Ц.Товуусүрэн: Үндсэн хуулийг ард нийтээр батлуулах эсэхийг УИХ шийднэ

Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэнтэй ярилцлаа.

-Үндсэн хууль батлагдаад 27 жил боллоо. Энэ хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх оролдлого цөөнгүй гарч байжээ. Хэдэн удаа ямар санаачлага гарч байв?

-1992 онд батлагдсан Үндсэн хуулиар анхны сонгууль болж байсан. 1992-1996 оны Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажил хийгдсэн. Нэг зүйлийг сонирхуулахад, 1992 оны Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн албан үүрэгт нь үл хамаарах аливаа ажил, албан тушаалыг хавсарч болохгүй гэсэн заалт байлаа. Тэгээд анхны Засгийн газар байгуулагдахад УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн болж байсан түүхтэй. Тухайн үед ажил их байсан учраас анзаараагүй байх. Харин 1996-2000 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд нэг бэрхшээл тулгарсан нь Засгийн газар байгуулагдаж чадахгүй их удсан. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж байж Ерөнхий сайдыг УИХ-д оруулах агуулгатай заалт байсан нь Ерөнхийлөгчид давуу эрх олгож байсан. Үүнээс болж зөвшилцөхөөс татгалзаж Д.Ганболд нарыг олон удаа буцааж байсан удаатай. Тэгээд 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гарч УИХ-аар баталсан нь одоогийн яриад байгаа долоон өөрчлөлттэй холбоотой. Гэтэл энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байдаг. 2000 оны УИХ-аар дээр дурдсан журмынх нь зөрчлийг арилгаад хэвээр нь батлуулсан.

Түүнээс хойш давхар дээлний асуудал яригдаж эхэлсэн дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өмнө 10 гаруй жил яригдаж байна. 2008-2012 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд гурван удаа ийм санаачилга гарсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Сүхбаатар, Сү.Батболд нар төсөл санаачилсан байдаг. Харин 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогыг долоон удаа хийсэн байдаг.

– 1992 онд Үндсэн хуулийг батлахад ард түмний санал, оролцоог хэрхэн тусгаж ирсэн бэ?

-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа 1960 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар Монгол Улсын төрийн байгуулалтад анх удаа өөрчлөлт орж Ерөнхийлөгчийг парламент буюу Ардын Их хурлаас сонгосон. Мөн Улсын Бага Хурлыг улс орныг зах зээлд шилжүүлэх эхний алхмуудыг хийх, Үндсэн хуулийн төсөл боловсруулж Ардын их хуралд өргөн барьж батлуулах үүрэгтэйгээр таван жилийн хугацаатай сонгосон байдаг. Улсын Бага Хурал1990 оны намар анхдугаар чуулганаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Ерөнхийлөгчөөр толгойлуулж байгуулсан. 1991 оны хавар Улсын Бага Хуралд өргөн мэдүүлж хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж зургадугаар сараас есдүгээр сарын хооронд ард нийтээр хэлэлцүүлэх тогтоол гаргаж байсан. Ингээд Ард нийтийн хэлэлцүүлэг гурван сарын хугацаанд явагдаж саналаа нэгтгэсэн. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын  900 гаруй мянган иргэн оролцож, 200 гаруй мянган санал гаргаж Улсын Бага Хурлын Тамгын газар, Ардын Их Хурлын ажлын хэсэг дээр нэгтгэгдэж ангилагдсан. Аль нь Засгийн газар, яамдын түвшинд, орон нутагт шийдвэрлэх боломжтой, аль нь төсөлд тусгах боломжтой санал юм гэдгийг ялгаж, тэдгээрийг тусгах замаар  Үндсэн хуулийн төслийг дахин боловсруулсан. Энэ төслийг дахин Улсын Бага Хурал дахин хэлэлцэж, 1991 оны аравдугаар сард Ардын Их Хуралд өргөн мэдүүлснээр 70 гаруй хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан түүхтэй.

