэж Сайхнаа багшийгаа авснаас хойш автобуснаасаа бууж суух болгондоо “Багш байгаа юу” гэж байн байн асууна.
 
Ингээд аян замаа Аглагийн хийдийн бурхан шүтээнд даатгасан аялагч бид “Урьхан” зоогийн газарт саатаж, хоол идсэнээр Улаан-Үдийг зорих их зам маань шулуурсан юм.
 
“Амьд бурхан” гэх Итгэлт хамбадаа мөргөж, амь нас буян заяагаа даатгалаа

Монголын Алтанбулаг, Буриадын Хиагтын боомтоор хил нэвтэрч, өглөөний нартай уралдан Иволгин дацан буюу Итгэлт хамбадаа мөргөхөөр ирлээ.“Амьд бурхан” гэж нэрлэгдсэн Итгэлт хамбад мөргөхөөр манай аялагчдын зарим нь монгол дээлээрээ гоёжээ.

Учир нь дээлтэй их өргөөнд нь орвол Итгэлт хамба ихэд баярладаг юм гэнэ лээ. Хүзүүн дээрээ шар, цэнхэр өнгийн хадаг тавьсан хүмүүс Итгэлт хамбадаа сүслэн залбирсны дараа Иволгин дацан дахь хүслийн чулуунд хүслээ шивнэж, мөнгөний даллага авдаг гэх модонд хэтэвчин дэх мөнгөөрөө даллага авч хийдүүдийг гороолон тойрч, эрүүл энх, саруул сайхныг хүсэн залбирах нь сэтгэл сэргэм, итгэл төрүүлэм таатай сайхан санагдаж байсныг нуух юун.
 
Сибирийн хөх сувдны дэргэд сэтгэлээ сэргээсэн хоёр хоног
 
 
Монголчууд сүсэглэн залбирдаг энэ шидэт дацангаас цааш хөдөлж, Улаан-Үд хотыг дайран, зорьсон газар болох Байгаль нуурыг зорилоо.
 
Битүү ой шугуй дундуур 150 гаруй км газар давхиж, “Сибирийн хөх сувд”-ын эрэгт ирж, байгалийн сайхныг нүдээрээ харж, гараараа мэдрэх юутай сайхан, юутай гайхам юм бэ.Их хотын чимээнээс холдож, орчноо өөрчилж тархиа амрааж чихээ онгойлгох нь хамгийн тансаг мэдрэмжүүдийн нэг буюу хамгийн тансаг амралт зугаалга байв.  Биднийг очиход зах хязгаар нь үл харагдах цагаан саарал далай угтсан юм. Аян замдаа бага зэрэг алжаасан сэтгүүлчид автобуснаас буухтай зэрэгцэн зах хязгаар үгүй далайг хараад “Хөөх” хэмээн уулга алдан буухад “Зори” амралтын газрын зохион байгуулагч Дарина хэмээх буриад эмэгтэй их найрсгаар угтаж авсан юм. Ингээд зохион байгуулагчийн хамтаар өрөөний хуваарилалт хийсний дараа оройны хоолонд нь оруулав.

Орос, Буриадуудын хийдэг хоол их гоё өвөрмөц амттай. Мэдээж эндхийн хоолыг төмс, талхгүйгээр төсөөлөх аргагүй юм. Таваглаад тавьсан хиам, салат, талх, боршны амт, үнэр гэж ванлий. Оройны хоолоо идсэн сэтгүүлчид гар бөмбөгийн талбайд гарч хоёр баг болж байгаад өрсөлдөөнтэйгээр тоглов. Зарим нь нуурын захаар зугаалахаар явсан бол зарим нь WiFi сүлжээтэй хэсэгт саатаж байгаа харагдах.  Ганцхан хэсэгт интернетийн сүлжээ ордог учир тэнд гэрийнхэнтэйгээ видео дуудлагаар холбогдож, ирсэн газрынхаа сонин сайханг хуваалцахаар “багшралдана”.
 
Ингээд үдшийн бүрий болж үнэгэн харанхуй айлчлахад аяны дөрөөгөө мулталсан аялагчид галын наадам хийж, ганц нэг шар айраг шимсэн шигээ цоглог хөгжмийн аянд хөлсөө гартал бүжиглэж,цэнгэн хөгжилдөж үдшийг өнгөрөөж, амарснаар Байгаль нуурын эхний өдрийн аялал өндөрлөлөө.
 
Ингээд дуг нойрондоо дугжирч байсан аялагчдын хоёр дахь өглөөг хөтөч Самдан сэрээлээ. Тэрбээр “явдаг” чанга яригчаар “Мазаалай номадик тур”аяллын хамт олоон өглөөний цайндаа ороод сургалтандаа суугаарай” гэж модон дунд цуурайттал зарлав.

