Тойм:Хаврын чуулган хаалтаа хийж, хоёр шүүгчийг цагдан хорилоо
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд хэд хэдэн том шийдвэр гаргасан долоо хоног байв.

Тодруулбал, хаврын чуулган хаалтаа хийж, ээлжит бус чуулганыг нээв. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ажлаа өгөхөөр болов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тал дээр Ерөнхийлөгч санал оруулав. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг ил болгов гэх мэт онцлох үйл явдал олон байв. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.
Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм.

Тэрбээр энэ бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна” хэмээн дурдсан бөгөөд Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж авахаар болсон  билээ.
 
Хаврын чуулган хаалтаа хийж, ээлжит бусыг нээв

Лхагва гарагт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж  Ерөнхийлөгчийн дээрх саналыг хүлээж авахаар болсон. Иймээс чуулганы хуралдааныг наадмын дараагаас буюу энэ сарын 16-аас эхлэн  үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор баасан гарагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийж, мөн ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулган  ирэх есдүгээр сарын 1 хүртэл хуралдаж нийтдээ 14 асуудал хэлэлцэхээр тогтжээ.

З.Энхболд ажлаа өгөхөөр болов

Энэ долоо хоногт  дуулдсан  содон мэдээний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар очих тухай байв.

Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаа өөрчлөх тухай мэдээлэл гарах болов. Харин З.Энхболд  наадмын дараа ажлаа өгнө гэсэн мэдээлэл байна.
 
Ш.Батхүүгийн хөрөнгийг ил болгов

“Жаст”-ын Ш.Батхүүгийн  хөрөнгийг ил болгов. Түүний нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Хоёр шүүгчийг цагдан хорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн хоёрыг нь цагдан хорих 461-р ангид цагдан хорив. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг хорьжээ.
 
Монголын анхны хурдны зам, Хөшигийн хөндийн нисэх буудал нээлтээ хийв

Баасан гарагт Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн  анхны хурдны замыг ашиглалтад хүлээн авах ёслол болов.
Энэ ажиллагаанд  Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо. Энэхүү зам нь нийт 32,3 км урт  бөгөөд  хоёр эгнээ нийт зургаан урсгалтайгаар баригджээ.

Мөн өдөр  Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын нээлт болж Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс оролцов. "Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг концессоор хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурав.

Энэ өдөр  шинэ нисэх буудалд "МИАТ" ХК-ийн "Боинг 737-800" агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдэж, газардсан юм.
Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс болж өнгөрөв

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлцэв. Энэхүү конгресст Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд дэлгэгдсэн байлаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-07 23:51:18
    шүүгчдийн 461 рүү хөврөх зам балраагүй үргэлжлжэх ёстой араас нь прокурор цагдаа гээд гинжин сүлжээ хөврөх ёстой
  • Ard 2019-07-07 14:12:55
    Avilgal abagchdiig tsaazaar avah huuli gargan batlah,guitsetgeliig ard tumend il bolgoh ni Mongol iig emh tsegtsend dor ni oruulna Mon huuhed huchindsen hun h...
  • зочин 2019-07-07 05:20:03
    Хамаг амьтан амарч анхаарал сарнисан хойно ээлжит бус хурлаараа Нэмэлт өөрчлөлтөө батлана гэнээ