-Тухайн үед иргэдийн саналыг ямар хэлбэрээр авч байсан юм бэ. Голдуу ямар санал ирж байсан бол?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 1991 онд иргэдийн саналыг авахдаа  Ардын Их Хурлын депутатуудын хүчийг ашигласан. Үндсэн хуулийн төслийг ард иргэдэд нэг бүрчлэн танилцуулсны дараа иргэд амаар, бичгээр, захидлаар, утсаар гэх мэт  олон хэлбэрээр саналаа ирүүлж байсан. Мөн иргэдийн саналыг тусгасан хурал цуглааны протокол ирүүлэхээс гадна сонин, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд саналаа ирүүлсэн. Өнөөдрийг бодвол хамаагүй бага хүчээр их ажлыг амжуулж байсан. 1.2 сая сонгогчоос 200 мянган санал ирнэ гэдэг бол Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг нь авч үзсэн гэсэн үг. Төрийн сүлд ямар байхаас эхлээд Монгол Улсыг хаант засаглалтай болгоё гэдэг санал хүртэл ирж байсан. Одоо бол хүмүүсийн мэдээлэл авах сүлжээ өргөн болсон учраас шинэ төслийн талаар хүмүүс хангалттай мэдээлэлтэй байгаа нь илэрхий.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр батлуулах ёстой гэдэг. Гэтэл ард нийтийн санал асуулга, ард нийтийн хэлэлцүүлэг гэсэн хоёр өөр нэр томъёо яригдаад байна?  

-Ард нийтийн санал асуулга, ард нийтийн хэлэлцүүлгийг хүмүүс ялгадаггүй. Ард нийтийн санал асуулга бол Монголын түүхэнд 1945 онд ганцхан удаа болсон. Монгол Улс тусгаар улс байх уу, үгүй юу гэсэн санал хурааж тусгаар улс байхаар шийдвэрлэсэн. Харин Ард нийтийн хэлэлцүүлэг бол төслөө танилцуулаад иргэдээс санал авна гэсэн үг.

-Тэгэхээр энэ удаагийн Үндсэн хуулийг ард нийтийн хэлэлцүүлгээр шийдвэрлэж болно гэсэн үг үү?

-Энэ удаагийн Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар шийдэх юм бол 1945 оноос хойш болж байгаа хоёр дахь санал асуулга болно гэсэн үг. Ер нь  УИХ-д төсөл өргөн барих, хэлэлцэж батлах хэд хэдэн шаардлага байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчихгүй байх ёстой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Төвбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, ХЭҮК зэрэг төрийн байгууллагуудаас санал авах зэргээр  тодорхой процедурыг дамжих ёстой. Ер нь энэ удаагийн төслийг хэлэлцүүлэх дараалал 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулж баталсан дараалалтай ойролцоо байгаа.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг болно. Үндсэн хуульд ард түмний саналыг тусгах, ард түмнээр батлуулах гэдэг үйл явц хэрхэн явагдах вэ?

-МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард түмнээсээ асууж байж Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тусгасан. Үүнийхээ дагуу 2016 оны сонгуулиас хойш УИХ, Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад онцгой анхаарч байна гэж ойлгож байна. 2016 оны сүүлчээр Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 42 заалт бүхий саналыг УИХ-д хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Зөвлөлдөх санал асуулга, явуулж тодорхой санал дүгнэлт гаргалаа. Энэ үеэр УИХ хоёр танхимтай байхыг дэмжээгүй. Мөн ард түмний оролцоог хангах гэдэг хэлбэрээр 2017 оны 6-9 дүгээр сард  иргэдийн саналыг авсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг иргэдэд танилцууллаа. УИХ-ын Тамгын газар дээр саналуудыг нэгтгэж байна.

Одоо найман байнгын хороо, намын бүлгээр гишүүдийн гаргасан саналуудыг авч үзнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ батлах уу, эсвэл Ард нийтээр хэлэлцүүлж батлах уу гэдэг шийдвэр гарна. Ард нийтийн хэлэлцүүлгээр батлах шийдвэр гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслөөр дахиад ард нийтийн санал асуулгын нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Хэрэв УИХ батална гэж шийдэх юм бол гуравдугаар хэлэлцүүлэг хийж гишүүдийн  дөрөвний гурвын саналаар батална.

-Ард нийтээр хэлэлцүүлнэ гэвэл нэг ёсондоо сонгууль болно гэж ойлгож болох уу?

-Ард нийтийн хэлэлцүүлгээр батлахаар шийдвэл сонгуулийн журмаар явуулна. Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, тойрог, хэсгийн хороо ажиллаж санал хураана. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь батлах эсэхэд сонгогчдоос нэг бүрчлэн санал хураана.

Сонгогчдын ирц хүрээд, талаас илүү хувь нь дэмжвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдана гэсэн үг. Энэ удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй бол дахиад найман жил хүлээнэ. Тиймээс боловсруулж, хэлэлцээд энэ хүртэл явчихсан юм чинь УИХ батална уу, эсвэл ард түмний саналаар шийднэ үү гэдгийн нэг талд гарах нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-03 23:00:54
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Зочин 2019-07-03 11:53:12
    Энэ өвгөн ард нийтий санал асуулгыг хэлэлцүүлэг гэж буруу тайлбарлаад байх юм