Эрсдэлийн үнэлгээний зорилго нь зөрчил илрүүлэхэд биш зөрчлийг үүсгэж байгаа хүчин зүйлсийг тодорхойлоход оршино

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэнд, боловсрол болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй нөхцөл шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байна. Үнэлгээний нэгдсэн дүнгийн талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраас тодрууллаа.

-Төрийн зарим байгууллагуудад хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцууллаа. Эндээс яриагаа эхлүүлье? 

-Манайхаас авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулж 2017 оны сүүлээр батлуулсан. Үүнийхээ дагуу 2018 онд 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ оны эхний хагас жилд төрийн 15 байгууллагын  чиг үүрэг, төсөв, шийдвэр гаргах үйл явц, эрхзүйн орчин, хүний нөөц зэрэг авлигын эрсдэл бүхий асуудалд тусгайлан чиглэсэн үнэлгээг хийлээ. Бид улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Өргөө” амаржих газар, МУИС, УБИС, АШУҮИС болон МИАТ, Монгол шуудан, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, Хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн үнэлгээг судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар хийлгүүлсэн юм.

- Эдгээр байгууллагуудыг сонгосон шалтгаан юу вэ?

-Хэдэн хэдэн шалтгаан бий. Шударга байдлын үнэлгээний судалгаанд хамрагддаггүй төрийн байгууллагуудыг сонгосон. Мөн иргэд ихээр үйлчилгээ үзүүлдэг гэдэг байдлыг нь харгалзсан. Жишээ нь эмнэлгүүд, их сургуулиуд. Их сургуулиудын хувьд бас төрийн алба, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарыг боловсон хүчнээр хангадаг төрийн өмчит учир сонгож үнэлгээ хийсэн. Төрийн өмчит компаниудын хувьд МИАТ, Монгол шуудан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагууд мөн л маш олон хүнд үйлчилгээ үзүүлдэг үйл ажиллагааны цар хүрээний хувьд том байгууллагууд.

Авлигын эрсдэлийн үнэлгээг төрийн байгууллага өөрийн санаачлагаараа хийдэг болох нь бидний үндсэн зорилго юм. Өнөөдөр 4200 гаруй төрийн байгууллага байна. Бид төрийн бүх байгууллагуудад өөрсдөө мөнгө гаргаад авлигын эрсдэлийг нь үнэлж чадахгүй шүү дээ. Тиймээс төрийн байгууллагууд төсөв, төлөвлөгөөндөө тусгаад өөрсдийнхөө эрсдэлийг үнэлүүлэх хэрэгтэй юм. Энэ талаар Авлигын эсрэг хуульд заасан байдаг. Бид аргачлалыг нь батлаад төрийн бус байгууллагуудаар хийлгүүлж байгаа нь нөгөө талаар бас үнэлгээ хийдэг газруудаа чадавхжуулж байгаа хэрэг юм. Төрийн байгууллагууд цаашид эдгээр байгууллагатай холбогдоод үнэлгээгээ хийлгүүлэх боломжтой.

Төрийн бүх байгууллагад урьдчилан сэргийлэх ажлыг нэг ижил байдлаар зохион байгуулах нь учир дутагдалтай. Эрсдэлийн үнэлгээ хийснээр аль байгууллагад юун дээр нь анхаарч ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, тухайн байгууллагын аль албан тушаалтан дээр голлож ажиллахаа төлөвлөх боломжтой болох юм. Ингэснээр урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө ч нэмэгдэх учиртай. 