Үүрээр бороо орсон учир жиндүүхэн өглөө угтав. Өглөөний цайны дараа орны бүтээлгээ нөмөрсөн хүүхнүүд гартаа үзэг бал, дэвтрээ барьсаар сургалтын талбайд цуглав. Хөтөлбөрийн дагуу “Amar Investment” ХХК-ийн захирал Ч.Сайхнаа “Хүний хөгжил” сэдвээр сургалт  хийх хуваарьтай. Сайхнаа багш дандаа асууж шалгаадаг бидэнд өөртэйгээ ярилцах, өөртөө дүгнэлт хийх боломжийг олгосонд баярлав. Нээрээ л нэгийг бодож, нөгөөг тунгааж дүгнэж цэгнэж баймаар...

Ингээд сургалтаа дууссаны дараа том усан онгоцонд сууж далайн нөгөө эрэг дээр гарч дурсгалын зураг татуулахаар хөдөллөө. Ингэж бидний цэнхэр нүдэн нууранд саатсан хоёр дахь өдрийн үд хэвийж нар жаргалаа.


 
Говиор аялах эрхийн бичгийг В.Батцэцэг хожлоо
 
“Мазаалай номадик тур”-ынхан азтай нэг сэтгүүлчийг говийн дархан цаазат гайхамшигт газруудаар аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Шагналыг шударга явуулах зарчмаар эхний удаад сэтгүүлчдийн дунд Итгэлт хамбатай холбоотой асуулт асуусан ч олон хүн нэгэн зэрэг хариулсан учир хариултыг цуцалсан. Ингээд дараа нь сугалаа явуулж азтанаа тодруулсан юм. Нэг гэсэн номерыг Shuud.mn сайтын редактор В.Батцэцэг сугалсан байв. Аз од нь гийсэн бүсгүй маань ирэх наймдугаар сард говийн дархан цаазат газруудаар “Мазаалай номадик тур”-ынхантай 10 хоног аялахаар болов.
 
Хар чавга, хатаасан жимс, архи, виски цуглуулсан “наймаачид”
 
Хур бороотой угтаж нараар үдсэн Байгаль нуурын хөвөөнд өглөөний цайгаа уугаад бид Улаан-Үдийн зүг хүлгийн жолоо заллаа.
 
Ингээд нийслэлийн төв талбай Ленин багшийн толгойн хөшөөтэй хамт гэгээн дүрээ камерын дуранд буулгацаав. Аяллын нэг хэсэг нь томоохон дэлгүүр хэсэх том ажил байв. Автобуснаасаа буугаад тал бүр тийшээ тарсан сэтгүүлчид буцаж ирэхдээ тор, хайрцаг дүүрэн бараатай ирэв. Ихэнх нь Оросын алдарт хар чавга буюу хатаасан жимснүүд. Цагаан архи, виски, коньяк, хүүхдүүддээ тоглоом наадгай гэх мэт.

Хөтөч Самдан болон автобусны хоёр жолооч, Б.Ганзориг дарга болон удирдах зөвлөлийнхөн хугацаанд баригдуулахгүй чөлөөтэй тааваар нь хүссэнээр нь дэлгүүр хэсүүлсэн гэж хэлж болно.

Энд хүрээд бидний аяллын хөтөлбөр хуудсаа хааж Улаанбаатарын зүг хөдөлсөн юм. Сонин байх гэж сонин байдаг. Сонинг бичих гэж сэтгүүлчид байдаг гэгчээр үзээгүй зүйлээ үзэж, мэдээгүй зүйлээ олж мэдэж, мэдлэгээ тэлсэн сайхан аялал болсон юмаа. Аялал сургалт таатай, тухтай, хөгжилтэй, танин мэдсэн, сэтгэл сэргээсэн сайхан.

Ажил хийгээд амьдралын минь нэг тод өнгө, том дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сэтгүүлчиддээ, энэхүү аяныг санаачилсан Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооныхондоо, сонирхолтой, хөгжилтэй аялуулсан “Мазаалай номадик тур”-ынхандаа баярлалаа.














О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-03 00:44:12
    о гэрэл еерийгее сэтгуулчид тооцож байгаа бол бичгийн чадвараа дээшлуул тийн ялгал мэддэггуй юм уу егуулбэрууд чинь буруу байна
  •  2019-07-03 00:37:40
    БАТ хаан оросыг гэгээрүүлээгүй бол оросууд сүрэл шаахайтай европын африк хэвээрээ л байх байлаа.
  • Бат 2019-07-03 00:26:04
    Түүх бол түүхээрээ Батүүл Ленины хөшөөг буулгаж билээ тэглээч гэсэн монголын нэг үеий л түүх бидний цөөхөн тэгээд тэнэг монголчуудаа гэж оросуудыг хар их гүрэн ...