-Төрийн байгууллагын авлигын эрсдэлийг хөндлөнгөөс үнэлүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Авлигын эрсдэлийг үнэлнэ гэдэг нь тухайн байгууллагад байгаа асуудлыг гаргаж ирнэ л гэсэн үг. Олон тооны төрийн албан хаагч авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Хэдийгээр хувь хүнээс шалтгаалах хүчин зүйл байгаа ч байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, тогтсон соёл, үнэт зүйлийн чиг баримжаа маш их нөлөөтэй. Авлигын эрсдэлийг ингэж үнэлэх нь үндсэндээ урьдчилан сэргийлэх ажил юм. Тухайн байгууллагад авлига, ашиг сонирхлын эрсдэл байна гэдэг нь зохих ёсоор үйлчилгээ, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэсэн үг. Энэ зөрчилтэй асуудал даамжирсаар хэн нэгэн албан тушаалтан нь хэрэгт  холбогдож байна шүү дээ. Тэнд байгаа асуудлыг илрүүлэхийн тулд л эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм.

- Үнэлгээнд хамрагдсан 15 байгууллагад нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ?

-Байгууллагуудын бүтэц, төсөв санхүү, шийдвэр гаргах явц, ил тод байдал, мэдээллийн хүртээмж, ёс зүйн шударга байдлын түвшин, өргөдөл гомдол шийдвэрлэлтэд тодорхой эрсдэл байна гэж үнэлгээг гүйцэтгэсэн төрийн бус байгууллагууд дүгнэсэн. Төсөв санхүү, хүний нөөц, худалдан авалтын ажиллагаанд авлигын эрсдэл өндөр байна. Авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага болъё гэсэн удирдлагуудын хүсэл, эрмэлзэл чухал. Хэдийгээр авлигатай тэмцэх хүсэл сонирхол бий хэмээн хэлж байгаа ч үйлдэл, үйл ажиллагаагаар нь илрэхгүй байна. Бид тухайн хүний бодлыг уншихгүй шүү дээ. Хийсэн ажил, үр дүнг нь харна. Худалдан авах ажиллагаа үндсэндээ асуудалтай. Хэлбэрийн хувьд хуулийн дагуу юм шиг харагдаж байгаа ч тийм биш байна. Цаана нь хууль бус үйлдлүүд маш их. Салбарын хууль, эрх зүйн акт болон тухайн байгууллагын хэмжээнд гаргасан тушаал, шийдвэр хоорондоо нийцэхгүй байх зэрэг эрхзүйн орчны зөрчил байсаар байна. Байгууллагуудын дотоод аудит, хяналт шалгалт маш сул байна. Эдгээр дотоод хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйл бас нөлөөлж байна. Дээд байгууллага, албан тушаалтны нөлөөлөл их байна. Тухайлбал сонгон шалгаруулалтад ороогүй, ажлын байрны шаардлага хангахгүй,  ёс зүйн асуудалтай, өөр газар асуудалд орж байсан  хүмүүсийг танил тал, намын харьяаллаар шахаад ажилд оруулчихдаг. Гэтэл нөгөөдүүл нь авлигын хэрэг, зөрчилд холбогдох, тендер будлиантуулах гэх мэт асуудлуудад орооцолдож байна. Тодорхойлсон эрсдэлээс цөөнгүй нь зөвхөн тухайн байгууллагын хувьд биш салбарын удирдлагын түвшинд шийдвэрлэх шаардлагатай, холбогдох хууль тогтоомж, төсөв санхүү, хүний нөөцийн хангамжийн хүрээний асуудлууд байна.

-Авлигын эрсдэлийг нь үнэлээд, асуудлыг нь тогтоочихлоо. Дараа нь яах вэ?

- Эрсдэлийн үнэлгээний зорилго нь зөрчил илрүүлэхэд биш авлигын эрсдэлийг бий болгож байгаа хүчин зүйлсийг тодорхойлох, түүнийг арилгах, таслан зогсооход оршдог. Дээрх байгууллагуудад авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлчихлоо. Одоо авлигын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Үнэлгээ хийлгэсэн байгууллага бүрийн онцлог, нөхцөл байдал өөр. Тиймээс манай Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс тухайн байгууллагын тогтоогдсон эрсдэлд тохирсон ажлыг зохион байгуулна.

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.